Амай Монгол | Дэлхий Ертөнцийг Монгол Нүдээр » Зиндаа 2007.06.7 .Амай: Хүний амийг хэдхэн зоосоор үнэлдэг Советогийн оршин суугчид өдөр нь гудамжаараа явдаггүй

dsc05695.JPGТранс, электро хөгжмийн урсгалыг Монголд оруулж ирэн, хоёр ч цомог гаргасан Амайг залуус санаж байгаа байхаа. Дэлхийг тойрч, бүх улс орнуудаар орох зорилго өвөрлөсөн DJ залуу өөрийн дуу бичлэгийн студиэ зарж, үүргэвч үүрэн гарснаас хойш 1 жил 8 cap болоод байна.

Дайн самуунтай улс орнуудаар орж, Африкийн аюулт өвчнөөр хоёр ч удаа өвчилсөн ч шантралгүй аяллаа цааш үргэлжлүүлж байгаа тэрээр одоо Өмнөд Африк улсад байгаа бөгөөд аялал дундаа ч ороогүй. Үлдсэн 112 орноор аялахад Амай 5-6 жилийн дараа гэртээ ирэх юм. Түүнтэй цахим захидлаар ярилцсанаа хүргэө.
-Сайн явж байна уу? Амай, Яг одоо хаана явж байна вэ?
-Сайн байцгаана уу? Танай сонины уншигчид болон бүх Монголчууддаа мэнд xүргэе. Би гэрээсээ гараад бараг 1 жил 8 cap болж байна. Энэ хугацаанд 3 тив 27 орон, 500-гаад хот суурингаар дайрлаа. Одоо Африк тивийн хамгийн өмнөд улс Өмнөд Африкийн Кэйп таун /Саре Town/ гэдэг үзэсгэлэнтэй хотын өвлийн эхэн сарыг /2007.05.18/ үзэж байна.
-Хэн хүссэн нь дэлхийг ганцаараа тойрох шийдвэр гаргачихгүй. Тавьсан зорилгодоо хүрч байна уу?
-Яагаад? Хүн бүрт дэлхийг тойрох боломж байгаа шүү дээ. Хамгийн гол нь хязгааргүй мөрөөдөж, маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгээд бага багаар зорилгодоо хүрэх! Анх намайг жаахан байхад аав, ах бид хоёрт “ATLAS MIRA” гэдэг дэлхийн газрын эурагтай ном өгсөн тэр өдрөөс дэлхийг тойрох тухай мөрөөдөж эхэлсэн. 18 жилийн дараа хүслээ биелүүлж байна шүү дээ. Монгол улс дэлхийн түүхэнд хамгийн том гүрнийг байгуулсан, нүүдэлчний соёлын төв. Гэтэл өнөөг хүртэл дэлхийн 7 тивийг тойрсон монгол xүн байхгүй байна. Тиймээс “Amai Around” аяллыг хийж өвөг дээдсийн хүрээгүй, үзээгүй тэр газруудыг туулж Монголчууддаа шинэ газар соёлыг нээе гэж зорьсон. Энэ нь залуучуудад ч гэсэн шинэ орны мэдээлэл, аялах сонирхлыг төрүүлэх байх. Африк тивд Монголчууд бараг байхгүй, бүтэн тивд ганцхан Египет улсад элчин сайдын яамтай бол Латин Америкт элчин сайдын яам огт байхгүй. Анх дэлхийг тойрох төлөвлөгөөгөө Европ, Америк, Австрали, Ази гэж гаргаж байснаа сүүлдээ зориг орж Араб, Африк, Латин Америк тэгээд Антарктидыг туулахаар шийдсэн.
-Олон улс гүрнээр орж, нүд тайлж яваа нь сайхан ч ганцаардах, танихгүй мэдэхгүйн зовлон гарч байгаа биз дээ?
-Анх аяллаа эхлээд ганцаардаж, үргэлж нүүдлийн байдалтай байсан болохоор гэрээ, найзуудаа бас шоугаа санаж байлаа. Дараа нь хүмүүстэй маш хурдан танилцаж, шинэ орон, нөхцөл байдалд маш хурдан дассан. Шинэ газар цөөхөн хоноод л түүх, соёлыг сурч, хэлээр нь бага зэрэг ярьдаг болоход нутгийнхан гайхаж хүндэлдэг. Маш хурдан сурч, маш хурдан мартдаг нь Монгол хүний гений онцлог байх. Саяхан нэгэн асуудал гарсан, юу гэвэл миний паспортны хуудас дууссан. Миний байгаа Африкийн хамгийн өмнөд цэгт Монгол улсын төлөөлөл огт байхгүй учраас Гадаад хэргийн яамны сайдад хүсэлт гаргах бодолтой байна.
