chimee-3

2007 оны 06 сарын 18.

Монгол Бадарчин 1-р аян. 27 дахь төр.

ӨАБНУ, Кейп Таун хот.

Бүтэн өдрийн турш ядраад бие нэг л тавгүй байлаа.

Яагаад ийм сонин мэдрэмж төрөөд байгаа юм болоо?

Кейп Таун хотын өвлийн цаг агаарын нөлөө юу? эсвэл агаарын даралтаас болж байна уу?

Шөнө дунд бие их хөлөрч, цочиж сэрснээ гэнэт саналаа!

Яагаад тийм их айдастай сэрсэн юм бол

-Олчихлоо! Зүүдэнд минь сонсогдсон тэрхүү ЧИМЭЭ байж.

MB book A5-zuulun copy

2006 оны 07 сар.

Арабын Бүгд Найрамдах Египет улс, Шарм Эль Шейх хот.

Египет улсад саатсаар хэдэн сар амьдарлаа.

Израильд зочилсон гэсэн шалтгаанаар намайг судан, ливи, саудын араб гэх зэрэг хөрш лалын шашинтай орнууд руу оруулахахгүй болов.

Египетэд ингэж гацсан нь намайг улам бүр бухимдуулж байлаа. Тэгээд аргаа барахдаа Египетийн бүх хотуудаар аялж, Суэц, Исмаилия, Порт-Саидын усан онгоцны буудал дээр Улаан тэнгисээр өмнөд зүг явах дарвуулт завь асууж, нэлээд хэдэн өдөр өглөөнөөс үдэш хүртэл хүлээсний эцэст нь Шарм Эль Шейх хотод суурьшив.

Нэг өдөр хүмүүс бөөн хөл хөдөлгөөн болж, ямар нэгэн зүйлийн талаар маш нухацтай ярилцаж байна.

Чухам юу болсныг тодруулбал, Израиль Ливаны дайн эхэлжээ. Арабын ертөнц бие биеэ дэмждэг тул Египет улс ийм дайнд олон удаа татагдан оролцож байсан түүхтэй гэнэ.

Хил залгаа оронд дайн, тэр тусмаа миний саяхан туулсан улсад бөмбөг унаж байгааг сонсоод юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй.

Надад Израиль улс гүн сэтгэгдэл төрүүлж, дотно санагдсан.

Тэнд үлдсэн найз нөхдөө бодоод, их санаа зовлоо.

Сири улсаас Ливаны виз авах боломжгүй байсан. Хил дээр нь очтол намайг Ливан улс руу нэвтрүүлээгүй. Тиймээс ямар улс байдгийг мэдэхгүй.

Намайг хил дээр нь очих үед Мухаммед гэх Лалынхны шүтээний хошин зургийг Данийн сонинд хэвлэсэн учир лалын шашинтай Ливанчууд эсэргүүцэн, үймээн самуун гаргаж, Данийн ЭСЯ-йг шатааж, улсдаа онц байдал зарласан байлаа.

Дайн эхэлсэн тухай хүн бүр ярьж байв.

Би дайн гэж яг ямар байдаг тухай ойлгож, дайны талаар тэмдэглэл хийхээр төлөвлөв. 3 хоногийн дотор бүх бэлтгэлээ хангаад Шарм Эль Шейхээс өглөөний автобусаар Израилийн хилийн зүг явлаа. Хил хүртэл тээврийн хэрэгсэл олох амаргүй байсан тул замдаа хэд дамжсаар хил дээр ирэв.

Египет найзууд маань миний сонин, бас аюултай шийдвэрийг ойлгохгүй гайхаж хоцров. Тэдний хувьд Израиль нь хамгийн заналт дайсан тул Дайнд Ливан улсыг дэмжиж, зарим нь намайг тийшээ явж байгаад дургүйцэж байв.

Орой хил дээр ирээд Египетийн талд паспортоо шалгуулав.

Миний визний хугацаа дууссан байсан ч тэд торголгүй сайн яваарай гээд нэвтрүүллээ.

Харин Израилийн хил дээр иртэл дайны байдалтай байгаа улсын хувьд шалгалт гэдгийг ёстой нэг үзүүлэх шиг боллоо.

Миний паспортыг үзээд нэлээд олон зүйл асуув.

-Монгол гэж би хэлэхэд:

-Худлаа ярьж байна. Та нар ийм өндөр нуруутай юм уу? гэнэ.

Хуруунууд дээр ямар нэгэн шингэ түрхэж үзлээ. (Энэ шинжилгээгээр дарь болон зэвсэгтэй харьцсан эсэхийг шалгадаг юм гэж хүн хэлж байсан юм). Дараа нь хоёр офицерын хамт нэг өрөөнд ярилцлагад орлоо! Тэд миний өмнө, болон хойно сууж, асуултад хариулж байх үеийн миний үйлдлийг нарийн хянаж байв.

Би Турк, Сири, Иордан, Египет гэх мэт лалын шашинт болон арабын орнуудаар зорчиж байсныг гэрчлэх гадаад паспорт дээрх визүүдээс үүдэлтэй ингэж шалгаж байв.

Аргагүй л “Израилийн хамгаалалтын дүрэм” юм даа.

Би өмнө нь Олон улсын харилцааны сургуульд сурч байхдаа Израилийн хамгаалалтын дүрмийн тухай бие даан судалж байсан тул асуулт хэрхэн тавих, ямар үйлдэл хөдөлгөөн хийж болохгүй хийгээд асуултад хариулахдаа зөвхөн нүд рүү нь харж ярих тухай гээд багагүй зүйлийг сайн сурсан байсан юм.

50 минутад Израильд хөл тавих эрхтэй боллоо.

