20080527-IMG_8165

НҮБ-ЫН ХАМГААЛАЛТАД (I ХЭСЭГ)

ОНЦГОЙ БҮСЭД НЭВТЭРСЭН МИНЬ

2010 оны 5 сарын 27-ны өдөр 22:48 цаг

Монгол Бадарчин 1-р аян. 39 дэх төр.

Зааны Ясан Эрэг (Кот Дивуар) улс, Мaн хот хүрэх уулзвар дээр

Нутгийн микро автобус баруун хойд Африкийн харанхуй ширэнгэн ойн дундуурх засмал замаар явсаар нэгэн уулзвар дээр ирж зогслоо.

Гурван тал руу чиглэсэн зам тус бүр дээр гал түлж, тойрон суусан Африкийн Зааны Ясан Эрэг улсын босогчид байна.

Цэргийн эрээн мяраан хувцастай хүн орж ирээд, чанга хоолойгоор -За хүн бүр мөнгөө бэлдээрэй гэх нь тэр.

Автобусыг зогсоосон зэвсэглэсэн хүмүүс жолоочтой ярилцаж эхлэх үед арын суудалд сууж байсан нутгийн залуу надад хандан муухан англи хэлээр:

-За, энд босогчдын пост эхэлж байгаа юм. Үүнээс баруун зүг Либери. Харин автобусаараа цааш явбал босогчдын эзэлж авсан Ман хотын төв дээр очно гэж анхааруулж хэллээ.

-Босогчид оо?

Цагаан арьстай ази залуу иргэний дайнтай улсын босогчдын нутагт, шөнө дунд яаж өөрийгөө аргална даа гэж санаа зовсондоо тэрээр ийнхүү анхааруулсан байх.

Хэрвээ би цааш үргэлжлүүлээд явах юм бол Ман гэж цэрэг цагдаа, хууль дүрэмгүй, хүч зэвсэг, танил тал, мөнгө үйлчилдэг болсон газар шөнө дунд бууна. Харин энд үлдвэл гав ганцаараа алс хол нутгийн зэрлэг араатантай ширэнгэн ойн дунд зэвсэглэсэн босогч залуусын хүрээлэлд орно.

Хууль цаазгүй болсон Африкийн хотод одоо очвол босогчдоос гадна дээрэмчид, хулгайчид, согтуу хөлчүү хүмүүс, бас мансуурагчид бий. Олон бэрхшээлтэй тулгарна. Бас хонох байр олж чадах эсэхийг бүү мэд.

Гурван зам нийлсэн босогчдын энэ уулзварт бууж үлдэх нь дээр байх гэж бодлоо.

Микроны арын хаалгаар бууж байх үед босогчид жолоочтой татвараа тохирлоо. Намайг энд авчирсан тээвэр асуудлаа шийдсэн тул арын улаан гэрэл бүдгэрсээр харанхуйд замхарлаа.

Үнэт зүйл, боодолтой доллар дүүртэл нь чихсэн мэт харагдах том үүргэвчээ үүрээд иргэний дайны улмаас хоёр хуваагдсан Кот Дивуар улсын босогчдын нутагт оддын дор ганцаараа үлдлээ.

Харанхуйд зэвсэг барьсан олон залуус бусдаас өөр царайтай үүргэвчтэй над руу зэрэг зэрэг ширтэж, хоорондоо ямар нэг юм ярилцаж байгаа нь мэдрэгдлээ.

Одоо яана аа?

Энэ явдлаас нэг хоногийн өмнө…

123

“Монгол Бадарчин” төслийг дэмждэг бол эдгээр номуудыг авч уншаарай. Фейсбүүк дээр Амай “Тайвшир” хэвлэлийн хуудсанд нэгдэж, дараагийн боть гарах мэдээг хүлээгээрэй.

20080526-IMG_8055

20080526-IMG_8056

2008 оны 05 сарын 26

Монгол Үндэстний түүхэнд төдийгүй Хүн, түүнээс өмнөх нүүдэлчдийн түүхэнд хамгийн хол нутагт мөрөө гаргаж, юм үзэж нүд тайлах аянд яваад 2 жил хагас болоход  Африк тивийн 23 дахь төр, аяллын 39 дахь улс болох Зааны Ясан Эрэг (Кот Дивуар) улсын Абиджан нийслэлд ирсэн байлаа….

Кот Дивуар буюу манайхаар Зааны Ясан Эрэг “Айрикост” гэж дуудах энэ улсын шинэ нийслэл нь өмнө зүгийн далайн эрэг дээр оршино. Соёл урлаг төдийгүй эдийн засгаараа Африк тивдээ дээгүүр байгаа юм болов уу гэсэн мэдрэмж өндөр барилгатай далайн эргийн Нийслэлээс нь харагдаж байна. Африкийн бусад оронд энэ улсын дуу, соёлыг нь дагах нь элбэг.

20080526-IMG_8057

20080526-IMG_8058

20080526-IMG_8059

20080526-IMG_8060

20080526-IMG_8061

20080526-IMG_8062

Орон нутгийн тээврийн буудал дээрээс Ямоуссоукро хот руу явахаар шийдлээ. Хэдийгээр энэ хот Либери улс руу явах миний чиглэлээс холдон салж байсан ч 800 гаруй сая доллараар барьсан Христийн шашны сүмийг Африк тивийн голд харах нь миний зорилго юм.

20080526-IMG_8063

20080526-IMG_8064

20080526-IMG_8065

20080526-IMG_8066

20080526-IMG_8068

20080526-IMG_8069

Ватикан дахь Базилик сүмийг дуурайж барьсан нүсэр том барилга ширэнгэн ойн голд байдаг гэж сонссон.

Тус христийн сүмийн зургийг монголчууддаа үлдээх болохоор маш чухал.

20080526-IMG_8070

20080526-IMG_8071

20080526-IMG_8072

Иргэний дайнаас болж энэ улс хоёр хуваагдаад, хойд хэсэгт засгийн бодлогыг эсэргүүцсэн босогчид онцгой дэглэм, дайны байдал зарлажээ.

Буудал дээрх замбараагүй олон автобус дундаас хамгийн хямдыг нь сонголоо. (Жуулчинд дандаа илүү үнэ хэлдэг тул хооронд нь үнэ хаялцуулаад жинхэнэ үнийг нь мэд)

Ачаагаа алдвал хандах хүн, хариуцах алба байдаггүй улсуудад удаан аялсан болохоор үүргэвчээ ачааны хамгийн гүн рүү хийлээ. Араас бусад нутгийн зорчигч ачаа бараагаа тавьсан тул явдал дунд цүнхээ алдах аюулгүй болов.