-Дэлхийн улс орнуудаар тойрон явж байхад манай Монголын тухай мэдээлэл хэр байдаг юм байна?
-Европын орнуудад Монголыг сайн мэддэг. Маш олон баримтат кинонууд гардаг, бөгөөд ихэвчлэн малчин, нүүдэлчин, Чингис хаан, ядуу эдийн засаг, гуйлгачин хүүхдүүд, ган зудны тухай. Сүүлийн үед “Weeping Camel” оскарт нэр дэвшсэн киног хүмүүc их ярьж байсан. Би ч Африкт байхдаа үзсэн, маш их таалагдсан. Tүүнээс гадна гадаадад оюуны хомсдолтой, хромсомын дутагдалтай хүмүүсийг “Монгол” гэж нэрлэдэг юм байна. Тиймээс чи хаанаас ирсэн бэ? гэсэн асуултанд Монгол гэж хариулахад инээлдэх үе байдаг. Үүнийг нэгэн түүх тайлбарлахдаа Монголчууд дайчин хүмүүс байсан, дайсныхаа сэтгэл зүйд нөлөөлж, айлгахын тулд хүний мах иддэг эсвэл солиотой хүмүүс гэж ойлгуулдаг байсантай холбоотой ийм нэр томъёо бий болсон гэж байсан. Харин өөр хүн шизотой/ сэтгэцийн өвчин/ хүмүүсийн нүд солир эсвэл ази шиг онигор байдгаас ингэж нэрлэсэн гэж тайлбарласан. Европ, Араб, Африкт маш олон аюултай тохиолдлуудад би Монгол гэж хэлээд ямарваа нэгэн зодоонгүй асуудлыг шийдвэрлэж байсан. Тэд биднийг нисдэг эсвэл тааралдсан болгоныхоо хүзүүг мушгидаг гэж боддог юм шиг байна, хэ хэ. Миний аав МУИС-ийн түүхийн багш профессор Цээнноровын Жамбалсүрэн гэж хүн байдаг. Багаасаа монголын туухийн судлал дунд ууссан би замдаа тааралдсан хүмүүст Монголынхоо түүхийг ёстой нэг ярьж гарна даа. Манай нэг гадаад найз намайг Монголын түүхийг ярихдаа бусад гадаадууд өөрсдийгөө Монгол хүн гэж бодтол гипноздох юмаа гэж байсан. Хэрвээ та нар аялж байхдаа шар, хар царайтай өөрийгөө Монгол гэж эндүүрч яваа хүнтэй таарвал нэг их гайхаад хэрэггүй шүү. Би зорилгоо биелүүлж яваа нь тэр. Хэ хэ.
-Олон орны визний асуудлыг яаж шийдэж байна вэ. Хил гааль дээр хүндрэл бэрхшээл гарч байв уу?
-Виза гэдэг нилээд том асуудал. Америк, Япон, Европын засгийн газрууд хоорондоо хөнгөлөлттэй виз болоод визгүй зорчих тохиролцоонууд хийсэн байсан тул би визанд 50$ төлж байхад тэд нарт үнэгүй эсвэл 50%-ийн хямд байх жишээтэй. Ядуу Монголын, иргэн 75$ төлж өмнөд Африкт нэвтэрч байхад өндөр хөгжилтэй орны иргэд үнэгүй зорчдог. Мөн хамгийн хатуу хил гаалийн шалгалттай улс Израйл байсан. Тэд “ISRAELIAN SECURITY SISTEM ” (Израйлын хамгаалалтын систем/ гэж хэрэглэдэг бөгөөд хил нэвтрэхэд, ялангуяа Араб орноос ирж байгаа жуулчдыг ачаанаас авахуулаад, галт зэвсэг дарины шинжилгээ, сэтгэлзүйн шалгалт /тусдаа өрөөнд оруулаад 2 офицер янз бүрийн сонин асуултууд асуудаг/ хийж байсан. Аз болж энэ талаар өмнө нь сурч судалж байсан тул ганц ч гацалгүй асуултуудад зөв хариулж Европын жуулчид 6 цаг гаруй хүлээж байсан хил дээр 30 минутаас хэтрэхгүй хугацаа зарцуулж нэвтэрсэн. Хамгийн үнэтэй виз Судан байсан. Бүх гадаадууд 140$. Сориа улсаас Жорданы виз хүстэл нэг cap хүлээх ёстой гэсэн. Арга ядаад шууд хил дээр ирээд виз гуйгаад, сүүлдээ хилийнхэнд хөөмийдөж, Амайдаж үзүүлээд бага зэрэг агуу түүхээ ярьтал, тэд гайхсандаа төв рүүгээ яриад надад виз үнэгүй өгсөн дөө.