Өмнө нь АНУ, Япон, Европын болон бусад улс оронд энэ туршлагаа хэрэглээд ямар ч бэрхшээлгүй хил нэвтэрч байсан юм.

Израилийн хамгаалалтын дүрмийг дэлхийн ихэнх орны хил гааль, нисэх буудлын болон тагнуулын газрууд ашигладаг. Манай улсын зарим тусгай албаныхан ч гэсэн ашигладаг юм билээ.

Монголын иргэд виз авах шаардлагагүй улсуудын тоонд Израиль багтдаг ч хил дээрээ маш хатуу шалгаж, нэвтрүүлэх эсэхээ шийднэ. Америк, Европын жуулчид хил дээр нь орж чадахгүй буцаж байхыг харсан.

Эмээ, өвөөгийн нэр, байшингийн өнгө, шашин, ямарваа нэгэн цэргийн болон тусгай алба хаасан, эсэх зэрэг олон асуултын дундуур намайг тагнуул эсэхийг лавлаж, ард суугаа байцаагч асуултад хариулах үеийн биеийн хөдөлгөөнийг хянаж байв.

Хөлөрсөн алгаа өмдөндөө арчих аргагүй байлаа.

Хил дээрээс Эйлат хот руу хэдэн минут яваад хүрэв.

Өмнө нь хоёр удаа ирж байсантай харьцуулбал энэ удаа хотод хөл хөдөлгөөн ихтэй байна. Хамгийн сонин санагдсан зүйл нь бүх клуб цэнгээний газрууд жирийн үетэй адил хэвийн хуваариараа ажиллаж байлаа. Хаа сайгүй наргиж цэнгэсэн залуус, паати, хөгжим хангинасан гудамж талбай.

Миний төсөөлөөд байсан дайнтай улс гэж хэлэхэд хэцүү.

Үеийн хэдэн залуустай танилцаад:

-Танай улсад дайн болж байгаа биз дээ? Тэгтэл та нар яагаад ингэж паатид байгаа юм бэ? гэж асуутал миний асуулт тэднийг огт гайхшруулаагүй бололтой тэд:

-Манай улс байгуулагдсан цагаасаа хойш л дайны онцгой байдалтай ирсэн. Тэглээ гээд амьдрал зогсчхоогүй. Бүх цэнгээний газрыг хаалаа гээд залуус бид юу хийх ёстой гэж?

Энэ юу гэсэн үг болохыг би хожим Хайфа хотод очоод ойлгосон.

Би хойд зүг, дайны бүс рүү явж байгаа гэхэд тэд

-Ямар солиотой юм бэ! Чи Монгол учраас ингэж байгаа байх тэ? гэж ам амандаа дуу алдацгаалаа.

Эндхийн наран шарлагын газар маш үзэсгэлэнтэй тул би эргэлзэх зүйлгүй аяны хөнжлөө засаад гадаа унтлаа.

Өглөөний нарнаар сэрж, далайн усанд сэлээд гарч иртэл ахмад насны хоёр хүн миний ойр суулаа. Тэдэнтэй яриа өрнүүлтэл эхнэр нь намайг гарынхаа хээг үзүүлээч гэв. Би ч яахав, тоохгүй үзүүлэв. Тэгтэл тэр ихээр гайхаж, маш сонирхолтой зүйлүүд хэллээ. Бид дайны тухай ярилцахад, хүү нь дуудагдаад дайн руу явсан гэнэ. Санаа нь зовж байгаа гэлээ.

Замын унаанд дайгдаад хойд зүг явах бодолтой байсан ч +30,+40 хэмийн халуунд нийтийн тээвэр ашиглах нь амар байлаа.

Автобус Тель-Авив хэмээх үзэсгэлэнтэй далайн эргийн хотын зүг явна. Замд цайны газар түр зогсож жаахан цэнэг авах гэтэл юмны үнэ Египет улсаас даруй дөрөв дахин их байгааг анзаарав.

Өмнө нь Израилиас Египетэд очоод юмны хямдханыг нь гайхаж байсан бол одоо эcэргээрээ. Фалафел авч идээд, цэргийн хаммер машин руу хартал дотор нь бүрэн зэвсэглэсэн 20 орчим насны, царайлаг хоёр охин миний зүг харан инээмсэглэн сууж байв.

Өмссөн бүх хувцас, тоноглол, зэвсгийн хамт 20-25 кг болдог гэж өмнө нь сонсож байсан санагдана.

Энд эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш армид алба хашна. Арми нь манай улс шиг гэрээс нь алс хол хуаранд аваачдаггүй. Оройдоо гэртээ харина, өдөр нь ажил сургуульдаа явна. Албаа хааж дууссан ч жил бүр цэргийн ангидаа бүртгүүлэх ёстой бөгөөд жил бүр богино хугацааны цэргийн бэлтгэл хийнэ. Хүн бүр өөрийн оршин суугаа шинэ хаяг, утасны дугаарыг төвдөө байнга мэдэгдэх үүрэгтэй. Нилээд сонирхолтой алба байдаг юм билээ.

Израиль улс нь дайтахад хэзээд бэлэн гэж хэлж болох арабын дөрвөн улстай хил залгаа оршиж, дотооддоо еврейчүүдийг үзэн яддаг араб Палестинчуудтай юм.

Дайны талаар замын турш бодсоор нар жаргаж бүрэнхий болохын хэрд Тэль-Авив хотын шинээр баригдсан автобусны төв буудалд хүрлээ. Эндээс санхүүгийн асуудлаа шийдээд хойд зүг явна.

Дундад тэнгис рүү харсан үзэсгэлэнтэй наран шарлагын газар байрлахаар шийдлээ. Зөндөө олон хүн бас гадаа хонож байна.

