ВИЗГҮЙ ЙОРДАНЫ ХИЛ ДЭЭР

DSCN0247

2006 оны 2 сарын 15.

Монгол Бадарчин 1-р аян.14 дахь төр.

Хашимитын Йорданы вант улс.

20 сая гаруй хүн амтай, Бүгд Найрамдах засаглалтай гэх боловч “Б.А.А.С” нам нь төр бариад 40 гаруй жил болсон, өмнөх Ерөнхийлөгчийн хүү нь улсын удирдлагыг өв залгамжилж авсан, хүн төрөлхтний хамгийн эртний нийслэл хоттой Сири улсаас гарах тамгаа даруулаад, Хашимит гэх эртний овгийн өв залгамжлагч болох 2-р Абдалла вангийн мэдэлд буй Йордан улсын хилийн цэг дээр ирлээ.mongol badarchin books

Сири улсаас Ливан улс руу ороод Дундад тэнгисээр Египетийн Александр орж, улмаар нийслэл Каир хотод байдаг Монгол Улсын Элчин сайдын яаман дээрээ өртөөлөх бодолтой байсан ч намайг Ливан орохоос хэд хоногийн өмнө Мухамед гэх ислам шашныг үндэслэгч, элчийг нь Дани улсын нэгэн сонинд шоглосон байдлаар зурснаас болж Ливаны Бейрут хотод бослого гарч, эсэргүүцэгчид Дани Улсын Элчин сайдын яамыг шатаан, эмх замбараагүй байдал улс даяар үүссэн байсан юм.

-Уучлаарай манайх “ОНЦГОЙ БАЙДАЛ” зарласан байгаа тул таныг хилээрээ нэвтрүүлэх боломжгүй байна” гэж Ливаны байцаагч хэлэх үед Сири улсын Дамаск хотоос дайны гал ид дүрэлзэж буй Ирак орж, тэнд алба хааж буй Монгол цэргүүдийн аж байдлыг судлангаа өөрийн номдоо зориулсан тэмдэглэл цуглуулах төлөвлөгөө боловсруулав.

Дамаск хотын төвд Америкийн Элчин сайдын яамны яг хажууд нь байрладаг Иракийн Элчийн сайдын яаман дээр үүрийн 05 цагт үүргэвч үүрсэн аялагч ирэхэд бүгд гайхан, Америкийн Элчин сайдын яамны хамгаалагч нар миний бичиг баримтыг шалгаж байв. Иракийн Элчин сайдын яамны үүдэнд сууж байсан хүний “Чи Ал Жазера-гийн од болмоор байна уу?” гэж хэлсэн үг визэнд орж, Ирак явах бодлоосоо татгалзахад хүргэсэн юм. (Ал Жазера гэх Катарын телевиз Иракийн дайн эхэлсэн цагаас үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулж, гадны ажилчид, сэтгүүлчдийг иракийн эсэргүүцэгчид барьцаалан авч, хоолойг нь хэрчиж байгаа дүрсийг телевизээр цензургүй гаргаснаараа олонд танил болсон юм).

Ливан, Ирак бүтээгүй тул Сири улсаас далайгаар Египет хүрэх гэж Тартус хотын боомт дээр очих үед цэргийн хатуу дэглэмтэй улсад боомт руу нэвтрэх нь хориотой, боломжгүй зүйл гэдгийг ойлгосон тул Йорданы виз нь аяллаа зогсоохгүй байх цорын ганц гарц болсон.

1981 оны 05 сарын 21-ний өдөр БНМАУ нь Йорданы Хашимитын Вант Улстай дипломат харилцаатай болсон тухай Монголын гадаад харилцааны яамны http://www.mfat.gov.mn/ вэб сайт дээрээс олсон боловч Монгол улсын иргэд тус улс руу зочлоход визний ямар нөхцөл эдлэх тухай ямар ч мэдээлэл байсангүй.

Сири улсын Дамаск хот дахь Йорданы Элчин сайдын яаман дээр виз хүстэл “Өргөдлөө өгөөд 1 сар хүлээх хэрэгтэй, Вант улсын Консулын хэлтэс Монгол улсын иргэнд нэвтрэх зөвшөөрөл өгөх эсэх нь тодорхойгүй” гэсэн хариулт өгсөн тул шууд хил дээр нь ирж, аргыг нь олохоор шийдсэн юм.

FileFlag of Jordan copy

Сири улсын гарах тамга даруулаад Йордан улс руу нэвтрэх гэж нилээд хугацаа цаг зарцуулсан тул орой болж, зорчигч цөөрсөн байв.

Хилийн цэрэг, цагдаа, байцаагчдын өмссөн хувцас, пулемёт суурилуулсан Хаммер 1 машин, М16 автомат буу, АНУ-ын цагдаа нарын унадаг “Ford Crown Victoria” машинуудыг хараад, яагаад ч юм Америкийн нэг бүсэд байгаа ч юм шиг санагдлаа. Йордан улс нь Арабуудын бүсэд Америк болон НАТО-той хамгийн дотны харилцаатай улсуудын нэг гэж интернэтэд байсан мэдээлэл батлагдлаа.