Нутгийн хүмүүс үүргэвч үүрсэн жуулчин хойд зүгт явж буйг хараад гайхаж байлаа. Израилийн дайны үед бөмбөгдөлтөд өртөж буй хойд бүс рүү дан цэргийнхэнтэй хамт автобусанд явж байсан минь санаанд орно.

Африк тивийн эдийн засагт Дундад улс их нөлөөтэй байгаа нь хаа сайгүй харагдаж байна. Уул уурхай, барилга, зам засварын захиалга гээд. Африкчууд хуучны дарангуйлагч буюу колоничлогч байсан улсуудтай ажилласнаас үнэ багатай, найрсаг Дундад улстай ажиллах нь дээр гэж үзэж байна.

Өөрсдийн хийж чадах зүйлсээ хүртэл импортоор авч, үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж буй Африкийн улсуудыг анзаарахад манайд болсон үйл явдал харагдана.

Энэ улс хэдэн жил иргэний дайнтай байгаад гал зогсоох гэрээг саяхан байгуулсан боловч шарх нь сэдэрч, байдал тийм ч сайнгүй байгаа нь хүмүүсийн бухимдал, уур хилэнгээс мэдрэгдэж байна.

Ямоуссоукро хотод ирээд автобуснаас буух үед хамгийн том Ромын католик сүмийн оройтой адил нүсэр том барилга африкийн ширэнгэн ойн цаана харагдлаа.

20080526-IMG_8074

Эргэн тойронд иргэний дайнд нэрвэгдсэн ядуусын хороолол.

Хүмүүсээс хэрхэн тэр сүмд хүрч болохыг англиар асуутал хажуугаар явж буй таксиг нэг нь зогсоогоод, албан ёсны хэл францаар үнэ тохирч өгөөд, суучих гэж надад хэлэв.

Би туршлагатай аялагч хүн болохоор жолоочоос нь жинхэнэ үнийг асуухад бодит ханшнаас хэд дахин нугалсан хураамж надад хэлсэн байлаа. Машин хөдлөхийн өмнө надад сайн хүн шиг хандаж байсан залуу жолоочоос мөнгө авч буйг би ажиглав.

Намайг франц хэл мэдэхгүй ази гэж тэрээр эндүүрнэ.

-Би унаанд суухгүй гээд буулаа.

Хүнд цүнхээ үүрээд тэрхүү барилгын дээвэр харагдаж буй зүг рүү алхаж, нутгийн байдлыг ажиглав.

Африкийн энэ хэсэгт нэгэн сонин зүйл байдаг. Хүнийг дуудахдаа манайхаар бол нохой дуудаж байгаатай адил исгэрч, улмаар алгаа доош харуулан хуруунуудаараа дохино.

Бидний хувьд, монголчуудын хувьд энэ чинь доромжлол.Их эвгүй. Ялангуяа тээр хол сууж байгаа хүн өөр тийшээ явж байгаа намайг дуудахад бүр ч дургүй хүрнэ.

Ихэнхдээ очихгүй. Сонирхоод яваад очихоор ямар ч хэрэггүй юм ярина. Хийх юмаа олж ядсан улс олон гэж.

Манай нэг онигоо санаанд орлоо. Завгүй явж байсан хүнийг дуудаад, ирэхээр нь бррр бррр гэж чадах уу гэдэг шиг. Ха Ха Ха.

Өмнө нь сонсоод, үзэхийн мөрөөдөл болсон тэр сүмд очиж зургийг нь “Дэлхийн нэг өдөр” номдоо оруулж монголчууддаа үзүүлэхээр хадгалаад, дараа нь унаанд сууж, дараагийн цэг рүү аянаа үргэлжлүүлнэ гэж төлөвлөв.

Бүр болохгүй бол гэгээтэйд энд байр олж хононо.

Хот хоорондох замаас гараад сүм рүү хүрдэг зам дагав. Африкийн ширэнгэн ойн цаанаас нүсэр том Ром төрхтэй барилгын орой маш содон харагдсаар. Яг л хүн төрөлхтний суурин соёл иргэншлийн бодит түүх, Европын нэг барилгыг ширэнгэн ойгоос олдог Голливудын кино шиг.

Хэсэг явтал НҮБ-ын цэргийн хуаран харагдав.

Харуулын өндөр пост дээр автомат буу барьсан цэнхэр малгайтан өнцөг булан бүрт нь зогсоно. Хадаасан тороор оройг нь хамгаалсан хашааны дэргэдүүр алхаж явтал, Өмнөд азийн царайтай хоёр хүн хашаан дотроос:

-Хүүе, сайн явж байна уу? гэж муухан аялгуутай англиар мэндчиллээ.

-Сайн сайн

-Чи хаанах вэ?

-Монгол

-Нээрээ юу? Манай хашаанд ороод ир.

-Болох юм уу?

-Болно оо. Зүгээр гэх нь тэр.

Хашааны хаалга нээгдэж НҮБ-ын зэвсэглэсэн цэрэг намайг тослоо. Байшингийн гадаах буйдан дээр сууж байсан цэргийн дүрэмт хувцастай хоёр хүн босож мэндлээд намайг суухыг урьж, өөрсдийгөө танилцууллаа.

-Намайг Хошууч (Major) Мохиуддин.

-Намайг дэд хурандаа (Letenant Colonel) Мойнуддин гэдэг бид Бангладешийн энхийг сахиулагч батальоны энэ мужийн удирдлага. Энд манай өндөр цолтой цэргүүд байрладаг юм гэж өөрсдийгөө танилцууллаа.

20080526-IMG_8075

Миний туулж байсан улсуудад НҮБ-ын цэргийн зориулалттай байрлалуудыг харж байсан ч хэзээ ч дотогш орж үзээгүй юм. Дайны онцгой бүсүүдэд бол НҮБ гэдэг нь халдашгүй нүсэр байгууллага болохоор нэвтрэх зөвшөөрөл авах маш хэцүү.

Бараг боломжгүй.