Үдэш гал түлж хоолоо хийж идээд, дайны талаарх хүмүүсийн саналыг сонсож, өөрийн бодлоо ч хэллээ.

Хаа сайгүй клуб, паартинууд үргэлжилсээр.

Наран шарлагын газрын кафенууд шөнө дунд хүртэл ажиллаж, тэнд нь бас хүмүүс дүүрсэн байлаа.

Дундад тэнгисийн эргийг дагаад өдөр шөнөгүй байлдааны Апачи нэх АНУ-д үйлдвэрлэсэн дайны зориулттай нисдэг тэрэгнүүд хос хосоороо хойд зүгийг чиглэн нисээд, тодорхой хугацааны дараа газар доргино. Буцах үед доор нь ил харагдаж байсан пуужингууд хэдийнээ үгүй болсон байна.

Далайн эрэг дээр хэд хонохдоо дайны байдал ямар байгааг сонсоод, хэрхэн хүрэх, юуг яаж үзэж мэдэх тухайгаа нутгийнхнаас сайн лавлав. Израиль руу Ливан улсаас гадна Палестинчууд байнга агаарын дайралт хийж бөмбөгдөж байгааг гэнэ.

Нэг залуутай танилцаж дайны халуун цэг болох Ашкелон хот руу өмнө зүг хөдлөв. Палестины Газаас байнга бөмбөгдсөөр байгаад тэр хот хүнгүй болжээ. Байх хугацаандаа бөмбөгдөлт мэдэгдсэнгүй.

-Тийшээ жаахан яваад л Газа хүрнэ гэж шинэ найз маань урд зүн зааж үзүүлэв.

Маргааш орой нь Ашкелоноос Тэль Aвив руу буцаж.

Удалгүй хойд зүг рүү явах автобус олж явлаа. Автобусанд голдуу зэвсэгт хүчнийхэн байв. Тэд намайг гайхсан харцаар ширтэнэ. Дайны зүг яваа үүргэвчтэй аялагч.

Автобус явсаар уулархаг хот руу дөхлөө. Өмнө нь Израильд ирэхдээ Хайфа хотыг алгассан юм. Ингэж ирэх гээд байж дээ. Автобусны төв буудалд дараагийн автобусанд сууж хотын төв рүү явсан ч яг хаана бууж, юу хийхээ сайн төлөвлөөгүй байсан тул жолоочийг гуйгаад төвд нь буулаа.

Дэлхийд алдартай “Бахайа” сүмийн цэцэрлэгийн өмнө зогсож байна.

Цүнхээ үүрээд Хайфа хотын төв гудамжаар хэсэг алхав.

Хөл хөдөлгөөнгүй, чимээ аниргүй нам гүм.

Тэль Авив-д байхад энэ хотыг хүмүүс яагаад сүнстэй хот гэдэг байсныг сая л ойлголоо.

Замд жуулчны төв харсан боловч дайны улмаас хаагдсан тул байрлаж болох газрын мэдээлэл авах бодол маань талаар болов.

Чив чимээгүй, нам гүм байдал нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлж байтал гэв гэнэт амьдралдаа сонссон хамгийн аймшигт ЧИМЭЭ дуугарлаа.

“Сирена” (Аюулын дохио). Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тухай кинонуудад гардаг аюулын дохиог анх удаа амьдрал дээр сонсов.

Чих дөжиртөл хангинана.

Үүнийг бодитоор сонсох ийм аймшигтай гэж өмнө нь төсөөлж ч байсангүй. Замын хажуугийн нэгэн баарны хаалга нээгдэж, хоёр араб залуу намайг дуудаад, -Гадаа байж болохгүй, дотор ор гэлээ.

Бааранд суугаад дохио дуусахыг хүлээв.

Ямар аймаар чанга юм бэ? Би тэсэхгүй нь ээ! гэсэн бодол толгойг гашилгах тэр мөчид эргэн тойронд бүх зүйл ямар ч хөдөлгөөнгүй, чимээгүй болчихлоо.

Аймшгийн чимээ ч зогссон байв.

Гэхдээ тайвшрах цаг болоогүй ээ.

Хүн бүр энэ анир чимээгүйн дараа юу болдгийг мэдэж байсан тул бүгд дуугүй хүлээсээр.

Эхний доргилт, дараагийн доргилт, тэгээд зогсолтгүй газар доргиж хол ойр бөмбөг унах их чимээ сонсогдож эхлэв.

Яг хэр удаан үргэлжилснийг санахгүй байна.

Цонхнуудыг нь хаасан бааранд ховстуулсан мэт суусаар, сүүлдээ зүрхнийхээ цохилтыг хурууны өндгөөрөө мэдэрч эхэллээ.

Тодорхой хугацааны дараа дахиад л нам гүм, анир чимээгүй байдал.

Босоод явах гэтэл хөл чичирч байв.

Залуус намайг түр суугаад халуун цай уу гэлээ. Хаана ч явсан араб хүмүүс монголчуудтай адил их зочломтгой юм гэдгийг улам бүр ойлголоо.

Замдаа ядарсныг ч хэлэх үү, бас дайны тухай анхны мэдрэмж маань цочирмоор байсан тул явах хүсэл, тэнхэл байсангүй. Бааранд нэг хэсэг суулаа.

Орой гудамж хөл хөдөлгөөнтэй болов. Баар ч үүдээ нээлээ. Орж ирсэн хүмүүс бүгд дайны талаар ярилцана. Дайны талаарх хүн бүрийн сэтгэгдэл, үзэл бодол өөр өөр байна. Бааранд Израилийн Палестин хүмүүс цугладгийг яриан дундаас нь ойлголоо.