Цагаачлалын албаны байранд ороход паспорт шалгадаг хэсгийг харж байгаад арай залуухан, аргыг нь олж болмоор санагдсан байцаагч дээр нь инээмсэглээд очлоо.

Улс бүрээс цуглуулж буй тэмдэгтэй малгайгаа өмсөн, аяллын том цүнхтэй Ази залууг тэрээр хараад ихэд баярлан инээмсэглэв.

Дөхөж очоод паспортоо гаргах хооронд “Коничива” буюу “Сайн байна уу?” гэдэг үгийг японоор хэллээ.

Өөдөөс нь “Би япон хэл мэднэ, гэхдээ би Япон хүн биш ээ, Монгол” гэж англи хэлээр хариулах үед миний хэлж буй зүйлийг бүрэн ойлгосон ч сүүлийн үгийг юу гэсэн үг юм бол оо гэсэн харцаар хараад, паспортын эхний хуудсыг уншлаа.

“Монголия, Кулаку(Хөлөг Хаан)” гэж амандаа давтаж хэлээд, гадаад иргэдийн зорчих дүрэм журмын дэвтрээ нээлээ.

“Монгол улсын иргэдэд виз хэрэгтэй” гэдэг хэсгийг англиар надад тайлбарлаад миний паспортын хуудаснуудыг эргүүлж эхлэв. Америк, ОХУ, Европын орнууд, Япон, Турк, Сири зэрэг улсуудын визтэй цөөхөн хэдэн хуудас дуусаж, хоосон хуудсан дундуур Йорданы виз харагдсангүй.

Юмыг яаж мэдэх вэ гэсэн шиг дахин нэг эргүүллээ.

Визгүй гэдэг нь ойлгомжтой болох үед над руу гайхан харснаа

-Виз чинь хаана байгаа юм бэ? гэж асуув.

-Надад виз байхгүй ээ. Би Монголын анхны Дэлхийг тойрогч юм аа. Танай улсын визийг Дамаск хотоос авах гэтэл 1 сарын дараа хариу мэдэгдэнэ гэж байсан. Гэтэл миний Сирийн виз тэр үед дуусах тул яахаа мэдэхгүй байсан юм. Уг нь манай улсын иргэд танай улсын визийг Москва эсвэл Бээжингээс авах ёстой гэсэн журмыг уншсан. Гэтэл би 13 орноор явчихсан хүн яаж тийшээ буцах бил ээ? гэж үг хэлэх зайгүй нөхцөл байдлаа тайлбарлаж гарлаа.

“Коничива” гэж намайг маш найрсаг угтаж авсан хүн “Буцаж яв!”, “Нэвтрүүлэхгүй” гэж хэлэх зохимжгүй болсон тул цаана зогсож байсан дээд албаныхаа хүнийг дуудаад ямар нэгэн зүйлийг араб хэлээр дамжуулав.

-Чи энэ улс руу нэвтрэхийн тулд заавал визтэй байх ёстой шүү дээ. Чи дүрэм журмыг ойлго гэж хоёр дахь албаны хүн ширүүхэн хэлэх үед

-Би мэдэж байна. Гэхдээ нөхцөл байдал ийм болсон хойно, удирдлагатайгаа уулзуулж тусална уу гэж учирлаад, илүү тухтай нөхцөлд, шийдвэр гаргах эрхтэй хүнтэй асуудлыг шийдмээр санагдав.

Гутарч, бууж өгдөггүй, бүх аргыг туршиж үздэг ээжийн минь хүмүүжил нөлөөлсөн бололтой.

Богино долгионы станцаараа дээд удирдлагатайгаа холбогдтол, намайг авчир гэсэн тушаал сонссон бололтой дагуулаад удирдлагынхаа өрөө рүү очлоо. Үүдээр орох үед 50 орчим настай, дүрэмт хувцасныхаа мөрдөс дээр том гээчийн Америк цагдаагийнх шиг тэмдэгтэй хүн сууж байна. Олон улсын харилцааных болохоор дипломат ёсоор харцаа тэгшилж, гар барьж буй хүнтэй яг адил төвшинд мэндэллээ.

Түүний байгаа байдал өөрчлөгдөж, зүгээр нэг үүргэвчтэй аялагч бус, олон улсын дипломат харилцааны ёсын талаар ойлголттой хүнтэй харьцах гэж буйгаа ойлгож надаас юу болсныг асуулаа. Өмнөх байцаагчид хэлсэн зүйлээ учирлаж, “Таны тусламж хэрэгтэй байна аа. Монгол улсын түүхэнд орох маш чухал аялал хийж байгаа бөгөөд Йордан улсыг 14 дэх жагсаалтдаа оруулах төлөвлөгөөтэй байна” гэж тайлбарлатал тэрээр утсаа авч дээд удирдлага бололтой хүн рүү залгаж, нөхцөл байдлын талаар тайлагналаа.

