IMG_0857

ҮЧИМБЭР (CHEETAH)

2007 оны 10 сарын 26

Монгол Бадарчин 1-р аян. 28 дахь төр.

Бүгд Найрамдах Ботсван улс, Моколоди дархан цаазат газар

Дэлхийн хамгийн аюултай араатан болох хүмүүний сүрэгт амьдарч байгаагийн хувьд бусад амьтдын аюулын төвшинг тодорхойлохыг хүсэх нь амьд үлдэх арга замын нэг билээ.

Хүмүүн дүрст үүслийн эхэн үедээ ан агнаж, хааяа өөрөө агнуулж байсан бол оюун ухаанаа хөгжүүлснээрээ өөрийн аюулгүй байдлаа хангаад бусад ан амьтад, байгалийг захирч эхэлсэн байдаг.

Бүтээгчээс заяасан зөн совингоороо амиа зогоож буй байгалийн зэрлэг амьтдыг бодвол хүмүүн гэдэг “араатан” өмнөх үеийнхээ туршлага мэдлэгийг ашиглаж, амьдралын ихэнх дарамтуудаас өөрийгөө хамгаалж, бусад хүмүүн сүргүүдтэй газар нутаг, эд баялаг, эрх мэдлийн төлөө тэмцсээр.

Монгол гэдэг улсад төрж өссөнөө би маш том завшаан гэж бодно. Байгаль дэлхийгээсээ хөндийрөөд, нийгмийн тэмцэлд шилжин хэдэн мянган жилийн түүхийг туулж буй бусад хүмүүн дүрст амьтдыг бодвол байгальтайгаа ойрхон байж, түүний салшгүй хэсэг гэдгээ мэдэрсээр ирсэн Тэнгэр шүтээнтэй бид давуу талтай аж.

Багаасаа хөдөө нүүдэлчидтэй амьдарч сурсан би гэдэг хүн байгалийн хоорондын харилцааг биеэрээ мэдэрсэн болохоор олон улсаар бадарчилж, дэлхий ээжтэй өөрийгөө холбоход өвөг дээдсийн минь туршлага маш их хэрэг болж байна.

Африк тивийн өмнөд бүсийн Ботсван улсын Моколоди дархан цаазат газар түр байрлаж байх үедээ тус байгууллагын хамгаалалтад буй олон амьтдын дундаас Үчимбэр (Cheetah) гэх араатан миний анхаарлыг хамгийн их татав.

270959_212911545411392_7241114_n

Их хаадын үед манай өвөг дээдэс маань энэ амьтныг Монголд авчирч тэжээж байсан баримт, зургууд байдаг.

Паркийн ажилчидтай хамт хоолыг нь өгөх гэж очих үед том хэмжээний газрыг хэд үсрээд л туулж байлаа. 10-20 жил амьдарч, 3 сар тээгээд 9 хүртэл зулзага гаргадаг энэ амьтан байгалийн хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүдийн нэг юм байна гэдгийг хашаанд буй хоёр үчимбэрийг харах бүрт бодож байлаа.

Зэрлэг байгальд үхэх гэж байсан 2 зулзагыг тус паркийнхан олж авчраад олон тооны өвсөн тэжээлт амьтдаас тусгаарлан том газар нутгийг хамарсан төмөр хашаа барьж, түүндээ байрлуулжээ. Байгалийн зөн совинг нь өдөр бүр бэлэн мах өгч түр хугацаагаар унтраасан ч амьтад том биетэй зэрлэг араатнууд болон өсөв.

IMG_1023

Барь эсвэл бариул гэдэг нь тэдний үндсэн зөн совин.

Үчимбэр нь цагт 120 км хурд авах чадвартай дэлхийн хамгийн хурдан амьтан гэж дунд сургуульд заадаг байсан. Тэр хурдыг бий болгохын тулд биеийн болон толгойн хэлбэр бусад амьтдаас өөр гэдгийг өмнө ойлгодоггүй байж. Моколодид ирээд энэ амьтныг хашаанаас өдөр бүр харж ажигласнаар анзаарлаа.

Толгойг нь биетэй харьцуулбал жижиг, бие, хүзүү хоёр нь урт, харин шүд нь араатан гэхэд тийм ч томгүй. Хөл тавхайг нь сайн харахад нэлээд урт байсан нь нөгөө л хурдан гэдэг цолоо авч үлдэх гэж хүссэнийх болов уу.

Том муур гэж энгийнээр тодорхойлж болно.