Намайг ирсэн өдөр эсрэг тал 190 гаруй бөмбөг илгээсэн гэнэ. Хэд хэдэн бөмбөг хотын төв, наран шарлагын газруудад унасан аж. Хойд нутгаар нь илүү их хохирол учирч байгаа бололтой.

Араб залуучуудын зарим нь пуужин илгээж байгаа Хезбола бүлэглэлийг буруушааж, өөрсдийгөө Израилийн иргэд гэж байсан бол нөгөө хэсэг нь зөвтгөж, Израиль улс мөхөх өдрийг хүлээж байна гэлээ.

Миний байр суурийг тэд асуухад, -Над арабууд их таалагдсан, Сири, Йордан, Египет, Палестины Бэтхлэхэймд хүртэл зорчсон. Арабууд болон лалын шашинт ертөнцөд таван сар гаруй амьдрахад хүмүүс надтай сайхан харьцлаа. Хоорондоо барьцалдаж зууралдсан байхыг ганц ч удаа харсангүй. Мэдээллийн хэрэгслээр арабуудыг муу хүмүүс гэж бидэнд харуулж, ойлгуулахыг оролддог тэр нь худлаа байжээ гэлээ

Тэд надаас еврей үндэстний тухай миний бодлыг асуулаа. Би тэдэнд хандан, -Би еврейчүүдийг үзэн ядах шалтгаан байхгүй, тэд ч гэсэн надад сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Араб, Еврей хоёрын хоорондын асуудалд монгол хүн би аль нэгийг нь дээр эсвэл доор гэж үзэх утгагүй гэв.

Тэд намайг төвд үндэстэнтэй андуурч -Танай улсыг дундад улс эзэлсэн биз дээ? Та нар тусгаар тогтнолоо хүсэхгүй байна гэж үү? Еврейчүүд Палестины нутаг дэвсгэрийг эзлээд 50 гаруй жил болж байна. Бид яг Төвдтэй адилхан байгаа биз дээ? гэв.

Тэгэхэд нь би энэ сэдвийг зогсоохын түүс болов.

Орой хаана байрлахаа мэдэхгүй байсан тул тэднээс буудаллаж болох газар асуув. -Хажуу гудамжинд бөмбөгнөөс хоргодох байр байгаа, тэнд хонож болно гэв. Намайг урьж, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа гээд би цүнхээ үүрээд, бөмбөгдөлтөөс хоргодох байр луу явлаа.

Бөмбөгдөлт эхэлсэн өдрөөс хотын оршин суугчдын нэг хэсэг нь дүрвэж, нөгөө хэсэг нь хоргодох байранд оржээ. Хоргодох байр нь гудамжаар явж байхад ил харагдахгүй байна. Маш зузаан төмөр хаалгатай жижиг байранд очив.

Хаалгыг онгойлгоод доошоо шатар бууж, агаар нэвтрүүлдэггүй дахиад нэг төмөр хаалга нээлээ. Хаалганы цаана агааржуулагчтай сайхан тохижуулсан гал тогоо, зочны өрөө, ариун цэврийн өрөөтэй хорогдох байр.

Хөнжил гудас, хүүхдийн тоглоом, хөгжим гэх мэт ойр зуурын ахуйн хэрэглэл шалаар зулаастай.

Удалгүй хүмүүс нэг хоёроороо орж ирээд бүгд мэндийн зөрөөгүй, шууд ор, ороо эзлээд унтахаар хэвтэцгээв. Би ч гэсэн нэг сул орон дээр хажуулдлаа.

Нэг өвөө хажуудаа зөөврийн жижиг радиогоо асааж, түүгээрээ хибрү хэлээр мэдээ сонсож байгаа нь сонсогдлоо. Ийм том хоргодох байранд яагаад дөрөв тавхан хүн байгаа юм бол оо гэсэн бодол орж ирсэн ч нэг мэдэхнээ унтсан байв. Хэдэн цаг унтсаныг мэдэхгүй. Харанхуйд сэрээд гэрлээ асааж цагаа харвал үдийн 13 цаг болсон байлаа.

Урьд шөнө хамт хоносон хүмүүс ч аль хэдийнээ зам замаа хөөгөөд явцгаасан бололтой. Хоргодох байрнаас гараад өдрийнхөө тэн хагасыг харанхуй нүхэнд өнгөрөөсөндөө харамсав.

Израилийн 3 дахь том хот Хайфа ийм чимээгүй, хөл хөдөлгөөнгүй байгаа нь намайг хаана ирснийг дахин сануулах шиг болов.

Хүмүүсээс зочид буудлын хаяг асуугаад очиход ихэнх нь хаасан гэсэн бичигтэй угтлаа. Нэгэн буудлыг олоод ортол сэтгүүлчдийн байрлаж байгаа жинхэнэ халуун цэг нь байв. Хүн бүр гар утсаар ярьж, зарим нь зөөврийн компьютераа ашиглан интернетээр ямар нэг мэдээлэл бичээд байна. Ахмад насны нэг сэтгүүлч зурагтаар телевизийн бүх сувгуудыг ээлжлэн сольж BBC, CNN болон Израилийн сувгуудаас сурвалжлагаа бэлдэж байгаа харагдав.

Цай хоолоо идчихээд, зурагтаас бэлэн мэдээлэл олж, нутаг руугаа дамжуулж байгаа өвгөн сэтгүүлчийг хараад инээдээ барьж чадсангүй. Мэдээ нь “ДАЙНЫ ХАЛУУН ЦЭГЭЭС” гэсэн гарчигтай байгаа даа.

Би энд байрлахаар болж сэтгүүлчидтэй танилцлаа.

Хувиараа явж байгаа гээд хэлбэл тэд миний “солиотойг” гайхна. Тиймээс өөрийгөө Монголын сэтгүүлч гээд буудчихлаа. Хүн бүр над руу анхаарлаа хандуулж, эвэртэй туулай үзсэн мэт -Монгол оо? гэж дахин асуув. Тэрүүхэн хооронд бүхний хараа над дээр төвлөрөв.

Хэсэг сэтгүүлч сумны хамгаалалттай хантааз, төмөр малгай өмсөж, сурвалжлагын тоног төхөөрөмжөө бэлдээд халуун цэг рүү явцгаалаа. Харин би АНУ, Английн зурагчидтай хамт бөмбөг унасан газрууд руу очих болов.

Хотын удирдлага газар доорх метрогоо үнэгүй болгоод, бөмбөгнөөс хоргодох зориулалтаар хүмүүст ашиглуулж байна.

Бид хотын төвийн орших уулын орой дээрх буудал руу очлоо. Тэнд дэлхийн бүх телевиз радиогийнхон цугласан, дараагийн бөмбөгдөлт хэзээ эхлэх бол оо гэж битүүхэн хүлээн суугаа харагдана.

Тэд онцгой гоё зураг, эсвэл маш өвөрмөц мэдээлэл олохын төлөө амиа ч өгөхөөс буцахааргүй амьтад шиг санагдаж байв.

Газарт унаж буй бөмбөг бүр ямар олон хүний сэтгэл санаа, эд хөрөнгө, цаашлаад амь насанд хохирол учруулж байгааг зурагчид ойлгож байгаа болов уу? гэж асуумаар.

Нэгэн сэтгүүлчийн хэлснээр хэрвээ үнэхээр мундаг зураг (Бөмбөг унаж байгаа, тэсэрч байгаа, хүмүүсийн амь настай холбоотой) авч чадах юм бол карьер өсөж, мөнгө их олно гэнэ.

Сэтгүүлчдийн баг дундаас маш олон техник тоног төхөөрөмжтэй нэгэн телевизийнхэн хамгийн содон харагдаж байлаа. Хажууд байрлах дэлгэцийг нь хартал BBC Хайфа-гаас шууд мэдээлж байна гэсэн бичиг нүдэнд тусав. BBC-ийн дэлхий даяарх шууд нэвтрүүлгийг жаахан үймүүлж, дундуур нь монголчууддаа мэнд хүргэх юмсан гэсэн тэнэг бодол ч толгойд ороод гарлаа.

Фото сэтгүүлчдийг дагаад онцгой зураг хайхаар цааш явлаа.

Тэдний мэргэжлийн онцлогийг үнэхээр гайхмаар.

Би өөрийн дижитал аппаратаа Египетэд алдсан тул тэдэнтэй хамт зураг авах боломжгүй байсан юм. Нэг зурагчин намайг камергүй байгааг ойлгоод “Зүгээр, зүгээр. Маргааш хойд хил рүү явах замдаа үхсэн сэтгүүлч таарвал мэргэжлийн камерыг нь авчхаарай” гэв. Түүнийг тоглоод байна уу, жинхэнээсээ хэлээд байна уу, чухам аль нь болохыг тэр үед сайн ухаж ойлгосонгүй. Тоглоом бол маш сонин тоглоом байна даа гэж бодов. Дайны халуун цэгт удаан байснаас оюун санаанд нь өөрчлөлт орсон байх.

“Дайтаж байгаа цэргүүдээ дэмжицгээе!” гэсэн уриатай хувцас өмсөж, гартаа том самбартай бүжиглэж байгаа залуустай таарлаа.

Хотын төв шуудангийн барилга дээр унасан бөмбөгийн хохирлыг харлаа. Дөрвөн замын уулзварын нэг тал нь дэлбэрэлтэд өртөж, замын хажуугийн байрнуудын цонх тэр аяараа хагарч, хана нь харлажээ. Бөмбөг бетон саравчийг цөмлөөд газарт том хонхор үлдээсэн байна. Тэсэрсэн хэлтэрхийнүүд нь энэ хавийг бүхэлд нь сийчжээ.

Энд унаж байгаа бөмбөгнүүд дэлхийн хоёрдугаар дайны үеэс хэрэглэгдэж эхэлсэн Зөвлөлтийн катюшийнх. Сүйрэл харьцангуй бага байна. Гэхдээ өдөр бүхэн шахуу ийм бөмбөг унана гэдэг амаргүй байх.

Би сэтгүүлчдийн багийг даган маргааш өглөө хил хүртэл хамт явахаар тохиролцов. Унааны мөнгөө хувааж төлнө.

Сүнстэй хотын гудамжаар явсаар, ойр хавьд ажиллаж байгаа ганцхан бааранд орж стрессээ тайлахаар шийдлээ. Баар цөөхөн хүнтэй байв. Дөрвөн зүгээс ирсэн бид хөгжим сонсон хуучилж байгаад нэгэн царайлаг израиль охинтой танилцлаа. Илана надтай англиар ярьж байгаад санаандгүй орос үг хэрэглэхэд би ч бас муугүй орос хэл мэднэ гэдгээ дараачийн хэдэн өгүүлбэрээр нотоллоо. (Израиль улсын нийт хүн амын гуравны нэг нь Зөвлөлт Орос болон хуучны коммунист системтэй орнуудаас ирсэн байдаг болохоор орос хэл бас албан ёсны хэлд ордог юм) Цуг яваа сэтгүүлч найзуудаа түүнд танилцуулаад маргааш тэдэнтэй хамт хил рүү дөхөж дайныг төвөөс нь сурвалжлах бодолтой байгаагаа хэлтэл. Тэрээр -Битгий яв, тэгснээс бидэнтэй үлд! гэв. “Бидэнтэй?” гэж дахин асуутал тэрээр хоёр найз охидын хамт гурвуулаа амьдардаг гээд тэднийгээ танилцууллаа .

Тэр шөнө дайны тухай түр мартлаа.

Өглөө эрт босоод бусдаас хоцрохгүйн тулд эртхэн гарах гэтэл, Илана -Аюултай газар луу явах хэрэггүй, үлдээч гэж дахин гуйв.

Би нэгэнт төлөвлөсөн байсан тул буудал дээрээ шууд ирлээ. “Битгий яв!” гэдэг хоёр үг толгойд эргэлдээд байв. Үүдэнд бүгд бэлтгэлээ хангасан унаагаа хүлээж байна.

Хойд хил рүү явах унаа олох маш хэцүү бас чамгүй үнэтэй байв. Гадаа машины дохио сонсогдож. Унаанд суухаар гарахдаа бүгдэд нь -Сайн яваарай гэж хэлээд хаалгыг гаднаас нь хаалаа.

Дахиад уулзах болов уу гэж тэднийг хараад бодлоо.

ДАЙН БОЛ ДАЙН!

Илана дээр эргэж ирээд долоо хоногийг хамт өнгөрүүлэв.

Тэр өдөр Хайфа хот бас л чимээгүй дүнсийсээр.

Ямар нэг дохиолол ч алга.

Израилийн тал нэг өдөр галаа зогсоож байгаагаа мэдэгдсэн гэнэ.

Мэдээ сонстол, Хезбола бүлэглэл зэвсгээ Сири улсаас авдаг аж. Харин Сири улс зэвсэгт хүчнээ дайны бэлэн байдалд оруулснаа мэдэгджээ. Иордан улс нь АНУ, Израилтай сайн харилцаатай, харин Египет улс дайн зарлаж магадгүй гэж хэвлэл мэдээллийн бүх сувгаар ярьж, бэлдэж байлаа.

Миний мэдэхийн египет болон Сирийн хаа сайгүй цэргүүд, байлдааны төхөөрөмжүүд харагддаг байсан. Тэд байлдахад хэзээд бэлэн байгаа.

Египетийн ерөнхийлөгч Х.Мубарак албан ёсны мэдэгдэл хийж “Бидэнд дайн хийх сонирхол байхгүй” гэлээ. Энэ нь Израилийн талыг арай тайвшруулсан болов уу. Гэхдээ Хезбола бүлэглэл Израилийн хоёрхон цэргийг барьцаалснаас болж ийм том дайн эхэлсэн гээд бодохоор Мубарак ерөнхийлөгчийн хэлсэн үг тийм ч баттай биш байх аа.

Монголд байгаа найзуудтайгаа мессэжээр холбогдож, хэвлэл мэдээллийнхэнд энэ бүсээс яаралтай сурвалжлага хүргэмээр байна. надтай холбогдоно уу дамжуултал, зарим мэдээллийн байгууллага хэрэв тэдэнд мөнгө төлбөл болно гэсэн хариу өгсөн байв. Сонин байгаа биз? Монголын мэдээллийн алба ямар ч мэдээлэл авах сонирхолгүй юм байна даа. Эсвэл хүмүүс мэдээлэл өгөх гэж мөнгө төлсөөр байгаад тэднийг ийм болгочхов уу?

Миний энэ тэмдэглэл та бүхэнд хүрэхийн тулд нэлээд бэрхшээлийг даван туулж байгаа. Гэсэн хэдий ч би зориг тэвчээр гаргаж тэмдэглэлүүдээ орхихгүй байна. Дайны халуун цэгээс монголчууддаа мэдээ хүргэе гэсэн санаа гаргахад минь өөдөөс мөнгө нэхэж байдаг.

Үнэндээ жаахан гутарч байна шүү!

Манай телевиз, радиогийн олон улсын мэдээнүүд бусад орныхтой харьцуулахад дэндүү тааруу санагддаг. Гол төлөв бусад улс орны мэдээг боловсруулахгүй шууд орчуулан хүргэдэг. Хэт нэг талыг баримталсан тэнцвэргүй мэдээлэл байдаг.

Гадаад мэдээлэлд манай улс бие даан байр сууриа илэрхийлж, олон улсын үйл явдалд монгол улсын эрх ашгийн үүднээс хандаж байсан бол өнөөдөр манайд нэгдмэл үзэл баримтлал хэдийнээ бий болчихсон байхсан.

Цаг орчмын зайд байлдааны бэлтгэл хийж байгаа Сири улс хүн амаараа Израилиас хамаагүй илүү ч Зөвлөлтийн хуучны зэвсэглэлтэй тул хоцрогдсон улс юм.

Намайг Сири улсад байхад Ливан улстай харилцаа сайнгүй байсан тул Ливаныг өмөөрч Сири улс дайнд орох нь юу л бол гэж дотроо улс төрийн бяцхан дүн шинжилгээ хийв.

Гурав дахь өдрийн өглөө 08:15 цагт аваарын дохиолол дуугарснаар намайг сайхан нойрноос минь огцом сэрээчихлээ. Би яаран өндийж Иланагаас хоргодох байр луу хамт явахыг хүстэл “Унт” гэдэг хариу тушаал сонслоо. Монгол залуус ямар аймхай хулчгар юм бэ? гэсэн бодол төрүүлэхгүйн тулд би буцаад хэвтэв. Нүдээ хүчилж аньсан ч аваарын дохио дууссаны дараа юу болох бол оо гэж түгшлээ…

Бидний байр уулын Ливан руу харсан талд байсан тул эвгүй санагдаж байв.

Дахиад л таг чимээгүй.

Хөнжил дотор амьсгалаас өөр чимээ сонсогдохгүй.

Нэг доргилт, дахиад нэг доргилт. Удалгүй газар чичирч эхэллээ.

Найз унтсаар л. Шөнө яагаад айхгүй унтаж чадаад байгааг нь түүнээс асуутал -Хезбола бүлэглэл шөнийн цагаар бууддаггүй юм гэв.

-Яагаад? Дайн бол дайн шүү дээ гэхэд тэрээр:

-Израиль сансрын хоёр ч хиймэл дагуултай. Шөнө гал нээх юм бол хаанаас буудаж байгааг гэрлээр нь мэдэж, дайсны байг шууд устгах болно. Тиймээс нар гарсны дараа аваарын дохиолол дуугардаг юм гэж тэр надад ойлгуулав.

Илана ажилтай байсан тул найзуудтай нь хөгжим сонсож өдрийг өнгөрүүлэв. Үд дунд дохиолол дахиад дуугарсан боловч хэн ч тоосонгүй. Байнга сонссоор байгаад дасчихсан юм байх даа.

Маргааш нь наран шарлагын газар стрессээ тайлж, бүтэн өдөржин биеэ шарж хэвтэв. Байнга дайны түгшүүр, террорист дэлбэрэлтийн мэдээ сонссоор байгаад их бухимдалтай болж байна. Яагаад энэ улсад дайнтай ч бүх цэнгээний газрууд нь ажиллаж байгааг одоо л ойлголоо.

Бас л дохиолол. Бас л чичиргээн!!!

Газар том, бөмбөг жижиг гэж бодож өөрийгөө тайвшруулсаар өдрийг өнгөрөөлөө! Нэгэн өдөр наран шарлагын газраас буцаж ирээд хотын гудамжаар алхаж явтал гэнэт аваарын дохио маш ойрхноос дуугарч эхэллээ.

Энэ мөчид анх удаа бүх анхаарлаа аваарын дохиололд төвлөрүүллээ. Би 14 жил гаруй амаараа чимээ авиа гаргаж, 8 жил хөгжмийн продюсер хийж студид ажиллаж байсан туршлагатай хүн. Өмнө нь олон удаа ийм аваарын дохиололтой дайны тухай кино үзэж байсан ч бодит амьдрал дээр чимээ өөр байдаг ажээ.

Том хотууд ийм чанга яригчийг бүгдэд сонсогдохуйц байдлаар хаа сайгүй олноор нь байрлуулсан байдаг. Тэгээд ганц товч дараад л бүгд нэгэн зэрэг ажиллаж эхэлнэ. Хүний чих хамгийн ойр байгааг нь түрүүлж сонсоно, хормын дараа хэдэн километрийн алсад байгаа чимээ сонсогдоно. Ингээд хэдхэн хоромд тэнгэр тэр чигээрээ энэ аймшигт нүргээнтэй чимээнд автана. Үл тасалдах үхлийн энэ чимээг ар араасаа зууралдан эхэр татан улих аймшигт цуурай бас дагалдана. Та бүхэн төсөөл дөө.

АЙМШИГ…

Ийм зүйл бодоод зогсож байтал найз минь намайг угз татан хажуугийн дэлгүүр лүү дагуулж орлоо. Чимээ дуугарахаа байж, залгаад дахиад л өнөөх аниргүй дүлий байдал.

Шувууны жиргээ, шумуулын жингэнээ ч байхгүй.

Дэлгүүрт байсан хүмүүсийг анзаарч нэг харвал ховстуулсан мэт амьгүй харцнууд байна. Амьдралдаа хэзээ ч ийм хоосон харц харж байгаагүй. Хүйтэнд хөлдсөн мэт, ямар ч цэг дээр төвлөрөөгүй тийм харцтай хүмүүсийг дунд би бас их айлаа. Өмнө нь тэр бааранд байсан арабууд яагаад намайг цай уу гэснийг ойлгох шиг болов.

Зүрх минь түгшсэндээ цээжиндээ багтаж ядан цохилно.

Хэрвээ бөмбөг энэ гудамжинд унавал яана гэж бодонгоо том тавилгын араар орлоо. Тэнд байсан хүмүүс хоорондоо юу ч ярихгүй, бөмбөгдөлтөд чив чимээгүй зогсоно.

Энэ удаа газар нэг их удаан хөдлөөгүй ч миний амьдарч байсан газраас 120 метрийн зайд байсан 6 давхар байшин бөмбөгөнд өртөж сарампай шахуу болсон байхыг харих замдаа харлаа.

Гурван давхар орон сууцнуудыг дээврээс нь хонгил хүртэл нь цөм дэлбэлсэн байна. Давхар бүрийн шаланд үүссэн том нүхээр тэнгэр харагдана.

Миний явах цаг болжээ.

Тэр орой Израилийн тал маш хүчтэй, цохилтуудыг Ливаны нийслэлд өгсөн. Хойд зүгээс бүдэг бадаг чимээ чичиргээн мэдрэгдэхээс гадна тэнгэрийн хаяа дагаад олон өнгийн гэрэл гялбаж байв.

Хэрвээ дайн биш байсан сан бол ямар гоё өнгөнүүд вэ? Ямар сайхан тэнгэр вэ? гэж гайхшрахаар.

Гэвч энэ бол дайн, гэрэл анивалзах тоолонгоор үй түмэн хүний амь нас сүйдэж, хүмүүс ээж аав, ах дүү, элгэн садангаа алдаж, гэр оронгүй гуйлгачин болж байгаа гэж бодохоор хоёр нүдний нулимс аяндаа урсаж эхэллээ.

-Миний эх орны тэнгэр ийм гэрлүүдийг хэзээ ч бүү үзээсэй. Хэрэв манай хотуудад аюулын дохиоллууд байдаг бол тэр нь хэзээ ч битгий дуугараасай гэж мөнх хөх тэнгэртээ залбирлаа.

Израильд амьдардаг Палестин гэр бүлийн гурван хүүхэд Хезбола бүлэглэлийн бөмбөгөнд үрэгдсэн гэсэн харамсалтай мэдээг телевизээр үзэв. Гэтэл хүүхдүүдийн эцэг мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө энэ бөмбөгийг Аллах илгээсэн. Хүүхдүүдийнхээ амийг алдсандаа харамсахгүй байна гэж байв.

Баатрууд, цэргүүд биш гэм зэмгүй нялх хүүхдүүд шүү дээ! гэж шүүмжилмээр санагдаж байлаа.

Хэн нь ямар шашинтай, ямар үндэстэн байх нь над огт падгүй. Бүгд л аав ээжийн хүүхдүүд. Тэгээд хэн нэгний буруугаас болж амь насаа алдаж байгаа нь үнэхээр харамсалтай.

Израильчууд Ливаныг бөмбөгдөх бүрт 100-200 км цаанах чичиргээн хажууд унаж байгаа Хезболагийн бөмбөгнөөс дутахааргүйгээр газрыг доргионо.

Сүүлд мэдээгээр үзэхэд, эсрэг талын нэг дүүргийг бүхэлд нь газартай тэгшлэх хүчтэй бөмбөгнүүд Израильчууд илгээж байв.

Энэ тэмдэглэлийг яагаад “ЧИМЭЭ” гэж нэрлэснийг одоо та нар ойлгосон байх.

Маргааш нь би Тель Авив орж хэд хоноод цааш Египет рүү буцлаа.

Манайхан араб эсвэл лалын шашинтай гэхээр л муу хүмүүс гэж ад үздэг. Тэгвэл эдгээр улсуудаар очоод үзээрэй гэж зөвлөмөөр байна. Тэд хаа газрынхантай л адилхан сайн хүмүүс. Шашин нь ч гэсэн буддизмтай адил хүнийхээ төлөө. Гагцхүү зарим хүмүүс хувийн болон улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд тэдний итгэл бишрэл, шашин шүтлэгийг ашиглаж хүн төрөлхтний эсрэг бусармаг зүйлс хийгээд байна.

Бүгдээрээ дэлхийн ард түмнийг илүү сайн судалъя.

Монгол хүний байр суурь, эрх ашгийн үүднээс дүн шинжилгээ хийе.

Энэхүү тэмдэглэлдээ би хэн нэгнийг зөвтгөж, эсвэл буруутгахыг хичээсэнгүй. Энх тайван оршин буй монгол улсын иргэний хувьд, дайн дажин хэмээх аймшгийн дунд байж, бие сэтгэлээрээ мэдэрсэн, үзсэн хүний хувьд сэтгэгдлээ тантай хуваалцах гэсэн юм.

Миний тэмдэглэл танд ямар санагдах нь таны хэрэг.

Чухамдаа бие биенийхээ итгэл бишрэлийг үл ойшоож, оюун санаанд нь халдан дарамталсны улмаас үүсэж буй хүн төрөлхтний гамшигт дайнуудын нэгэн жишээг л би энд дурдлаа.

Аяллаа цаашид амжилттай үргэлжлүүлэх хамгийн анхны том шалгалт энэ байлаа. Намайг Африк тив хүлээсээр!

Хөгжимөө өсгөгчинд залгаж байгаад сонсоод үзээрээ

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

Bayarlalaa chamd, uneheer ih setgel gargaj bichsen baina! unshihad uneheer haramsaltai baina! hediigeer medeegeer hedhen min uutiin yaraltai medee garaad ungurch baigaad uzdeg baisan ch uneheer uurtuu, eh orondoo tusgaj awch baisangui! ene udaa uneheer sain oilgoj baina! HUN TURULHTUND DAIN HEZEE CH HEREGGUI! ULS ORON BUR DELHII EEJIINHEE ALGAN DEER ENH TUNH, EW NAIRALTAI ZEREGTSEN ORSHOOSOI!

Fear wrote on 2007/07/06 - 23:39
#2

so cool. you have been in haifa. during war time? An you were in Bahai garden. Good job.

Muugii wrote on 2007/08/22 - 21:37
#3

Amjit husie sonirholtoi bna. Dahij olon yum niitlej bhgui yu.

MAXIM wrote on 2007/08/23 - 10:54
#4

Bi izrael ornii tuhai sudlah gej bagaad sanamsargui chinii saitiig olood unshlaa ! ikh sonirholtoi blaa ! bi chamtai taniltsmaar bna aa ! namaig ochiroo gedeg Bi emch meregjeltei ! Bi izrael yavah gej bgaa yum ! nadluu mail bicheeree

ochiroo wrote on 2008/01/02 - 22:32
#5

Saihan niitlel baina,uneheer unshuurtai bolj.Ter yed ergej avaachlaa shuu.
Ene dain n hezee zogsoh yum bol doo,haramsaltai n hezee ch ugui baival yaanaa bible deer bichseneer bol..God Bless you!

Kappara wrote on 2008/07/07 - 19:04
#6

Hi Bi Itale-d surdag. 2 arab ohintoi hamt amidardag. Ted tiim hetsuu haragdaggui. Neg ni bur ih bayan ailiin ohin yum shig bn lee. Nadad l lav ter ohiduud yarvagar europ ohiduudaas hamaagui deer sanagddag

tamir wrote on 2008/10/19 - 19:49
#7

Энэ чиний шилдэг нийтлэлүүдийн нэг чинь яах аргагүй мөн байна !

Жавхлан wrote on 2010/05/19 - 02:40
#8

их сонирхолтой нийтлэл байлаа. Бөмбөгдөхийг нь хүлээх үе их аймаар юм.

Одхүү wrote on 2010/09/21 - 16:50
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.