Цаг орой болсон ч миний асуудлыг хэлэлцэж байгаад би баяртай байв.

Хашимитын хааны мэдэлд байдаг хоёр залуу, нэг ахмад насны гурван албаны хүнтэй хамт байгаа нь сонин санагдаад зураг дарж болох эсэхийг асуув. Виз нь гарах эсэх нь тодорхойгүй байхад зураг дарж, номдоо оруулах хүсэл гаргаж буй залуу виз авна гэсэндээ хэтэрхий итгэлтэй байгаад тэд гайхсан болов уу.

Дарга утсаар ярьж дуусаад “За, би дээд удирдлагатайгаа яриад, чамд хил дээр виз дарахаар боллоо. Ууг нь ийм журам байдаггүй юм. Гэхдээ чи энэ хилээр манай улсад нэвтэрч буй анхны Монгол улсын иргэн бололтой байна. Манай орныг сайн сайхнаар өөрийн хүмүүстээ хүргээрэй! Наад олон тэмдэгтэй малгай дээр чинь бид бас улсынхаа тэмдгийг тавимаар байна” гээд Йорданы далбаа дээр нэгийн тоотой (Йордан бол номер нэг шүү! гэсэн утгатай) тэмдгийг зүүж өглөө.

DSCN0249

Энэ бүх зам бэрхшээлүүдийг туулаад азаар гэх үү, бурхны ивээлээр гэх үү паспорт дээрээ виз даруулаад аяллынхаа 14 дэх улс Йордан голын дэргэдэх Хашимитын Вант улсад хөл тавилаа.

Баярласандаа Нүүдэлчин Монгол угсааны гайхамшигт өв уламжлал болох хөөмийгөө сонирхуулж, бүгдийг ангайлгав. Амнаас ийм сонин авиа гарахыг тэд өмнө сонсож байгаагүй болохоор алмайрлаа. Малгай дээрээ Йордан 1 гэдэг тэмдгийг аяллынхаа туршид авч явах амлалтын хариуд паспорт дээрээ виз даруулж, хилийн залуу байцаагчтай зургаа авахуулаад, дараагийн улсад төрийнхөө далбааг мандуулах эрхтэй боллоо. Хамгийн хатуу хил, визний журамтай улсуудын нэгэнд авъяасаараа үнэгүй нэвтрэх боллоо.

DSCN0250

Орос, Япон, Англи хэлүүдийг мэддэг явдал зөвхөн хүмүүстэй харилцах бус мэдээлэл олж авах, түүнийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд надад маш их тус болж байна.

Хүн харахад зүгээр л нэг үүргэвч үүрсэн, халуунд халж, хүйтэнд хөрч, гадуур дотуур хонож яваа жирийн аялагч шиг байгаа ч, Монголын сэхээтний гэр бүлд төрж өссөн, тусгай дунд сургууль, Их сургууль, Академид номын дуу сонссон, Олон Улсын харилцааны мэргэжилтэн болохоо шаардлагатай үед харуулж байна.

Дэлхийн мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан шинэ хот, суурин, улсад очихоосоо өмнө тухайн газар орны хүмүүс, түүх соёлынх нь тухай олон хуудас материалыг уншиж байгаа ч, харамсалтай нь Монгол хэлээр гадаад улс орнуудын тухай мэдээ мэдээлэл, судалгааны ажлууд бараг алга. Монголчуудын аялж, зочилдог Америк, Европ, Азийн цөөхөн улсуудын тухай л бага зэрэг мэдээ байгаа ч миний Дэлхий судлалд ашиглах зүйл бараг алга байна.

Дөнгөж хилийг нь давсан Хашимитын Йорданы Вант Улстай хэдэн оны хэдэн сарын хэдэд дипломат харилцаа тогтоосон тухай манай Гадаад Харилцааны яамны вэб хуудсанд байгаа ч, ямар хүн, ямар гэрээ хэлэлцээр хийсэн, иргэд хооронд зорчих нөхцөл байдал, хоёр улсын хооронд дипломатаас гадна эдийн засаг, батлан хамгаалахын ямар тохиролцоо байдаг талаар мэдээлэл юу ч байхгүй байна.

Олон улсын харилцаа, Монгол улсын гадаад харилцааны байдлын талаар бараг мэдээлэл өгдөггүй, архив, мэдээллийн сангүй улсын иргэд бэрхшээлүүдийг өөрийн биеэр туулж байж л бодит байдлыг мэдэрч байна.

14 дахь улсынхаа талаар дараагийн тэмдэглэлдээ илүү дэлгэрэнгүй бичье.

Явсан хүнээс үг сонс 2

Published by amai

AMAIzing world...

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *