ТОЛИНД
2005 оны 12 сарын 23.
№7, Герман улс, Берлин хот.
Берлин хотын шөнийн амьдралтай танилцахаар гарлаа. Нэгэн клубд паатидаж байгаад тарах үед нь цааш үргэлжлүүлэхээр шийдэв. Тус клубээс гараад шөнийн хотоор ганцаараа алхаж байтал нэгэн цагдаа ирж, бичиг баримт шаардав. “Яагаад? Намайг Ази царайтай болохоор асууж байгаа юм уу?” гэж би хэлтэл сүрдмээр хувцастай, ширүүн харцтай байсан цагдаагийн царай хувирч их зөөлнөөр “Үгүй, бид шөнө дундын аюулгүйн шалгалт хийж байгаа юм” гэж маш эелдэг хариуллаа. Германчууд үндэсний үзлээр Дэлхийн 2-р дайныг өдөөж, олон арван сая хүний амь насыг хороож, үндэстнийхээ бахархалд хар толбо үлдээсэн тул өнөөдөр ийнхүү арьс өнгөөр ялгаварлах үзлээс болгоомжилдог болсон юм. Миний бичиг баримт, визийг шалгаад эргүүлэн өглөө. Тус гудамжаар үргэлжлүүлэн алхаж байхдаа ажиллаж буй клуб ойр хавьд байгаа эсэхийг өөдөөс ирж буй хоёр залуугаас асуухад. “Тийм тийм, энэ булангаар баруун эргээд хэсэг алхахад маш том хуучин үйлдвэрийн барилга байгаа, тэр дотор үнэхээр галзуу гоё паати болж байгаа” гэж зааж өгөв.
Заасны дагуу тэрхүү хуучны социализмын том үйлдвэрийн хаалгаар ороход сонин хувцасласан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үүдэнд зогсож байв. Клуб ороход ямар үнэтэй юм бэ гэж асуухад 12 евро гэлээ. Улаанбаатарын хамгийн гайгүй клуб нь 3-4 евро байдаг бол энэ клуб нэг их онцгой биш хэрнээ 12 евро (16000 төг) байсан нь үнэтэй санагдсан ч өөр сонголт байгаагүй тул таксыг нь авлаа. Үүдэнд нь пиво зарж байсан тул нэгийг 8 еврогоор аваад үйлдвэрийн хаалгаар дотогш оров. Нарийн халтар шатаар дээш гарч эхлэх үед хажуугаар өнгөрч буй сонин дүр төрхтэй хүмүүс миний сонирхол, бага зэргийн айдсыг төрүүлж эхэллээ.
Нүүр амаа элдвээр будсан, хав халзан, бариу хар савхин хувцас өмссөн гээд өмнө зурагтаар л үзэж байсан хүмүүс хажуугаар зөрж байв. Зарим нэг нь skinhead буюу халзан толгойтой нацистуудтай адил юм шиг санагдсан ч хажууд нь байгаа хүмүүс нь биш гэдгийг нотоллоо. Нацистууд гей, трансвестит хүмүүсийг хомроглон устгасан шүү дээ, тэгэхээр энэ сонин савхин хувцас өмссөн хүмүүс лав тэд биш байх.
Шатаар дээш яваад нэг үүдийг нээтэл баруун талдаа баартай, төрөл бүрийн хүмүүс дүүрсэн бүжгийн заал байв. Галзуу гоё Dj микс-нд хүмүүс тэр чигээрээ нэгэн хэмнэлд бүжиглэж байснаа намайг дотогш орох үед бүжиглэгчдийн хагасаас илүү хувь нь харцаа над руу чиглүүллээ. Орж ирж буй хүнийг хүн бүр харахаар газар тус клубийн үүд байрлаж байв. Заал руу пиво барин нэг алхаад гэнэт зогсмоор санагдлаа. Тус клубд байгаа олон янзын хувцас өмссөн хүмүүсийн ихэнх нь эрчүүд байсан нь миний айдсыг яах аргагүй хүргэлээ. Одоо яана аа!
Монголын клубийн соёлыг хөгжүүлэхийн тулд дэлхийн клубүүдийн талаар судалж, телевизийн нэвтрүүлэг хүртэл хийж байсан би ийм төрлийн газар байдаг тухай дуулж байсан ч яг газар дээр нь ирэхэд бүх зүйл маш өөр байдгийг анх удаа мэдэрлээ. Миний өмнө зогсож байсан халзан толгойтой, нүцгэн цээжтэй, эмэгтэй хүнийх шиг савхин стринг өмссөн, өндөр өсгийтэй гуталтай, сонин царайтай, нүүрний будалттай эрэгтэй бол энэ зааланд байгаа олон зуун хүний нэг нь л байв. Ташуур барьсан, плаж өмссөн, төрөл бүрийн газраа элдэв зүйл унжуулсан, царайгаараа дүүрэн гинж, зүүлт тогтоосон гээд тоочоод байвал барахааргүй этгээд сонин хүмүүс энэ газар цугласан байлаа. Тэдний дунд би гэнэн царайлаад ганцаараа зогсож байв.
Юу хийхээ мэдэхгүй, баарны ширээний ард ганцаараа суух гэтэл хоёр талаас залуус нэг нэгээрээ ирж, уух юм санал болгож, танилцаж ямар нэгэн байдлаар яриа өдөхийг хичээж гарлаа. “Сайн уу, юу уумаар байна?” гэх үед нь “Зүгээр ээ, надад пиво байна” гээд харцаа бууруулж байв. Яалт ч үгүй айсан хүний дүр төрхтэй байсан биз ээ. Ганц грушиг пиво бариад, баарны сархдыг эгц хараад суугаад л байлаа. Эхний залууд анхаарал тавихгүй явуулахад дараагийн залуу нөгөө талд ирж суун, яриа өдөж буйг хараад, “Би энэ клубд хүүхэн шиг байна даа” гэж бодлоо.
Нутагтаа байхдаа клуб ороод, үдэшлэгт эргэн тойрондоо хэн байгаа, шинээр ямар хүмүүс ирж буйг байнга хяналтдаа байлгадаг байсан. Ялангуяа шинэ, өмнө харж байгаагүй царайлаг охин орж ирэх юм бол нилээд хугацаанд ажиглаж байгаад очиж танилцдаг байв. Шууд очдоггүй шалтгаан нь миний өмнө түүн лүү очиж буй залуучуудтай тэр хэрхэн харьцаж буйг тандаж ажиглах нь чухал байсан юм. Эхний очсон залуутай шууд найзалчихдаг бүсгүй миний сонирхлыг огт татдаггүй байв. Олон залуучуудыг бүдрүүлж, тус газар байгаа хамгийн шилдгийг хүлээдэг тэр хүнд л цаг, ур ухаанаа зарцуулах нь миний гол тактик байсан юм.
“Сайн уу? Өглөөний цайгаа хамтдаа уух уу” гэж дөнгөж танилцсан охиндоо тоох ч үгүй хэлж чаддаг байсан залуу энэ удаа сүүлээ хавчсан гөлөг шиг болсон байв. Бараг мэдэхгүй хэлтэй, огт мэдэхгүй соёл иргэншлийн, сонсож байсан боловч дотор нь орж үзэж байгаагүй өвөрмөц сонирхолтой хүмүүсийн дунд гав ганцаараа, юу болж буйг ойлгохгүй байна гэдэг амаргүй юм байна гэдэг хичээлийг энэ үдэш би авсан юм.
Олон залуучууд дараалан, бие биеэсээ өрсөн надтай танилцаж, яриа өдөхийг хичээж байх үед тэдний найрах арга, ур ухааныг нь сонирхох сэхээ оров. Өмнө нь дандаа л охин “найрч”, ертөнцийг өөрийн эрэгтэй хүний цонхоор харж байсан бол анх удаа удаа эмэгтэй хүн олон нийтийн газар ороход ямар байдгийг мэдэрлээ. Өөрийгөө толинд харах боломж надад олдлоо.
Энэ клуб нь сексийн өөр сонирхолтой залуучуудын цугладаг газар гэдгийг үүдээр ороод гайхах зуураа би ойлгосон бөгөөд энэ клубд орж ирсэн мөчид хүмүүс намайг гей гэдэгт эргэлзэхгүй байсан нь ойлгомжтой. Ийм төрлийн клубүүд, паатинуудад ордог хүмүүс бие биенээ эчнээ таньдаг бөгөөд хэн шинэ гэдгийг андахгүй юм. Тэд бие биетэйгээ өрсөлдөж, намайг агнах гэж хичээж байгаа нь надад мэдэгдэж байв.
Би хэн нэгэнтэй танилцах тухай огт бодоогүй, зүгээр л юм ууж, хөгжим сонсож, бүжиглээд гарах хүсэлтэйг энэ хүмүүс уншиж чадахгүй байгаа нь хэт согтсон, мансуурсан аль эсвэл байгалийн зөндөө захирагдсанаас болсон байх аа. Хүнтэй танилцах, харилцах хүсэлтэй байгаа хүний харц олон нийтийн газар өөр байдаг шүү дээ.
Залуус хажууд ирж элдэв найрах аргаа хэрэглэж байх үед, эмэгтэй хүн байх ямар сонирхолтой юм бэ гэж би бодлоо. Залуу бүрийн зорилго нэг гэдэг нь ойлгомжтой байсаар байтал худлаа дүр эсгээд л, “тэрний” тухай огт бодохгүй, зүгээр ярьж суумаар байгаа мэт царайлаад л. Залуус бид охидын өмнө ингэж л харагддаг юм байна даа гэж бодлоо. Охид бидний яриаг анхааралтай сонсож буй мэт дүр эсгэж байхдаа “Yes or No” гэдгээ шийддэг бололтой. Тэгээд залуу болгон өөрийн стиль арга барил, туршлагаа харуулна.
Гей хүмүүстэй огт харьцаж байгаагүй тул эхэндээ бага зэрэг эмээж, айж бас шижиглэж байсан бол пивоны халуунд залуустай танилцаж, тэдний хийж буй алдаануудаас өөрийгөө толинд харж, ийм үеүдэд хэрхэн биеэ авч явах ёстойгоо бодлоо. Яаж ч байсан би хэн нэгэн бүсгүйтэй танилцах гэж очихдоо өөрийгөө олон зуун хүний нэг гэдгийг мартаж болохгүйг сурч авлаа. Бас ярихаасаа илүү тухайн хүнийг аль болох яриулж сонсох хэрэгтэй юм билээ. Хэт их согтсон үедээ хүнтэй танилцах гэж оролдоод хэрэггүй, тэнэг тэнэг зүйл хяналтгүй ярьдаг юм байна. Өмнө хэн нэгэнд яриад амжилт олж байсан бэлэн туршлагаа дахиж битгий шууд хэрэглэ, учир нь энэ удаа тэр үг яриа чинь сэтгэлээс бус цээжнээс бэлэн гардаг юм байна. Танилцах гэж буй хүний өмнө өөрийн гаднах төрхдөө учиргүй санаа зовж буйгаа битгий мэдэгд, эмэгтэй хүмүүст тэр нь тийм ч чухал биш… гэх мэт.
Клубийн бусад өрөөнүүдээр орж, тэдгээр газруудад ямар төрлийн хөгжим явж, хүмүүс хэрхэн паатидаж буйг сонжмоор санагдлаа. Ширээний ард сууж байхдаа хүмүүстэй харьцаад тийм ч аюултай газар биш гэдгийг аль хэдийнээ ойлгосон тул илүү эрх чөлөөг мэдэрч байв. Үйлдвэрийн хуучин заалыг ямар ч засвар чимэглэл хийлгүй ийм клуб болгох сонин санагдлаа. Монголд хэн нэгэн нь клуб баар нээхээрээ засал чимэглэлд хамаг мөнгөө зараад хөгжим, ажлын сайн баг бүрдүүлэхэд мөнгө зардаггүй шүү дээ.
Гей, гаж донтон хүмүүсийн тухай Монголд хошин шог болгон ярьж, Америк кинонуудаас гадаад соёл мэт ойлгож байсан бол дотор нь орж судлах анхны боломж олдсон нь энэ байв. Карнавал гэдэг багт наадамд байгаа мэт төрөл бүрийн хувцастай хүмүүс. Сексийн олон төрөлд дуртай хүмүүсийн төв цэг дээр чөлөөтэй алхаж байгаа нь амьдралд ховор тохиох боломж юм. Хэд хэдэн өрөө, заалыг холбосон нарийн хонгилоор явж байтал нэг хэсэгт дэлгүүрийн хувцас өмсөж үздэг өрөөнүүд шиг ханыг байрлуулсан байсан бөгөөд хаалгагүй нэг өрөөнд нь хоёр залуу бие биетэйгээ ил тод наадаж байв. Амьдралдаа ийм зүйл жинхэнээр үзэж байгаагүй, зурагтаар харах үедээ сувгийг нь сольж, аль эсвэл унтрааж байсан хүн энэ удаа яалт ч үгүй учирлаа. Дотор эвгүй оргисон ч, хүн өнгөрч буйг огт тоосон шинжгүй байсан тэр хоёрыг харж нэг хором зогсонгоо өөрийгөө шинжив. Яаж ч байсан миний сонирхлыг татахгүй юм байна гэсэн дүгнэлт хийлээ. Харин саяны харсан зүйлээ яаж тархинаасаа арчдаг юм билээ… гэдэг зүйлд санаа зовох хэрэг гарав.
Дараагийн хэсэгт ороход дан эмэгтэй хүмүүс. Тэд бие биетэйгээ бүжиглэж буй байдал, харж буй харцаар лесби нарын өрөө гэдгийг мэдлээ. Гей соёл надад огт таалагддаггүй хэрнээ яагаад лесбичүүдийг муухай гэж боддоггүй юм бол оо?
Намайг өрөөнүүд хэсэн явж байхад, тодорхой тооны залуус байнга эргэн тойронд эргэлдэж, миний харцыг барьж, найрах зорилготой гэдэг нь хэтэрхий ойлгомжтой байв. Охид бас энэ зовлонг баар клуб орох болгондоо мэдэрдэг байх даа. Ялангуяа огт сонирхоогүй хүн араас дагаад байвал ядаргаатай юм билээ. Цонхны гэрлийг хаасан хөшигний цаана үүр цайж буй нь мэдэгдэж эхэлсэн тул Берлин хотын шөнийн амьдралын нэгээхэн хэсэгтэй танилцах аяллаа дуусгаад гэртээ харихаар шийдлээ.
Хаалттай нийгэмд төрж өссөн миний хувьд дэлхий ертөнцөд үзэж харах, судлах, учрыг нь ойлгох зүйл их байна. Дэлхий уудам, төрөл бүрийн соёл иргэншил, түүнээс ч олон төрлийн сонирхлууд зэрэгцэн оршин тогтнож, амьдарч байна. Тэр бүрийг судалж, мэдээд бусадтайгаа хуваалцмаар байна. Бусдыг үгүйсгэж, зүхэж, үл ойлгож амьдардаг амьдралаас татгалзаж, илүү нээлттэй ертөнцийг хармаар байна. Энэ шөнө харсан зүйлээ яаж хүмүүст дамжуулна аа! Тэд намайг ойлгох болов уу? Аль эсвэл шүүмжилж эхлэх болов уу? Юм л болбол садар самууныг сурталчиллаа гээд өөрсдийгөө хашдаг, бусдыг буруутган хараадаг, үзэн яддаг нийгэмд яаж өөрчлөлт хийх вэ? гэсэн бодлууд метро руу явж байхад санаанд эргэлдэж байлаа.
Энэ шөнийн хичээл бол өөрийгөө толинд харсан явдал юм.
DSCN8274
2005 оны 12 сарын 23.
№7, Герман улс, Берлин хот.
Берлин хотын шөнийн амьдралтай танилцахаар гарлаа. Нэгэн клубд паатидаж байгаад тарах үед нь цааш үргэлжлүүлэхээр шийдэв. Тус клубээс гараад шөнийн хотоор ганцаараа алхаж байтал нэгэн цагдаа ирж, бичиг баримт шаардав. “Яагаад? Намайг Ази царайтай болохоор асууж байгаа юм уу?” гэж би хэлтэл сүрдмээр хувцастай, ширүүн харцтай байсан цагдаагийн царай хувирч их зөөлнөөр “Үгүй, бид шөнө дундын аюулгүйн шалгалт хийж байгаа юм” гэж маш эелдэг хариуллаа. Германчууд үндэсний үзлээр Дэлхийн 2-р дайныг өдөөж, олон арван сая хүний амь насыг хороож, үндэстнийхээ бахархалд хар толбо үлдээсэн тул өнөөдөр ийнхүү арьс өнгөөр ялгаварлах үзлээс болгоомжилдог болсон юм. Миний бичиг баримт, визийг шалгаад эргүүлэн өглөө. Тус гудамжаар үргэлжлүүлэн алхаж байхдаа ажиллаж буй клуб ойр хавьд байгаа эсэхийг өөдөөс ирж буй хоёр залуугаас асуухад. “Тийм тийм, энэ булангаар баруун эргээд хэсэг алхахад маш том хуучин үйлдвэрийн барилга байгаа, тэр дотор үнэхээр галзуу гоё паати болж байгаа” гэж зааж өгөв.

“Сайн Сууж Байна уу” номын тэмдэглэл таалагдсан бол LIKE, SHARE дарж миний нөр их хөдөлмөрийг хүндэлж, дэмжээрэй

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%A1%D0%B0%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%83%D1%83%D0%B6-%D0%91%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0-%D1%83%D1%83/268749939872467


fb

Horaayy..there are 3 comment(s) for me so far ;)

#1

Amidrald baidag l yumnuud shd.baigalaasa tegeed zayasan yumig humuus myanga durguitslee geed yaaj ch chadahgui.nad lav Ganbuushiin yaria taalagddag,uurin gesen style-tai, ilen dalangui.Shuumjleed baih yum alga Amai.

buya wrote on 2012/05/01 - 11:59
#2

Хөгжмлтэй ч юм шиг хэрнээ бас сургамтай л юм. Над шиг клуб бараг ордоггүй хүн нүдэнд харагдах шиг л боллоо…хэхэ. Ижил хүйстнүүдийн хувьд би эмэгтэй хүн болохоороо ч тэр үү Гей хүмүүс нээх сонин санагддаггүй.Бас өөрийгөө ижил хүйстнүүдийг 100 хувь хүлээн зөвшөөрдөг гэж бодож явсан чинь үгүй юм билээ. Яг тан шиг. Гей найзтай, тэднийг дэмжиж ойлгодог хүн чинь ЗА ТАНИЛЦ, хамтарч ажилла гээд Лесбиан хүн дагуулаад ирэхээр хөлс гарч,сандарч энэ тэр…хэхэ. Гэхдээ хэсэг хугацааны дараа мөн л тан шиг байдал зөөлөрч, ойлгож эхлэсэн юм. Сонирхолтой бичлэг байлаа.

Ts wrote on 2012/05/23 - 16:03
#3

Сонирхолтой бичлэг байна. БИ өөрөө гей биш ч гэлээ тэдний тухай төсөөлөл 2 3 найзуудаас минь эхлэлтэй. Иймэрхүү байдалд монголын нэг клубт орж билээ. Хэдий найз маань надад өөрийн хүрээлэлээ итгээд танилцуулж байгаа нь сайшаалтай ч тэднээс тусламж, тус, хэрэг болвол хэлээрэй гэсэн нь жаахан эвгүй санагдсан юм. Ццаш нь лавшруулж бодвол монголын ихэнхи бидний хэлж заншсанаар олдмолууд санхүүгээс болж ийм болдог гэсэн төсөөлөл намайг угтсан юм. Сонин зүйл нь лесбичүүд надад 100 хувь таалагдаж тэд намайг 1000 хувь үэн ядаж байсан хаха

Eb wrote on 2014/09/14 - 16:12
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.