Нэг өдөр тус паркт жуулчид ирж амьтдыг биечлэн үзмээр байна гэсэн хүсэлт тавьсан тул тэрхүү завшааныг ашиглан би бас ойроос үзэхээр шийдлээ.

Нэлээд өндөр өртөгтэй үйлчилгээ байсан ч би тус паркийн видео киноны бичлэг хийж байсан тул үнэгүй нэвтрэх болов.

Жуулчид ирэхээс өмнө араатнуудыг сайн хооллосон тул, хүн рүү дайрах совингүй байв. Гэхдээ өөрийгөө хамгаалж эсвэл орчиндоо тэргүүлэх гэсэн зөн совиндоо захирагдаж аюултай үйлдэл хийж магадгүй юм.

IMG_0859

Эдгээр хоёр үчимбэр хэдийгээр араатан ч байгальд зэрлэгээрээ буй арслан, чоно зэрэг бусад араатнуудыг бодвол арай аюул багатай байх гэж бодлоо.

Паркийн хэдэн ажилчны хамт төмөр сараалж руу оров.

Үчимбэрүүд хэдийнээ хоолоо ханатал идсэн тул биднийг орж ирэхэд горьдож гүйж ирэлгүй, холгүй байх бутан дор нарнаас зугтан хэвтэж байлаа.

Паркийн хоёр ажилтан болон гурван жуулчны хамт тэдэн рүү ойртох үед зүрх зүсэм хүйтэн харц бидэн рүү чиглэлээ.

pics 218

-Онцгой огцом хөдөлгөөн хийж болохгүй шүү! гэж зааварлагч тайван өнгөөр хэллээ. Анхааруулсан, айлгасан өнгө аястай хэлэх юм бол хүний хэл мэдэхгүй үчимбэрүүд ярианы өнгөнөөс сэрэмжлүүлэг авч дайрч магадгүй байв.

pics 216

Өндөр үнэ төлж, хашаан дотор орж араатнуудыг ойроос үзэх гэсэн жуулчид хотод төрж өссөн бололтой. Над руу дайрвал яана аа гэсэн айсан харцаар араатны нүд рүү нь ширтэх үед:

-Араатны нүд рүү эгц харж болдоггүй юм шүү! Учир нь дайрах гэж байна гэж ойлгоод өөрийгөө хамгаалан бидэн рүү дайрч магадгүй гэж би тэдэнд анхаарууллаа.

Тэрээр бүлтэлзэж өөр тийшээ харав.

Нохой тэжээж байсан эсвэл нохойтой харьцаж үзсэн хүмүүс энэ дүрмийг маш сайн мэддэг. Гэрийн нохойг багаас нь тэжээгээд догшин биш тайван амьтан гэж итгэсэн эзэд нохойны араатан чанар гарах үед гайхдаг.

Гэртээ нохой тэжээснээр хүүхэд байгаль, ан амьтан, тэр тусмаа араатантай харилцах маш олон хичээлд суралцдаг. Бас амьтантай харилцаж сурсан хүүхэд ХҮМҮҮН гэдэг араатны олон шинж чанаруудыг ч ойлгож эхэлдэг билээ.

Жуулчид зайнаас зураг дарж, харин хоёр үчимбэр бие биеэсээ бага зэргийн зайтай, дөнгөж сая идсэн 10-20 кг махаа боловсруулж зүлгэн дээр тухалж байлаа.

Паркийн ажилтан багаас нь өдөр бүр хэд хэдэн удаа хашааны давхар хаалгыг нээж нэвтрэн хоол өгч байсан тул араатнууд түүнтэй дотно гэмээр харилцаатай байлаа.

Паркийн ажилтан хүүхэн тэдэнтэй харилцахдаа нэрийг нь өөрийн гэсэн аястайгаар хэлж, зөөлөн илж буйг хараад надад бас тэгмээр сэтгэл төрөв.

Зөвшөөрөл авч байгаад паркийн ажилтан хүүхэн шиг нэрийг нь яг адил өнгө аястайгаар хэллээ. Хэдэн жил хөгжмийн студид ажилласан тул хүмүүс болон байгалийн авиа, өнгө аясыг нь дуурайх тал дээр авьяастай болсон юм.

“Монгол Бадарчин” номынхоо нүүрэн дээр тавих үчимбэртэй даруулсан зураг ямар байх ёстойг нарийн бодов.

Үчимбэр намайг өөрийн хүн гэж андууран ойртууллаа.

Нүд рүү нь эгц биш тухайн орон зайг мэдэрч харж байсан тул намайг аюулгүй гэдэгт эргэлзсэнгүй. Бас миний хоолойны өнгө тайван байсан тул намайг ойртоход ямар нэгэн үйлдэл хийсэнгүй.

Зургийн апаратаа эвтэйхэн асаагаад зураг дарлаа.

IMG_0858

Миний амин чухал үржихүйн эрхтний өмнө том амьтны хүзүүг түвэггүй зууж, зузаан арьсыг зулгаан тастчихаж чаддаг амьтан байлгах тийм ч хялбар байсангүй.

Гэнэт ухасхийгээд зуугаад авбал яана гэсэн бодол толгойд эргэлдэж бага зэрэг айж эхэллээ.

Нүд гэдэг дотоод ертөнцийн илрэл тул тэрээр над руу гүн харцаар ширтэж, намайг хэн гэдгийг ойлгохыг хичээнэ.

Үчимбэр над руу эгц харах үед тухайн амьтныг байгалийн бүтээл талаас нь судлах хэрэг гарлаа.

Араатан амьтад болон хүчийг эрхэмлэдэг хүмүүсийн харцанд нийтлэг нэг шинж байдаг. Тэд өөр амьтан, хүмүүсийн нүд рүү ширтэхдээ эгц, яг л унших гээд байгаа юм шиг хардаг.

Аялж байх явцдаа тунгалаг нүдтэй хүмүүс хар нүдтэй хүмүүсээс илүү өөр байдгийг ойлгосон. Жишээ нь: Цэнхэр, ногоон нүдтэй хүмүүсийн хүүхэн хараа нь илүү ялгарч харагддаг тул хөдлөх, хол ойр харах үед тунгалаг хүрээн дотроо өөрчлөгдөж буй маш тод мэдрэгддэг. Ялангуяа сэрэл нь хөдөлсөн, эсвэл айсан үед хүүхэн харааны чичиргээ андашгүй.

Харин энэ амьтны хүүхэн хараа томорч, жижгэрч буй нь бараг анзаарагдахгүй байсан тул хэн ч харсан аймаар. Нүдийг нь хүрээлж тодруулсан хар хүрээ, голын хүүхэн харааг сондгойруулсан шар нүдний цөцгий.

Араатны ертөнц буюу хоолны төлөө тэмцдэг зэрлэг байгальд амьдардаг тул бусдаас хүчтэй байж амьд гарна.

Хүний нүд цагаан цөцгийн дотор бор, эсвэл өөр өнгийн тойрог, тэгээд хүүхэн хараа гэх хар цэг байдаг бол энэ амьтан цагаан цөцгийгүй, шууд шаргал хүрээ байгаа нь нүдийг том харагдуулж бусдын айдсыг төрүүлдэг юм болов уу гэж бодлоо.

Хоёр нүдний хавиас доош буусан хар зурвасын учрыг олох гээд чадсангүй. Бодвол бутан дунд отож хэвтэх үед харагдуулахгүй гэсэн юм болов уу?

Дөрвөн нүдтэй монгол банхар өдөр шөнөгүй малаа манаж байх ёстой тул унтаж байх үед нүдэн дээрх цагаан толбо нь нээлттэй нүд шиг харагддаг гэсэн. Байгаль.

Харин энэ амьтанд тийм зүйл байсангүй. Хамрын нүх нь хүнийх зөвхөн үнэртэх биш, 200-аад градусыг мэдрэхээр хажуу тийшээ сэртгэр байв.

Гэртээ муур тэжээж байсан хүний хувьд энэ амьтны мэдрэхүйг гадарлаж байлаа.

Тэр болгон тааралддаггүй дэлхийд ховор амьтан тул бүр дотно танилцаж гар хүрч үзмээр санагдаад, гараа толгойн тус зөөлөн ойртууллаа.

Энэ амьтан циркийн, эсвэл тэжээвэр гэрийн муур биш учраас болгоомжлох хэрэгтэйг ойлгож байсан ч номынхоо нүүрэнд тавих монгол залуугийн сонирхолтой зураг нүдэнд харагдаад шууд илж гарлаа.

IMG_0855

Чанга биш, бас зөөлөн ч биш.

Энэ амьтан намайг өөрийн амьтны нэг гэж ойлгох ёстой.

Арьсыг нь илж эхлээд үзэгдэх байдал, бодит байдал хоёрын ялгааг ойлголоо. Маш үзэсгэлэнтэй амьтан, арьс нь гоёмсог гэмээр харагддаг ч яг хүрч үзэхэд үс нь нарийн ширхэгтэй, ширүүн байв.

Мууртай адил зөөлөн үстэй байх болов уу гэж бодсон нь буруу байжээ. Сар гаруй усанд орохгүй бол миний үс ч гэсэн иймэрхүү болох байх.

Ямар ч араатны уурласан эсэхийг нүд, шүднээс гадна дагз нурууны хоорондох үс сэрвийж боссоноос мэдэж болдог.

Энэ удаа амьтан тайван буй нь гарын алганд мэдрэгдэж байлаа. Зөөлөн илж байх үед хоёр дахь үчимбэр нүдэнд харагдав. Нэгтэй нь “найз” болсон юм чинь нөгөөхийг нь бас илж үзмээр санагдаад эвтэйхэн хажуугаас нь очлоо.

Араас нь очиж болохгүй.

Жуулчин залууст зургийн аппаратаа өгөөд, сурснаараа гараа явуулж зөөлөн иллээ.

IMG_0854

Яагаад энэ амьтны үсээр шуб хийгээд байдаг юм болоо? Ширүүн юм биш үү! гэсэн бодол орж ирэв.

Монголчууд нохой тэжээхдээ чонотой төстэй саарал нохойноос аль болох цээрлэдэг. Мал өнгөнд нь дасна гээд.

Үчимбэр нь араатан тул үсний өнгө нь үл үзэгдэх эрээн аж. Олон жижиг толбонууд Leopard гэх ирвэстэй адил ч арай жижиг, бас ирвэснийх шиг хар дугуй хэлбэргүй юм байна.

Маш урт сүүл нь хурдан давхихад тэнцвэр хадгалах үүрэгтэй, харин үзүүр дээрээ хар эсвэл цагаан толботой байгаа нь бодвол араас хөөх амьтныг төөрөгдүүлэх зорилготой байж болох юм.

Хоёр үчимбэртэй хэд хэдэн байрлалаас зургаа даруулж байтал нэг нь хэт их анхаарлаас залхаж, хажуугийн бут руу явлаа. Би хойноос нь дагаж ороод дахиж хэд хэдэн зураг даруулъя гэж бодов.

Энэ удаа байдал өөр болсныг анзааралгүй, илж буй зураг даруулах гэж гараа явуулах үед үчимбэр огцом эргэж миний гарыг зуух гэлээ. Маш хурдан хариу үйлдэл үзүүлж гараа татав.

IMG_08623

Тэрээр намайг хазах гээгүй бөгөөд -Одоо боллоо! гэдгийг л хөдөлгөөнөөр илэрхийлсэн байх. Хэрвээ үнэхээр зуумаар байсан бол би нэг гарын бичээч болох нь ойлгомжтой бизээ.

Араатнууд хоорондоо тоглохдоо бага зэргийн хаздаг ч гэмтээх төвшинд хүргэхгүйгээ маш сайн мэддэг юм.

Ийнхүү дохиог ойлгоод би бутнаас гарч болсон явдлын талаар дахин бодлоо. Араатан бол араатан.

Мууртай харилцаж байсан хэрнээ яагаад гараа хазуулах аюулд өөрийгөө хүргэсэн бэ? гэдгээ ч дүгнэж үзлээ.

Ямар ч байсан байгалийн араатан хоёр том үчимбэртэй хамт зургаа даруулсан дэлхийн цөөхөн хүмүүсийн нэг болов.

Үчимбэрийн хийсэн үйлдлийг анзаарсан жуулчид ч гэсэн үзвэр дууссаныг ойлгосон тул бүгд явахаар боллоо.

Харин хоёр үчимбэр халуун нарнаас зугтан бургасныхаа доор уйтгартай амьдралынхаа дараагийн нэг өдрийг өнгөрүүлнэ.

Байгаль орчноо устгалгүй хайрлаж, хойч үедээ гайхамшгийг нь мэдрүүлэх боломжийг олгож буй улс үндэстнүүдийг үнэхээр хүндлүүштэй.

Харин дэлхий ээж, газар шороо, ан амьтнаа устгадаг хүмүүст сануулахад:

-Байгаль хариугаа авдаг юм шүү!


Үчимбэр (Cheetah)
2007 оны 10 сарын 26.
№29, Ботсван улс, Моколоди дархан цаазат газар.
Дэлхийн хамгийн “аюултай бөгөөд, аймшигтай араатан” болох хүний сүрэгт амьдарч байгаагийн хувьд бусад араатнуудын аюулын түвшнийг тодорхойлохыг хүсэх нь амьд үлдэх арга замын нэг билээ. Хүн дүрст бичний үүслийн эхэн үедээ ан агнаж, хааяа өөрөө агнуулж байсан бол тархи гэдэг гайхамшигт компьютерийг хөгжүүлснээрээ өөрөө аюулгүй байдлаа хангаад бусад амьтдаа захирч эхэлсэн билээ.
Энэ хорвоо ертөнцөд Монгол гэдэг улсад төрсөн нь маш том завшаан гэж бодож байна. Учир нь байгаль дэлхийгээсээ хөндийрөөд, нийгмийн тэмцэлд шилжин хэдэн мянган жилийн түүхийг туулж буй бусад хүн дүрст амьтдын сүргийг бодвол байгальтайгаа ойрхон байж, түүний салшгүй хэсэг гэдгийг мэддэгт байгаа юм.
Бүтээгчээс заяасан зөн совин болон амьдарсан цөөхөн жилийн туршлага дээр амиа зогоож буй зэрлэг байгалийн араатнуудыг бодвол хүн гэдэг “араатан” нь өмнөх үеийнхээ туршлага мэдлэгийг ашиглаж байгалийн ихэнх дарамтуудаас хамгаалалтаа хийж, цөөхөн хэдэн асуудлуудыг өөртөө ашигтайгаар шийдэх гэж ажилласаар байгаа бөгөөд өөрийн болон сүргийнхээ хүмүүсийн аюулгүй байдлын төлөө бусад ХҮН-ий сүргүүдтэй тэрсэлдсээр байна.
Бага наснаасаа зуны улирлыг байгальд, нүүдэлчидтэй өнгөрөөж байсан тул мал, араатан, хүн, байгаль зэрэг хүчнүүдийн хоорондын харилцааг биеэрээ мэдэрсэн. Дэлхийгээр бадарчилж, байгаль дэлхийтэй өөрийгөө холбоход энэ туршлага их хэрэг болдог юм.
Ботсван улсын Моколоди гэдэг дархан цаазат газар түр байрлаж байхад тус байгууллагын хамгаалалтад буй олон амьтдын дундаас Үчимбэр (Cheetah) амьтан миний анхаарлыг ихэд татаж эхэллээ. Зэрлэг байгальд үхэх гэж байсан 2 зулзагыг тус паркийнхан олж, олон тооны өвсөн тэжээлт амьтдаас тусгайд нь төмөр хашаанд байрлуулжээ. Өдөр бүр бэлэн махаар тэжээсээр байгалийн зөн совинг нь түр хугацаагаар унтраасан ч хүнийг 2 өдөр хоолгүй хээр орхивол араатнаас дутахааргүй болдогтой адил амьд үлдэх зөн совин нь ухамсар ухааны дээгүүр ноёлох үед юу болох нь ойлгомжтой. Хүмүүс одоохондоо амьдралаа зохицуулсан тул нийгмийн дүрэм журмаараа амьдардаг харин араатнууд байнга ал, эсвэл алуул гэдэг зөн совиндоо захирагддаг юм.
Үчимбэр хэдийгээр араатан ч арслан, чоно болон бусад араатнуудыг бодвол аюул арай багатай байх. Цагт 120 км хурдтай гүйдэг дэлхийн хамгийн хурдан амьтан гэж дунд сургуульд заадаг байсан. Харин тэр хурдыг бий болгохын тулд биеийн болон толгойн хэлбэр, хөдөлгөөний эвсэл бусад амьтдаас өөр байх ёстой гэдгийг ойлгодоггүй байж. Энд ирээд энэ амьтныг өдөр бүр харж ажигласнаар тэр зүйлийг ойлгосон юм. Толгойг нь биетэй харьцуулбал жижиг, бие, хүзүү урттай, шүд нь ч гэсэн араатан гэхэд тийм ч томгүй, хөл тавхайг нь харж байхад нилээд урт байсан нь нөгөө л хурдан гэсэн цолоо авч үлдэх гэж хүссэнийх болов уу. Бөх барилддаг хүн, ойрын замд хурдан гүйдэг хүний биеийн бүтэц хөдөлгөөний ялгаатай харьцуулж болох юм.
Нэгэн өдөр паркийн ажилчидтай хамт хоолыг нь өгөх гэж очих үед маш том хэмжээний газрыг нэг үсрэлтээр туулж байсан. Цагт 100км хурдыг 3 секундэд гаргадаг гэж тайлбар дээр уншаад ийм богино хугацаанд ийм хурдыг бүтээдэг маш сайн хурдны машинтай харьцууллаа. 10-20 жил амьдарч, 3 сар тээгээд 9 хүртэл зулзага гаргадаг энэ амьтан байгалийн хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүдийн нэг юм байна гэдгийг хашааны цаана буй хоёр үчимбэрийг харах бүрт бодож байлаа.
Нэг өдөр тус паркт жуулчид ирж амьтдыг биечлэн үзмээр байна гэсэн хүсэлт тавьсан тул тэрхүү завшааныг ашиглан би бас ойроос үзэхээр боллоо. Нилээд өндөр өртөгтэй үйлчилгээ байсан бөгөөд би тус паркийн видео киноны бичлэг хийж байсан тул үнэгүй нэвтэрлээ. Тус араатнуудыг жуулчид ирэхээс өмнө сайн хооллосон тул хооллох гэж хүн рүү дайрах зөн совингүй болсон ч өөрийгөө хамгаалж, орчиндоо тэргүүлэх гэсэн зөн совингууд уг араатнуудыг ямар ч үйлдэл хийлгэж магадгүй юм.
Паркийн хэдэн ажилчны хамт нилээд том талбайг хашсан төмөр сараалж руу орлоо. Үчимбэрүүд аль хэдийнээ хоолоо ханатал идсэн байсан тул биднийг орж ирэхэд горьдож гүйж ирэлгүй, холгүй байх бутан доор нарнаас зугатан хэвтэж байлаа. Паркийн 2 ажилтан, би тэгээд 3 жуулчны хамт тэдэн рүү ойртох үед зүрх зүсэм хүйтэн харц бидэн рүү чиглэлээ. – Онцгой огцом хөдөлгөөн хийж болохгүй шүү! гэж зааварлагч тайван өнгөөр хэллээ. Анхааруулсан, айлгасан өнгө аястай хэлэх юм бол хүний хэл мэдэхгүй 2 үчимбэр ярианы өнгөнөөс сэрэмжлүүлэг авч хамгаалалтад орж магадгүй байсан юм.
Өндөр үнэ төлж, хашаан дотор орон араатнуудыг ойроос үзэх гэсэн жуулчид хотод төрж өссөн бололтой байлаа. – Над руу дайрвал яана аа? гэж айсан харцаар араатны нүд рүү нь ширтэх үед –Араатны нүд рүү эгц харж болдоггүй юм шүү! Учир нь дайрах гэж байна гэж ойлгоод өөрийгөө хамгаалан бидэн рүү дайрч магадгүй гэж би анхаарууллаа. Тэрээр бүлтэлзэж өөр тийшээ харлаа. Нохой тэжээж байсан эсвэл нохойтой харьцаж үзсэн хүмүүс энэ дүрмийг маш сайн мэддэг юм. Гэрийн нохойг багаас нь тэжээгээд догшин биш тайван амьтан гэж итгэсэн эзэд нохойны араатан чанар гарах үед гайхдаг юм. Нохой гэртээ тэжээх нь хүүхдэд байгаль, ан амьтан, тэр тусмаа араатантай харилцах маш олон хичээлийг олгуулдаг юм. Бас амьтантай харилцаж байгаа хүүхэд ХҮН гэдэг араатны олон шинж чанаруудыг олж мэдэрч болдог билээ.
Жуулчид зайнаас зураг дарж, харин 2 үчимбэр бие биеэсээ бага зэргийн зайтай, дөнгөж сая идсэн 10-20 кг махаа боловсруулж зүлгэн дээр тухалж байлаа.
Паркийн ажилтан багаас нь өдөр бүр хэд хэдэн удаа хашааны давхар хаалгыг нээж нэвтрээд араатнуудад хоол өгч байсан тул араатнууд түүнтэй дотно гэмээр харилцаатай байлаа. Паркийн ажилтан хүүхэн тэдэнтэй харилцахдаа нэрийг нь өөрийн гэсэн аястайгаар хэлж, зөөлөн илж буйг хараад над бас тэгмээр сэтгэл төрлөө. Зөвшөөрөл авч байгаад паркийн ажилтан хүүхэн шиг хэлж буй нэр үгийг яг адил өнгө аястайгаар хэллээ. Хэдэн жил хөгжмийн студид ажилласан тул хүмүүс болон байгалийн авиа, өнгө аясыг нь дуурайх тал дээр авьяастай болсон юм.
“Амай дэлхийг тойрч байна” гэсэн номынхоо нүүрэн дээр тавих үчимбэртэй даруулсан зураг ямар байх ёстойг нарийн бодож байв. Үчимбэр намайг өөрийн хүн байх гэж андууран ойртууллаа. Нүд рүү нь эгц биш тухайн орон зайг мэдэрч харж байсан тул намайг аюулгүй гэдэгт эргэлзсэнгүй. Бас миний хоолойны өнгө нь амар тайван байсан тул намайг ойртоход ямарваа нэгэн үйлдэл хийсэнгүй. Зургийн аппаратаа эвтэйхэн асаагаад дээрээс нь зураг дарлаа. Миний амин чухал үржхүйн эрхтний өмнө амьтны хүзүүг төвөггүй зууж, зузаан арьсыг зулгаан тасчиж чаддаг амьтан байлгах тийм ч хялбар байсангүй. Гэнэт ухас хийгээд зуугаад авбал яана? гэсэн бодол толгойд эргэлдэж бага зэрэг айж эхэллээ.
Нүд гэдэг дотоод ертөнцийн илрэл тул тэрээр над руу гүн харцаар харж, намайг хэн юм болоо гэдгийг ойлгохыг хичээлээ. Араатан амьтад болон хүчийг эрхэмлэдэг хүмүүсийн харцанд нийтлэг нэг шинж байдаг бөгөөд бусад амьтан хүмүүсийн нүд рүү ширтэхдээ эгц, яг л унших гээд байгаа юм шиг байдаг юм.
Үчимбэрийг над руу эгц харах үед тухайн амьтныг байгалийн бүтээл талаас нь судлах хэрэг гарлаа. Аялж байх явцдаа тунгалаг нүдтэй хүмүүс хар нүдтэй хүмүүсээс илүү өөр байдгийг ойлгосон. Жишээ нь цэнхэр ногоон нүдтэй хүмүүсийн хүүхэн хараа нь хар өнгөтэй тул тэр нь хөдлөх, хол ойр харах үед тунгалаг хүрээн дотроо маш тод мэдрэгддэг. Ялангуяа сэрэл хөдөлсөн, эсвэл айсан үед хүүхэн харааны чичиргээ андашгүй. Харин энэ амьтны хүүхэн хараа нь томорч, жижгэрч буй нь бараг анзаарагдахгүй байсан бөгөөд ямар ч амьтан хараад аймаар.
Энэ амьтан араатны ертөнц буюу хоолны төлөө тэмцдэг зэрлэг байгальд амьдардаг тул бусдаас хүчтэй байж амьд гарна, тэр тэмдэг нь нүдийг нь хүрээлж тодруулсан хар хүрээ, голын хүүхэн харааг сондгойруулсан шар нүднээс хэлж болох юм. Хүний нүд цагаан цөцгийн дотор бор, эсвэл өөр өнгийн тойрог, тэгээд хүүхэн хараа гэх хар цэг байдаг бол энэ амьтанд цагаан цөцгийгүй, шууд шаргал хүрээ байгаа нь нүдийг том харуулж бусдын айдсыг төрүүлдэг юм болов уу гэж бодлоо.
Хоёр нүдний хавиас доош буусан хар зурвасын учрыг олох гээд чадсангүй. Бодвол бутан дунд отож хэвтэх үед харагдуулахгүй гэсэн юм болов уу? Монгол банхар өдөр шөнөгүй малаа манаж байх ёстой тул унтаж байх үед нүдэн дээрх цагаан толбо нь нээлттэй нүд шиг харагддаг юм, харин энэ амьтанд тийм зүйл байсангүй.
Хамрын нүх нь хүнийх шиг аманд орж буй хоолыг үнэртэх гэсэн биш, 200-гаад градусыг мэдрэхээр хажуу тийшээ сэртгэр байв. Гэртээ муур тэжээж байсан хүний хувьд энэ амьтны мэдрэхүйг ойролцоо гадарлаж байлаа.