Анхаарах: Иргэний дайнтай эсвэл дотоодын зөрчилтэй улсуудад зорчих ажилтай бол НҮБ-ын байр хаана байрлаж буйг урьдчилан мэдэж авах хэрэгтэй. Дараа нь Орос, Америк, Дундад улсуудын Элчин Сайдын яамуудын байрлалыг газрын зураг дээр олоод, өөрийгөө хаана байгааг тодорхойлоод, хойд зүг, өмнөд зүгээ нар, цагаар олоод, ямар ч үед аюулгүйн бүсийг олоод очих чадвартай болсон байх ёстой.

Нүүдэлчин шүү дээ бид…

Тал тал руу харсан галын цэгүүд, десант өнгийн бүтээлгээр бүрсэн байлдааны техникүүд. Тайвшрах эрхгүй, хэзээд гал нээхэд бэлэн цэргүүдийн харц.

Иргэний дайнд нэрвэгдсэн түмэн олны дунд.

Дэд хурандаа Мойнуддин:

-Би 2007 онд Монголд “Хааны эрэлд” гэдэг цэргийн бэлтгэл ажилд оролцож байсан гэж намайг гайхшрууллаа.

Монгол гэж сонсоод ийм дотно байсныг нь сая л ойлголоо.

Бид яриагаа эхлэх үед тэрээр цэргээ дуудаж намайг хооллож, аянд авч явах хоол хүнс бэлдэхийг тушаав. Тэрээр:

-Монгол надад маш их таалагдсан. Байгаль нь маш үзэсгэлэнтэй. Миний очиж байсан улсуудаас хамгийн сайхан нь. Боломж гарвал дахиад очмоор л байна. Бид “Таван богд” гэдэг газар байлдааны бэлтгэл, сургуулилт хийсэн. Танайх маш сайн бэлдсэн байсан. Надад маш олон зураг бий. Гандан, монгол бөхийн барилдаан, бас Чингисийн музейг үзсэн. (Намайг замд гарах үед ийм музей байгаагүй тул гадны хүнээс энэ талаар асуух эвгүй гэж бодлоо) Танай цэргүүд дандаа хосоороо, бас хагас гүйж явдаг байсныг би огт ойлгоогүй гэв.

Бид дотно яриа өрнүүлж байтал залбирах цаг нь болж тэд уучлалт хүсээд мөргөлийн өрөө рүүгээ явлаа. Би Бангладешийн мандуулсан далбааны өнгийг харахад ногоон өнгөн дээр улаан нар байсан тул Ислам шашинтай улс юм байх гэж анх бодсон нь үнэн байж.

Ислам шашинтай ихэнх улсын туг ногоон эсвэл ногоон өнгө орсон бас сарны зурагтай байдаг.

Хоёр дарга явсан хойгуур арай доод эрэмбийн цэргийн албан хаагчид ирж -Монголоо? Дэлхийг тойрч байгаа? 40 орноор аялсаан? гээд асуултуудаар булж эхлэв.

-Үүнийг бид чамд бэлэглэх гэсэн юм гээд ууттай БАНБАТ (Бангладеш Батальон 4) гэсэн бичигтэй зүйл нөгөө хоёр офицер бариад ирлээ.

НҮБ-ын цэнхэр өнгийн футболкон дээр НҮБ-ын лого бас БАНБАТ 4 гэсэн бичигтэй зүйлс байна. Мөн талх, жигнэмэг, жимсний чанамал зэрэг нэлээд их хүнсийг замдаа идээрэй гээд өгөв. Аян замын хугацаанд тэр бүр сайн хоол хүнстэй явж чаддаггүй болохоор энэ идэх юм маш чухал.

НҮБ-ын логотой футболк нь босогчдын нутагт аминд орно гэж төсөөлөөгүй юм.

20080526-IMG_8076

20080526-IMG_8080

20080526-IMG_8082

Дэд хурандаа:

-Чи өнөө орой бидэнтэй хоолонд орж амжих уу?

-Мэдэхгүй. Би энд сүм үзэхээр ирсэн. Цаашаа замд гарч, эсвэл хаа нэгтээ майхнаа зоож хонох байх.

-Зүгээрээ. Манай анги НҮБ-ын хамгаалалтын бүс болохоор гадны хүн хонож болохгүй. Гэхдээ гадаа нь майхнаа барихад манай цэргүүдийн хараанд байх юм чинь аюулгүй.

-Өө за, баярлалаа.

-Чи манай уулзалтын өрөөнд зурагт үзэж болно шүү дээ. Бас интернет хэрэгтэй бол хэрэглэ. Хоолны өмнө манай цэргийн ахлах цолтой албан хаагчдад аялсан орнуудынхаа талаар үзсэн харснаа ярьж өгвөл ямар вэ? Би залуучууддаа шинэ юм мэдүүлье.

-Бололгүй яахав.

Монгол Бадарчин төслийн гол зорилго бол үзсэн харснаа бусдад түгээх шүү дээ гэж бодоод бэлдэх хэрэгтэй зүйлүүдийг хэллээ. «Явсан хүнээс үг сонс»

Тэд хоолны зааланд том прожектор бэлдээд интернет холболоо. Би өөрийнхөө www.amai.mn вэб хуудас руу орж, үзсэн харсан хамгийн сонирхолтой зүйлсээ ярив.

Монголд алба хаасан өөр 2 офицер бас байсан тул Монголын сайтуудаас наадам, Монголын байгаль, Улаанбаатартай холбоотой хамгийн сонирхолтой зургуудыг үзүүлэв.

Хурлын өрөөнд гадны цэргийн албан хаагчид миний аяллын тухай богино 30 минут лекц сонслоо.

20080526-IMG_8084

-Амьдрал зөвхөн мөнгө, эд зүйл дээр тогтдоггүй, хүмүүс хамгийн гол нь сэтгэлээрээ сайхан байхад ямар ч зүйл бүтнэ гэж төгсгөлд нь хэллээ.

Ганцаараа ийм аялал хийх ямар аюултай, хэцүү болохыг тэд төсөөлж ядаж байв. Ялангуяа энэ улс шиг онцгой байдалтай улсад бүр хэцүү байх даа гэнэ. Мэдээж хүн бүрийн асуудаг асуулт давтагдлаа.

-Дэлхийг тойрч аялахад ямар зардал гарч байна?

-Ямар ивээн тэтгэгч (спонсор) чамайг даадаг вэ?

Санхүүгийн асуудлыг зөвхөн өөрийн болон гэр бүл, дотнын найз нөхдийн тусламжтай бүтээдэг гэдгээ хэлсэнгүй. Ивээн тэтгэгч нартай л гэлээ. Гаднынханд муугаа мэдэгдээд яахав. Монголчуудын түүхэнд анх удаа дэлхийг бүтэн тойрох аяллыг санхүүжүүлэх, дэмжих ганц ч компани, албан газар Монголд олдоогүй гэлтэй биш.

Офицерүүдийн ихэнх нь багаасаа дэлхийг тойрно гэж мөрөөддөг байсан ч мөнгө боломж олдоогүй гэнэ.

Бид ярилцаж байх хооронд хоолонд урилаа.

Өрөөний хойморт намайг суулгаж хүндэтгэл үзүүлэв.

20080526-IMG_8086

20080526-IMG_8087

20080526-IMG_8088

20080526-IMG_8089

20080526-IMG_8090

Байнга чанар муутай гудамжны хоол идэж байсан надад цэвэр, зориулалтын гал тогоонд хийсэн баруун өмнөд Азийн хоолны амт хэзээ ч мартагдахгүй.

Монголчууд аяны хүнийг цай хоолоор дайлж, нутаг усныхаа тухай сайн мэдээ зочиндоо үлдээдэг сайхан ёсоо өнөөгийн даяарчлагдаж буй үед битгий гээгээсэй.

Манай сайхан оронд аялсан хүн бүр Монгол хүний зочломтгой тусч чанарыг насан туршаа дуурсаж, хойч үедээ үлгэрлэн байгаасай.

Бангладешийн цэргийн албан хаагчдын байдлыг ажиглахад дээд цолтой хүнээ маш их хүндэтгэн, тушаалыг ёсчлон биелүүлдэг юм байна.

Миний ширээнд үйлчилж байгаа нь яг л өндөр зэрэглэлийн хүлээн авалтанд хүндэт зочноо дайлж байгаа мэт.

Дараагийн улсад байгаа манай энхийг сахиулагчид намайг яаж хүлээж авах бол оо? гэж бодогдоо.

Бид хооллочхоод аяллын талаар яриагаа үргэлжлүүллээ.

Монгол соёл, Чингис хаан гээд ярих зүйл мундахгүй.

Нэлээд хугацаа өнгөрсний дараа оройтож, маргааш хүнд хэцүү зам туулах  тул унтаж амрах нь дээр гэж бодлоо.

Тус багийн удирдлага хоорондоо ярилцаад намайг НҮБ-ын цэргийн анги доторх зочдын өрөөндөө амраахаар болов.

Би түүнийг нь мэдэлгүй майхнаа босгох юм бодож байтал нэгэн цэрэг ирээд намайг дагуулан явж маш сайн тохижуулсан хүндэт зочдынхоо өрөөнд оруулав.

Уг нь НҮБ-ын бүсэд гаднын хүн зөвшөөрөлгүй байлгахыг хориглосон журам байдаг ч хүн чанар хүнлэг сэтгэлд хязгаар үгүй ажээ.

Цэргүүд уух ус, жимс, жигнэмэг, ундаа гээд ширээн дээр ойр зуурын бүх зүйлийг бэлдлээ. Халуун хүйтэн устай душ өрөөгөө үзүүлээд, хэрэгцээтэй зүйл байвал хэлээрэй гээд намайг орхив.

Энэ бол дайны онцгой байдалтай байгаа Кот Дивуар улсын БАНБАТ 4 гэдэг НҮБ-ын цэргийн бүс.

Намайг энд хонохыг зөвшөөрч, маш их хүндэтгэл үзүүлсэн нь 4 албан хаагчийн сэтгэлд Монголын тухай үлдсэн сэтгэгдэл байсан хэрэг. Монголдоо очихоороо гаднын жуулчдад туслах төв байгуулна.Хүний нутагт байх үнэхээр хэцүү шүү дээ. Хэл яриа, хаяг, хоол хүнснээс эхлээд…

Сүүлийн 8 оронд хэрэглээгүй халуун хүйтэн устай шүршүүрт орох үнэхээр сайхан байв. Өрөөндөө ороод сэрүүцүүлэгчээ (Air Condition) асаагаад, нутагтаа голын хөвөөнд майхны үүдээ нээгээд унтаж байгаа мэт маш тухтай мэдрэмж авч хэвтлээ.

Ихэнх улсад хямд буудал, эсвэл майхандаа хонож байсан тул шөнө сонор сэрэмжтэй байх нь хамгийн эхний дүрэм юм.

Хонож байсан буудлуудад бүрэн цоожтой хаалга гэж ховор. Зарим үед зүгээр л хадаас мушгиж эргүүлээд л болоо.

Коридорт хэн нэгэн явах үед сэрнэ.

Тэгтэл одоо нүдээ аниад, сүүлийн хэдэн дайн дажин, дотоодын хямралтай улсад анх удаа, хамгийн аюулгүйгээр НҮБ-ын цэргийн хамгаалалтад унтах болно.

Ямар сайхан юм бэ.

Цэв цэвэрхэн, анхилуун үнэртэй даавуу, сэрүүхэн агаар, хоол, жимс, ундаа ус гээд маш сайхан буудалд буусан мэт.

НҮБ-ын цэргийн албан хаагчид нь надтай “буу халах” хүсэлтэй байсан тул дарга нь шөнө болтол гадаа хамт суухыг зөвшөөрлөө.

Дайны цэгт цэргийн хашаан дотор удаан хугацаанд байна  гэдэг сэтгэл зүйн хувьд хэцүү болов уу гэж бодлоо.

Хил даваад монголчууддаа очно гэсэн бодол унтахын өмнө толгойд эргэлдэж байсан тул тэдэнтэйгээ учран золгохдоо чангаар тэвэрч, -Сайн байна уу? гэж монголоороо хэлэх ямар сайхан байх болоо гэж төсөөлөв.

Удаан хугацаанд, аюулгүйгээр тухтай амраагүйг хэлэх үү гэрээ санаж, бас сайхан зүүд зүүдэлж тайван унтлаа.

20080527-IMG_8091

20080527-IMG_8093

20080527-IMG_8094

20080527-IMG_8095

20080527-IMG_8096

20080527-IMG_8098

2008 оны 05 сарын 27. Өглөө.

-Би хаана байна аа?

Нөгөө л асуулт.

Өглөө бүрийнх шиг халуун бүгчим, нойтон чийгтэй биш сэнгэнэсэн сэрүүхэн байсан болохоор үргэлжлүүлээд унтаад л баймаар санагдлаа. Сайхан амарч хонолоо.

Юм бодоод хэвтэж байтал хаалга нээгдэж, нэг цэрэг өглөөний цай оруулж ирэв. Намайг сэрээсэндээ уучлалт гуйгаад гарлаа.

Цэргийн албан хаагчид бүгд боссон байгаа сонсогдоно.

Алс холын зам байсан тул эртхэн дөхсөн нь дээр гэж бодлоо.

Нүүр гараа угаагаад өглөөний цайгаа ууж, цүнхээ дахиад л баглалаа. Сүүлийн хэдэн жил давтаж байгаа болохоор юг хаана хийхээ сайн мэднэ. Зарим үед яаралтай юм олох, харанхуйд хувцсаа солиход зовлон байхгүй. Бараг өдөр бүр хийж байгаа тул бүх л зүйл байр байрандаа. Цэгцтэй.

Өрөөнөөсөө гарахад миний шинэ найзууд өглөөний шуурхай уулзалтдаа бэлдэж байв. Намайг цүнхтэй байгааг хараад:

-Чи яагаад ийм яаруу боссон юм бэ? Жаахан унтаад авахгүй. Манай энд хэд хонож алжаалаа тайлж болно шүү. Холын замд яваа хүн хааяа ч гэсэн амраад авахгүй гэцгээв.

-Баярлалаа. Би явахгүй бол болохгүй. Надад маш чухал ажил байгаа. Би энэ аяллыг хийх гэж бүх зүйлээ золиосолсон юм. Энд үнэхээр сайхан байна. Та нарын зочломтгой занг хүндэлж байна. Гэхдээ би зогсож болохгүй. Бас хилийн цаана манай залуус хүлээж байгаа гэж учирлав.

Тэд миний энэ аялал монголчуудад маш чухал гэдгийг ойлгосон тул амжилт хүслээ. Нэг дарга нь видео камер авчруулж бяцхан ярилцлага авлаа. Бүх албан хаагчид зургийн аппаратаа авчирсан байсан тул нэг нэгээрээ зургаа даруулав.

Дайны бүсэд “солиотой” ганц монголтой таарсан тухайгаа гэр гэртээ хариад ярих биз.

20080527-IMG_8099

20080527-IMG_8106

20080527-IMG_8107

20080527-IMG_8108

20080527-IMG_8109

-Чи манайд зочилсон онцгой хүмүүсийн нэг тул манай хүндэт зочны дэвтэрт тэмдэглэл үлдээх ёстой гээд НҮБ-ын БАНБАТ 4 гэсэн дэвтрээ нээлээ.

20080527-IMG_8110

Би санал хүсэлтээ санд мэнд бичиж, монголын агуу хэл соёлын баталгаа болсон монгол бичгээрээ овог нэрээ бичлээ.

20080527-IMG_8115

Сүүлийн зургаа бүгдээрээ даруулах болж, хойноо Бангладеш улсын далбаа, цэргүүд НҮБ-ын далбааг тогтоож, харин би онцгой газар бүрт намируулдаг тусгаар Монгол Улсынхаа далбааг энгэрийнхээ халааснаас гаргаж дэлгэв.

20080527-IMG_8103

Зогсолтгүй зураг даруулж байсан минь хамгийн сүүлд Пентатоник наадмын үеийг санагдуулна.

20080527-IMG_8116

-Хэрвээ чи Базеликийн музейг үзэх гэж байгаа бол бид машин гаргаж өгье гэж дэд хурандаа санал болгов.

-Баярлалаа гэж би догдолсон сэтгэлээр хариуллаа.

20080527-IMG_8117

НҮБ-ын цагаан өнгөтэй жийпэнд жолооч, бага зэргийн франц хэлтэй офицер, калашников автоматтай цэргийн хамт суугаад хөдлөв.

Машинаар яваад холгүй орших сүмд хүрэв.

20080527-IMG_8118

20080527-IMG_8119

20080527-IMG_8120

20080527-IMG_8121

20080527-IMG_8122

20080527-IMG_8123

20080527-IMG_8124

20080527-IMG_8125

20080527-IMG_8126

Маш том газар нутгийг эзэлсэн энэ сүм нэг л сонин харагдаад байлаа. Эргэн тойронд ой зүлэг, Африкийн тосгон, тэгээд Европын нүсэр том барилга. 800 сая долларын үнэтэй гэхэд итгэмээргүй. Монголчууд Орост 250 сая долларын өр төлсөн тухай шуугьж байхад энэ улсын ерөнхийлөгч байсан Феликс Уфуэ-Буаньи гэх хүн христийн шашны католик номлолд автан, гаднаас зээл тусламж авч байж ийм барилга барьсан байдаг. Тэрээр энэ сүмээ Ватикан Ст Пэтэрс сүмтэй адил хийсэн гэнэ.

Үүдээр нь НҮБ-ын цэргийн хамт төвөггүй орсон ч дараагийн дамжлага дээр зураг авах гэтэл ажилтан нь төлбөр нэхэв.

НҮБ-ын цэргүүд буцаж явах хэрэгтэй гэхэд:

-Хамт үзээд дараа нь намайг автобусны буудал дээр хүргээд өгч болох уу?

-Болохгүй, миний тушаалд чамайг зөвхөн энд хүргэх гэсэн байгаа. Хэрвээ хот руу явах юм бол одоогийн хамгаалалт хангалтгүй гэж тэрээр үнэн сэтгэлээсээ учирлав.

Жолоочоос гадна зэвсэгтэй 2 цэрэг хангалтгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж хэлэх гэснээ болиод яагаад энд ийм олон цэрэг цагдаа, НҮБ-ын энхийг сахиулагчид байгааг одоо болтол би тийм ч сайн ойлгохгүй яваа юм болов уу гэж бодлоо.

Цэргүүд явж, би Христийн сүмийн үүдэнд үлдэв. Орох гэтэл:

-Хүлээж бай, тайлбарлагч ирнэ.

-Зүгээрээ. Би өөрөө ороод үзье. Тайлбарлагч хэрэггүй гэлээ. Удалгүй нэгэн хүн ирж тайлбарлагчгүй бол сүм рүү оруулдаггүй юм гэв. Ингээд тайлбарлагчийг дагаад орлоо.

-Чи франц хэл мэдэх үү?

-Онц сайн биш. Гэхдээ чи англи хэл мэднэ биз дээ?

-Үгүй. Тийм ч сайн биш.

-Чи тайлбарлагч юм бол яаж жуулчдад тайлбарладаг юм бэ? Ихэнх хүн англи хэлээр ярина шүү дээ.

-Энэ улсад хүмүүс францаар ярьдаг юм. Англи хэл мэддэг хүн бараг байхгүй. Баруун Африк франкофон шүү дээ.

-Тайлбарлагч хийж байгаа юм бол англи хэл хамгийн чухал. Француудаас бусад нь ихэнх нь Англиар ярина гэж би хэлэв.

-Дотор зураг авч болохгүй

-Би сая зураг авах гэж бас мөнгө төлсөн шүү дээ!

-Зургийг хоёр давхраас л авч болно.

Үнэхээр их мөнгө зарж байж барьсан нүсэр том сүм, барилга.

Ард түмэн нь өлсөж, ядарч байхад өр зээл тавин барьсан барилга үнэхээр хүмүүсийн сэтгэлийг бүтээгчтэй нь ойртуулсан эсэхийг бүү мэд. Гэхдээ хөгжиж байна, соёлтой улс гэж бусдад, гайхуулахын тулд хамаг байгаагаа тавьж туудаг зан гурав дахь ертөнцөд түгээмэл байдгийн жишээ энэ.

Гэхдээ их хөрөнгөөр сүм барилаа гэж шүүмжилдэг хүмүүс байгаа ч бусдын хийж чадаагүйг зориглон хийсэн гэдгээрээ энэ улсын түүхэнд гавьяатайд тооцогдож магадгүй.

Хувьдаа завшиж, баярхаагүй урлаг шашны маш том бүтээл хийгээд үлдээсэнд хойч үе нь үүнийг үнэлэх бизээ…

Хоёр давхарт цахилгаан шатаар цуг гараад заалны зургийг дарав. (Сүүлд энэ сүмийн талаар илүү тодорхой бичих болно)

20080527-IMG_8128

20080527-IMG_8129

20080527-IMG_8130

20080527-IMG_8131

20080527-IMG_8132

20080527-IMG_8133

20080527-IMG_8136

20080527-IMG_8137

20080527-IMG_8138

20080527-IMG_8140

20080527-IMG_8141

20080527-IMG_8142

20080527-IMG_8143

20080527-IMG_8144

20080527-IMG_8146

20080527-IMG_8147

20080527-IMG_8148

20080527-IMG_8149

20080527-IMG_8150

20080527-IMG_8151

20080527-IMG_8152

20080527-IMG_8153

20080527-IMG_8154

20080527-IMG_8155

20080527-IMG_8156

Сүмээс гараад төв зам дээр очиж цааш яахаа бодлоо.

Нэг бол хот руу буцаж ороод нийтийн тээвэрт суух, аль эсвэл энд зогсож замын унаанд дайгдаад адал явдал хайх.

Хүлээхээр шийдлээ.

Эзгүй зэлүүд газар ганц сүм байгаа нь үнэхээр сонин. Хажуугаар өнгөрөх зарим машины хүмүүс -Юу хийж байгаа жуулчин бэ? гэсэн янзтай гайхаж, нутгийнхан өнгөрөхдөө гадны зочинтой хүндэтгэлтэй мэндэлж байлаа.

Нэлээд удаан суусны эцэст нэгэн жийп ирэв. Либерийн хил рүү явж байна гэхэд тийм хол явахгүй, дараагийн сууринд буулгая гэлээ. Хойно нь цүнхээ хийгээд машинд суутал 1 эрэгтэй, бас 2 хүүхэн байх агаад намайг юу хийж байгааг ихэд сонирхож байна. Машиндаа христийн сүмийн дуу намуухан тавихад нүд минь өөрийн эрхгүй анилдаж, гэнэт сэртэл Далоа сууринд ирсэн байв. Би талархал илэрхийлж цүнхээ үүрээд замын дагуу алхаж гарлаа.

Суурин ихээхэн хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд UN (НҮБ) гэсэн бичигтэй цагаан тэрэг олон харагдав. Нэлээд алхаж суурингийн нөгөө уулзвар дээр хүрлээ.

Замын залуус ирж, унаа олж өгч туслахыг санал болгов. Хүн бүр дор бүрнээ үнээ нэмж хэлнэ. Хөдлөлгүй тогтоосон үнэ хаана ч байхгүй тул байнга хулхидуулна. Би тэр олон шавааралдсан хүнээс залхаад ойрын цайны газар оров. Улс, улс дамжиж явсаар байгаад хоолны нэр үнийг тэр бүр асуухаа больсон юм. Хоолыг нь үзье гэж байгаад сонгож авна. Ямар орцтойг бүү мэд.

Хамгийн сонин хоолнуудын нэг…

Модон амбаарын дотор газар дээр түлсэн гал дээр томоо тогоотой хоол хутган зогсох хүүхэн байна. -Ямар хоол байгаа? Ямар үнэтэй? гэж ойр зуурын франц хэлээрээ асуутал шанагаараа шөлөө хутгаж байгаад дээшээ сөхтөл өндөг гараад ирлээ. Өөр юу байгаа гэхэд хутгаж байгаад тахианы гуяа, үхрийн мах, сүүлдээ загас гаргаад ирлээ. Ийм шөл байдаг юм байна.

Дотроо төрөл бүрийн хольцтой, энгийн үед бол огт идэхээргүй хоолоо тайван идэж байтал нөгөө хэдэн залуус намайг унаанд зуучилж ашгаа олох гэж тэсэн ядна хүлээнэ.

Нэг нь бүр тэсэлгүй

-Хурдан хоолоо идээч ээ! гэх нь тэр.

-Чи юундаа яараад байгаа юм? Би өөрөө унаагаа яриад олчихно гэж хэлсэн биз дээ хэмээн дуугаа өндөрсгөж байж арайхийн явууллаа. Ямар ч аргаар хамаагүй мөнгө олох гэж тэмцсэн дайны үеийн хүмүүс.

Унаанд гэдэс хоржигнохгүй л байвал зүгээр гэсэн бодолтой зам дээр гарч хэсэг алхаад хүн цөөнтэй газар зогслоо. Хүн бүр -Чи хаа хүрч явна вэ? гэнэ. Зарим нь сайхан сэтгэлээр, зарим нь үгүй. Юу ч хамаагүй өгчих гэж гуйна. Над шиг аялж байгаа хүн хэрэгцээнээсээ илүү нэг грамм ч зүйл авч явдаггүйг тэд даанч мэдэхгүй. Зам үед унаа барих гэж байх үед хүмүүс цуглачихна. -Олон хүн цугласан байвал хэн ч зогсохгүй шүү дээ гэж заримд нь учирлаж явуулна.

Арай гэж нэг автобус зогслоо.

-7,000 фр (12$)! гэхээр нь би зөрүүлээд 3,000 гэж хэлэв.

-4,000

-Үгүй, 3,500 гэж тохирлоо. Өмнөх бүх унаанууд мөн л 7,000 гэж байсан боловч сайн ярьсны эцэст үнийн хагасыг төлөв. Цүнхийг маань автобусны дээр тавиад намайг дотор суулгалаа. Эгнээ бүрт 4 хүнтэй манай микронуудаас дутахааргүй чихсэн байв. Явж байтал удалгүй цагдаа зогсоолоо.

Би Францчуудыг маш олон талаар хүндэлдэг. Дэлхийн хэмжээний загвар зохиодог, алдартай гоо сайхны бүтээгдэхүүн, франц вино, Эффелийн цамхаг, дуу хөгжим гээд.

Харин хамгийн тэнэг гэж болохоор зүйл нь полиц, жандарм гэдэг ижил үүрэгтэй 2 хүчний, хяналтын байгууллагыг бүтээж, нэг дор ажилуулдаг явдал байх.

Хэдийгээр Францад энэ хоёр байгууллага бие биенээ хянаж, хамтран гэмт хэргийн эсрэг ажилладаг ч Францын хуучин колони Африкийн орнууд энэ системийг хуулж аваад маш муугаар ашиглаж байна.

Энэ хоёр хүчний байгууллагын дарамт иргэдэд хүндээр тусаж байгааг өөрийн биеэр мэдэрлээ.

Анх хилээр орж ирэхэд 35км газарт цагдаа, жандармын 6 удаагийн шалгалт таарсан. Гол зорилго нь бичиг баримт шалгахдаа ч биш, ашиг орлого олох…

Цагдаа нар машин дахь хүмүүсийг буу гэлээ. Бүгд бууж нэг нэгээрээ бичиг баримтаа шалгуулж байхад 4 хүн ямар ч бичиг баримтгүй байв. Тэднийг цагдаа нар дарга дээрээ дагуулж оров. Бичиг баримтгүй хүмүүс орон нутгийн тээвэрт явахдаа цагдаад мөнгө өгөөд саадгүй өнгөрчихдөг байсан. Харин эд нарт мөнгө байгаагүй юм уу эсвэл бага байсан бололтой. Унжаад гуйгаад байлаа. Нэлээд удав. 15 хүн бараг хагас цаг тэднийг автобусандаа хүлээж суулаа. Яаж ийгээд жандармуудыг найрав бололтой эргээд ирэв.

Тэр дөрвөөс болж хүмүүс цагаа алдан хүлээснийг тоох ч үгүй унаанд суулаа. Хөдлөөд 10 минутын дараа дахиад цагдаагийн хянан шалгах цэг. Хадаастай урт мод тавьсан замын хажуугийн сандал дээр 5-6 цагдаа шүгэлдэж автобусыг зогсоолоо.

-Жолоочоо машинаа буцаагаад бидний өмнө зогсоо гэж тушаана. Хамгийн аймаар нь цагдаагийн хэцүү дарамтад хүмүүс яваандаа дасдагийг энд харна. Жолооч унаагаа ухраагаад тэдний өмнө зогстол -Бүгд гараад бичиг баримтаа үзүүл гэлээ. Дүрэмт хувцастай л бол их эрх мэдэлтэй болдог тул тэд хүмүүстэй мал шиг харьцаж байлаа.

Миний нүдэн дээр жолооч цагдаа нарт татвар өглөө. Харин нөгөө бичиг баримтгүй хүмүүсийг цагдаа нар дахиад саатуулав.

Автобусанд байсан хүмүүсээс хэн нь ч юу ч хэлсэнгүй. Би:

-Та нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Цагдаа нар та нарыг хүндлэхгүй байна шүү дээ.

-Дайн болж байгаа шүү дээ! гэж дэргэдэх залуу маань муухан англи хэлээр шивнэн хэллээ.

-Дайн дууссан биз дээ? Гал зогссон шүү дээ!

-Цагдаа нарт дэндүү их эрх мэдэл байдаг юм. Бид яаж ч чадахгүй. Тэд баривчлах эрхтэй шүү дээ гэж хөрш маань хүлцэнгүй нь аргагүй хэлэв.

Би ч хүмүүсийн адил хүлээн дуугүй суулаа. Цагдаа нар миний үнэмлэхийг шалгах үед “Official passport of Mongolia”, би сэтгүүлч гэж хэлэхэд тэд намайг оролдохгүй болгоомжлов. Өмнө нь энгийн паспорттай байхад цагдаа нар саатуулж, шаналгаад маш их дарамттай байсан юм. Төрийн эсвэл албаны гэсэн үг энэ нутгийнханд хүчтэй нөлөөлдөг бололтой.

Бүгчим халуунд цагдаа нар юм авах гэж 30-40 минут биднийг хүлээлгэж буйд миний тэвчээр барагдаж, бас бусдадаа тус болох гэж цагдаа нар дээр очлоо.

-Ямар сонин юм бэ? 20км газарт 3 шалгалт таарлаа. Та нар яагаад иргэдийнхээ эрх ашгийг хүндэлдэггүй юм бэ?

-Чи битгий донгос! Бид ажлаа хийж байна. Бидэнд бүхнийг хийх эрх байгаа. Чамд таалагдахгүй байвал чи тэр сайхан орон руугаа буцаад явахгүй юу гэж ахмад насны дүрэмт хувцастай хүн англиар хариулав.

Монголд цагдаа мөнгө шаналгадаг ч ийм улаан цайм биш. Төрийн албан хаагчид улс, эх орон, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ёс зүйтэй ажиллаж эхлэхгүй бол ямар ч хяналтгүй, төрийн нэр барьсан дарамтын нүсэр том хүчний байгууллага бий болж магадгүй юм байна гэдгийг эндээс ойлголоо. Оройтоогүй дээр урьдчилан сэргийлцгээе! Төрийн ажилтны амьдралын баталгааг юуны түрүүнд сайжруулах нь хэрэгтэй.

Халууныг хэлэх үү, ойр ойрхон зогсоож шалгаж байсныг хэлэх үү, уур хүрээд

-Таны нэр хэн бэ?

-Чи миний нэрээр яах гэж байгаа юм?

-Би сэтгүүлч. Таарсан хүнийг нэртэй нь хамт бичихгүй бол болохгүй шүү дээ гэлээ.

Эндхийн цагдаагийн хувцас дээр цол, нэрийг нь тусгай даавуун дээр шивээд тогтоохоор хийсэн байдаг ч ихэнх цагдаа нар цол, нэрээ хуулсан байв. Монголд цагдаагийн ажилтнуудын хувцас дээр дугаарын мэдээлэл тавьсан байдаг санагдана. Зарим улсын цагдаагийн хувцас дээр дугаар байдаг ч 10 оронтой дугаарыг алдаагүй цээжилдэг иргэн гэж ховор шүү дээ.

Кот Дивуарын цагдаа нар миний шийдэмгий байдлаас жаахан төвөгшөөж биднийг явуулах болов. Нөгөө хүмүүсийг ч бас аваад яв гэлээ. Яадаг болоо гэж дотроо түгшиж байсан ч сэтгэл зүйн жижиг судалгааг бас хийж үзлээ. Албан тушаалаа тэд буруугаар ашигладаг ч албан бичигтэй ажилтнаас бас жаахан эмээдэг байх нь.

Постоос хөдлөөд 5 минутын дараа дахиад шалгууллаа.

Би цагдаагийн өөдөөс хараад энэ удаад инээдээ барьж чадалгүй инээж эхэллээ. Цагдаа:

-Яасан? Яагаад дооглоод байна?

-Би дооглоогүй. Хэдхэн км-т ямар их шалгаж байна аа гэж бодсон юм гэв.

Үнэмлэхгүй нөгөө хэдэн хүнийг дахиад л буулгаад тэнд ярилцаж эхлэв. Бид хүлээсээр. Тэд буцаж машин дээрээ ирэхдээ биднээс уучлалт ч гуйхгүй суулаа. Тэднээс болж бусад хүмүүс олон цагаар хоцорч буйг мэдэхгүй, санаа зовохгүй байгаа бололтой.

Эргэж хөдлөөд мөн хэд хэдэн удаа зогссон болохоор төдөлгүй бүр хав харанхуй боллоо. Байдал бага багаар өөрчлөгдөж байгаа нь мэдэгдэж эхлэв. Цаг аль хэдийнээ 22 өнгөрч, маш өндөр хашаатай НҮБ-ын болон цэргийн постууд, дайны техникүүд олноор харагдаж эхэллээ. Бид явсаар ширэнгэн ойн голд нэгэн зогсоол дээр зогсож, эрээн мяраан хувцастай хүн орж ирээд:

- За хүн бүр мөнгөө бэлдээрэй гэлээ…

20080527-IMG_8160

20080527-IMG_8161

20080527-IMG_8164

20080527-IMG_8166

20080527-IMG_8167

20080527-IMG_8168

Horaayy..there are 12 comment(s) for me so far ;)

#1

Amai, bie chin gaigui bolj baigaa yumuu? bichleg dahin garj ehlej baihchin! Narlag deer baigaa zaluus bie chin mash muudsan gesen.

ganah wrote on 2008/06/18 - 00:52
#2

таны нийтлэлүүдийг байнга уншдаг,
та их зоригтой, монголыэ залуучуудад үлгэр дууриал үзүүлэхүйц зоригто аянг хийж байгаа шүү, таниар үнэхээр бахархаж байна.
Таны бие муудсан юмуу, биеэ сайн бодоорой, эх орондоо баатарлагаар эргэн ирэх тэр цаг мөчийг тэсэн ядан хүлээж байя, бие бодоорой,

соко wrote on 2008/06/18 - 11:09
#3

za zaluu bie ee sain bodoj baigaarai, haranhui shono baga yavj bai l daa africa ch tiim saihan gazar bish shuu dee, dain main geed l, za bolgoomjtoi aylaarai.
good luck man

garidaa wrote on 2008/06/21 - 03:03
#4

za ah huu bolgoomjtoi yvdag ym shuu irheeer chin jinhen baatariin ysoor ugtaj avnaa

amgaa wrote on 2008/06/30 - 11:12
#5

Sain baina uu?? Amai niitleliig chin unshij zuragiig chin vzdeg shvv… Mongoloos garsan tsagaas chin hoish … bie sain bodoj bolgoomjtoi baigaarai .AMJILT Hvsei

todko wrote on 2008/07/08 - 11:56
#6

aimar unheer aimar sanagdaj bn unheer hend ch baigaad bdaggui zorigtoi aaviin huu yum aa! za tgd bolgoomjtoi yavaarai da

Mandah wrote on 2008/07/15 - 11:08
#7

nz ni cote d gedeg gazar chine ovoo heden sar bolson ih hodolgoontoi gazar shvv enhiig sahiulah albanaas ajil j bailaa olon ch muu humuustei taar ch yablaa bolgoomjtoi yabaarai naaduul chine araas hutgaldag humuus shvv nz ni hurtel zondoo iim baidald orson hun buur baritsaalah gej uzne hehe sonin shvv

tuk wrote on 2008/07/17 - 22:02
#8

neerei bas chamd tuslaj baigaa humuust bugdend ni amjilt husii
bas chinii omnoos baylalaa gej helii

tuk wrote on 2008/07/17 - 22:05
#9

hi chinii bie chin sain bizdee. chamaig demjdeg shvv. hvnii gazar bie bodoj yavaarai

tovshoo wrote on 2008/07/25 - 19:25
#10

DEMJINEEE
HOO

DUDU wrote on 2009/05/21 - 07:32
#11

Bolgoomjtoi yavaarai. Olon mongolchuud chinii toloo burhand zalbirch baigaa gedegt itgeltei bna. Teneg zorig haana ch hereggui. Bas aimhai baival tuulai ch deerlehe. Goog Luck.

Boroo wrote on 2009/06/07 - 04:01
#12

hi sain uu amai chi tom muruudultei zaluu shvv chamd ayan zamd chin sain saihniig hvsie

Дугармаа wrote on 2012/06/23 - 16:12
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.