-Лалын шашинтай улс орнуудаа явахдаа айгаагүй гэж үү. Хоорондоо дайтаж байгаа улсууд олон байгаа шүү дээ?
-Ганцаараа явах ерөнхийдөө аюултай гэдгийг маш сайн ойлгож, явах маршрут, цагаа маш зөв тооцоолж сурсан. Хамгийн эрсдэлтэй хэсэг гэвэл Израйл Либаноны дайн байсан. Өдөр бүр миний байсан Haifa (Хайпа) хот болон тэр бүсэд 160-200 гаруй бөмбөг бууж байсан. Бөмбөг унаж байгаа тэр үед зүрх зогсож байгаа юм шиг санагддаг юм байна лээ. Гэхдээ тухайн үед гэрийнхэндээ яг хаана байгаагаа мэдэгдээгүй.Үүнийг уншаад тэд маань гайхах байх. Бас өмнөд Африкийн Жонасбург хотын Совето гэдэг гэмт хэргээрээ дэлхийд алдартай дүүрэгт 3 өдөр байж үзсэн. 1976 оны хар цагаан арьстны мөргөлдөөнөөс хойш маш алдартай болсон. Тэр болгон цагаан арьстан очдоггүй энэ дүүрэгт над шиг Ази жуулчин бүүр ч хүмүүсийн гайхал төрүүлж байсан. Сонин гэвэл нийслэл хотын төв гудамж хүртэл аюултай. Xүмүүсийн rap дээр маш их зэвсэг хуримтлагдсан учраас хүний амийг юунд ч тооцдоггүй, хэдхэн задгай мөнгөний төлөө буудаж л орхино. Ноднин Оскар авсан “TSotsi” гэдэг киног үзэхийг зөвлөж байна. Жинхэнэ Совето болон Африкийн зарим газруудын амьдралыг үзүүлсэн. Одоогийн байгаа Кэйф Таун хот маш үзэсгэлэнтэй, аюул ч багатай. Хаа caйгүй хувийн хамгаалалтын компаниуд гудамжуудыг хамгаалдаг.
-Өөрийн чинь хувьд хамгийн их таалагдсан, сонирхолтой орон хаанах байв?
-Хамгийн таалагдсан улс гэвэл Syria (Сориа) Энэ улсыг бичсэнд хүмүүс гайхаж магад. Сориа нь лалын шашнаар хуульчлагдсан, маш эртний түүхийн болон шашны дурсгалтай улс. Туркээс лалын шашинт энэ улс руу явж байхдаа чичирч, “ямар улс болоо” гэж айж байсан. Харин одоо Syria-r хамгийн аюулгүй улс гэдгийг ойлгосон. Хүмүүс нь маш сайхан сэтгэлтэй, зочломтгой. Энд хүмүүс архи огт хэрэглэдэггүй их тайван. Намайг Монгол хүн гэхэд их тусалж, хүн бүр гэртээ урьж байсан. Чингис хаан Багдадын Ислам шашны номын санг голд урсгасан тухай ч тэд ярьж байсан. Хөгжлөөр хоцрогдсон ч хүмүүс нь манай малчидтай адил сайхан сэтгэлтэй. Хил залгаа Иракт манай цэргүүд алба хашиж байгаад зарим хүмүүс дургүй байсан.
-Аялалын хугацаанд эрүүл мэнд болон амь насаа юунд даатгаж явав даа. Африкийн нэлээн хүнд өвчин туссан гэж сонссон. Бие чинь гайгүй юу?
-Xүн өөрийн гэртээ байгаа үедээ маш тайван санаа зовох зүйлгүй байдаг. Аяллын явцад маш олон удаа аюултай хүмүүс болон тохиолдлууд учирч, тэр бүртээ асуудлыг газар дээр нь зохицуулах хэрэг гарч байсан. Женья улсад машины 800 гаруй кг ачаа миний хөлөн дээр унаж осолд орсон. Эмнэлэгт эмчилгээ хийлгээд азаар миний хөл зугээр бөгөөд хэд хоногоос аяллаа үргэлжлүүлсэн. Малави улсад байхдаа Африк төдийгүй дэлхийд хамгийн их xүн нас бардаг аюултай Малериа өвчнөөр 2 удаа өвчилж хамгийн хүчтэй эмээр арай гэж эмчилсэн. Бараг “гэрэл харах” дөхсөн. Жаахан шумуул халдвар тарааж их хүний амийг авдаг гэхэд итгэмээргүй байсан. Нутгийнхан байнга өвддөг тул аюул нь минийхээс 2 дахин бага гэж эмч тайлбарлаж байсан. Одоо бие гайгүй, гэхдээ нэг л өвдвөл насан туршдаа өвддөг гэж хүмүүс ярьж байсан. Монголд харихаар гайгүй байх гэж найдаж байна. Африк руу аялах гэж байгаа бол энэ зэргийн аюул байгааг сануулмаар байна. Бас гэмт хэрэг маш их, хүмүүсийн rap дээр иргэний дайны дараах маш их зэвсэг байгаа. Мод мөчир цавчдаг сэлэм барьсан хүмүүс замын дагуу алхаж байдаг. Тэд хүнд аюултай биш ч гэсэн сэтгэл зүйн хувьд бас эвгүй санагддаг.
-Шантарч буцмаар үe байв уу?
-Хэ хэ, 2 удаа маш их шантарсан. Израйлаас Египет улсад ирээд Судан улсын виз хүссэн ч нийт 3 удаа татгалзсан хариу өгсөн тул аялал зогсонги байдалд орж 8 cap гаруй Египетэд гацсан. Аль ч улсын иргэн Израйл улсад айлчилсан байх юм бол Египет, Жорданаас бусад Арабын болон лалын шашинтай орнууд виз өгөхийг татгалздаг дурэм байдаг юм байх. Тиймээс энэ хугацаанд Египетээс гарах янз бүрийн арга зам хайсаар бүх хотуудыг дайрч, Сиезийн сувагт усан онгоц хүлээж амьдарч байсан. Энэ үед их шантарч байлаа. Дараа нь Малави улсад маш хүнд өвчин тусаж бас нэг шантарсан.
-Санхүүгийн асуудлаа хэрхэн шийддэг вэ. Өдөрт хэдий хэмжээний мөнгө зардал гаргаж байна вэ?
-Анх гэрээсээ гарахдаа суулийн 8 жил гаруй ажилласан студийнхээ төхөөрөмж, өөртөө байсан бүх зүйлээ хямд зараад аялалдаа зориулсан. Тэр мөнгөө бага багаар авахаар тохиролцсон. Мэдээж дэлхийг тойроход маш үнэтэй тул спонсор байгууллага хэрэгтэй гэж бодож байсан ч тухайн үед хүмүүс надад итгэх байтугай би өөрөө өөртөө итгэх итгэл сул байсан тул эхний ээлжинд чадлаараа зүтгэхээр шийдсэн. Зарим үед төлбөр удааширч гэрийнхэн болон замд таарсан Монголчууд, бас гадаадууд туслалцаа үзүүлэx тохиолдол ч гарч байсан. Нэг улсад зочлоход визнээс авахуулаад ямар их зардал гардаг билээ? 1 жил 8 сарын дараа Африкийн хамгийн өмнөд цэгт бүх нөөцөө шавхаад хүрсэндээ би баяртай байна. Одооноос спонсор туслалцаа хүсэх бодолтой байгаа. Монголд байгаа болон гадаадад суугаа Монголчууд боломж байвал дэмжээрэй гэж хүсмээр байна. Миний www.amai-around.com гэсэн хаяг үл ойлгогдох шалтгаанаар хаагдсан тул шинэ хаягаа нээгээд та бүхэнд хүргэнэ. Тэндээс миний аяллын зургууд болон тэмдэглэлүүдийг уншиж, миний бүх уран бүтээлийг сонсож болно. Бас монголын нэг сонинтой тохирч байгаад аяллын тэмдэглэлээ цувралаар нийтлэх бодолтой байгаа. Та бүхэн тэмдэглэлээс миний аяллын адал явдлуудыг илүү дэлгэрэнгүйгээр уншаарай.
-Аялал хэзээ дуусаж, хэзээ эх орондоо ирэх вэ?
-Яг хэзээ дуусахыг хэлэхэд хэцүү байна, бүх зүйл төлөвлөснөөр болохгүй. Гэхдээ дахиад 100-112 орныг туулж, 5-6 жилийн дараа гэртээ очих юм шиг байна. Эх орон, гэр бүл, найз нөхөд бас Монгол хоолоо санаж байна шүү..
-Таны аялалд амжилт хүсье.

Ж.Алтантуяа

Horaayy..there are 8 comment(s) for me so far ;)

#1

unheer gaihamshigtai yamar ih erch huch medregdej bn aa!

Mandah wrote on 2007/09/13 - 12:54
#2

Zaluu mini tevcheerei,etsest nihurdeg yum shuu.Chinii tuluu zalbirah hun ulam olon bolno.Amjilt husey.Ayan zam chini ulziitei baih boltugai.

Ganaa wrote on 2007/09/13 - 22:23
#3

Mnai ulsad yag iim, eh ornoo gesen haluun setgeltei, ooriigoo zolioslohod ch belen humuus ih dutaj baidag yum. Iim zorigtoi, zor’sondoo hureh hatuu ermelzleltei, uhaantai, sambaatai zaluu zaaval uuliin oroid garch, sanasan buhnee biyeluulne biz dee!

myadag wrote on 2008/04/03 - 15:09
#4

Hi Amai,
Chinii ene delhiig toirson ayalal chin mash ikh taalagdaj baina,
magadgui hamtdaa ayalaj boloh yum, bi bas hed heden ornoor orood amjsan. ayalsan tuuheesee huvaaltsval mash sonirholtoi baij boloh yum.
Kundura

Kundura wrote on 2008/11/30 - 21:30
#5

Hey Amai, eniig unshij baigaad neg yumiig todruulii gej bodloo. Ter Mongol geheer medrel muutai huniig heldeg gedeg chin yer n bol unen l dee. Gehdee shaltgaan n manai baildan daguulagch gedgees bolson yum bishee. Zugeer ter shizo-toi hun onigor nudtei, deed zovhi n dotor bulan ruugaa davhraagui shuud orson baidag uzegdel yum. Tegeed ter hun Azi huntei adil haragddag, deerees n Azi humuusiig bugdiig n Mongoloid gej nerledeg baisan Antropolgiin huuchin term-ees bolood tiim ovchnii ilreliig Mongoloid gedeg yum. Tuunees bidentei yamar ch hamaagui. Hen negen chamaig tegej shooloh yum bol harin chi tedniig unen shaltgaaniig n meddegguig n shoolooroi. he he.
Amjilt

Degi wrote on 2009/02/08 - 03:43
#6

Amai, chamd amjilt husye! Chinii yu mederch, yamar ih hetsuu zam tuulj baigaag zaluus sain oilgoj baigaa gedegt bi itgeltei baina. Chamaar baharhaj, gaihan bishirch, zarim n mash iheer ataarhaj baigaag ch medne.
Mongoliin olon saihan zaluuchuudad, tanij medeh, oilgoj uhaarah, bas husel zorigiin une tseniig medruuleh ih aynii ariun, altan shar zam chin ulziitei baih boltugai. Chinii ireeduin ih uilst hamgiin undur amjiltiig husen erooy!!!

Never, never, never give up… Winston Churchil. =)

Mongolka wrote on 2009/06/21 - 05:05
#7

hi amjilt hysie zorigtoi aaviin hyyg zol jargal dagna uragshaa

amgalan wrote on 2009/07/13 - 05:41
#8

Сайн байна уу. Би Монголд Эх орон ТВ-ээр залуучуудын нэвтрүүлэг бэлтгэдэг юм. Тантай цахимаар холбогдож сонин сайхан зүйл ярилцаж нэвтрүүлгээр гаргах гэсэн юм. Тантай хэрхэн холбогдох вэ? миний талаар мэдээллийг эндээс авах боломжтой. http://biznetwork.mn/profile/luvsandorj

luvsandorj wrote on 2010/02/28 - 04:06
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.