Тэр болгон хүнд тааралддаггүй дэлхийд ховор амьтан тул бүр дотно “танилцаж” гар хүрч үзмээр санагдаад гараа толгойн тус газар луу зөөлөн ойртууллаа. Энэ амьтан нь циркийн, эсвэл тэжээвэр гэрийн муур биш учраас болгоомжлох хэрэгтэйг ойлгож байсан ч номынхоо нүүрэнд тавих Монгол залуугийн сонирхолтой зураг нүдэнд харагдаад шууд илж гарлаа. Чанга биш, бас зөөлөн ч биш, учир нь энэ амьтан намайг өөрийн багийн амьтны нэг гэдгийг ойлгох ёстой. Арьсыг нь илж эхлээд үзэмж, байгаа байдал хоёрын ялгааг ойлголоо. Маш үзэсгэлэнтэй амьтан, арьс нь гоёмсог гэмээр харагддаг ч яг хүрч үзэхэд үс нь нарийн ширхэгтэй ч ширүүн байв. Мууртай адил зөөлөн арьстай байх болов уу гэж бодсон нь буруу байжээ. Миний үс ч гэсэн сар гаруй усанд орохгүй бол ийм болох байх.
Ямарч араатны уурласан эсэхийг нүд, шүднээс гадна дагз нурууны хоорондох үс сэрвийж боссоноос харж болдог бөгөөд энэ удаа амьтан тайван буй нь гарын алганд мэдрэгдэж байлаа. Зөөлөн илж байх хооронд хоёр дахь үчимбэр нүдэнд харагдлаа. Нэгэнт “найз” болсон юм чинь нөгөөхийг нь бас илж үзмээр санагдаад эвтэйхэн хажуунаас нь очлоо. Араас нь очиж болохгүй дүрмийг ч дагасан юм.
Жуулчин залууст зургийн аппаратаа өгч зургаа даруулаад, тэгээд сурснаараа гараа явуулж зөөлөн иллээ. Яагаад хүмүүс энэ амьтны үсээр элдэв шуб хийгээд байдаг юм болоо? Ширүүн, тухгүй байна шт! гэсэн бодол орж ирлээ.
Монголчууд нохой тэжээхдээ чонотой төстэй саарал царайны нохойноос аль болох цээрлэдэг. Учир нь мал өнгөнд нь дасна гээд. Харин үчимбэр нь араатан тул үсний өнгө нь байгальдаа үл үзэгдэх гэж эрээн байлаа. Олон жижиг толбонууд Leopard гэх ирвэстэй адил ч арай жижиг, бас ирвэсийнх шиг хар дугуй хэлбэргүй юм байна. Маш урт сүүл нь хурдан гүйж байхдаа тэнцвэрээ хадгалахад хэрэгтэй, харин үзүүр дээрээ хар эсвэл цагаан толботой байгаа нь бодвол араас хөөх амьтныг төөрөгдүүлэх зорилготой байж болох юм.
Хоёр үчимбэртэй хэд хэдэн байрлалаас зургаа даруулж байтал нэг нь хэт их анхаарлаас залхаж, хажуугийн бутан дундуур яваад орлоо. Би хойноос нь дагаж ороод дахиж хэд хэдэн зураг даруулъя гэж бодлоо. Энэ удаа байдал өөр болсныг анзааралгүй, илж буй зураг даруулах гэж гараа явуулах үед үчимбэр огцом эргэж миний гарыг зуух гэлээ. Нохойтой байнга тоглодог байсан тул маш хурдан гараа өөр лүүгээ татлаа. Тэрээр намайг хазах гээгүй бөгөөд –Одоо боллоо! гэдгийг л хөдөлгөөнөөр илэрхийлсэн гэж би ойлголоо. Хэрвээ үнэхээр зуумаар байсан бол би нэг гарын бичээч болох нь ойлгомжтой бизээ. Араатнууд хоорондоо тоглохдоо бага зэргийн хаздаг ч гэмтээх түвшинд хүргэхгүйгээ маш сайн мэдэрдэг юм.
Ийнхүү дохиог ойлгоод би бутнаас гарч болсон явдлын талаар дахин бодлоо. Араатан бол араатан. Ялангуяа мууртай харилцаж байсан хэрнээ яагаад гараа хазуулах аюулд өөрийгөө хүргэсэн бэ? гэдгээ ч дүгнэж үзлээ. Ямар ч байсан байгалийн араатан хоёр том үчимбэртэй хамт зургаа даруулсан дэлхийн цөөхөн хүмүүсийн нэг болсондоо баяртай байлаа.
Над руу үчимбэрийн хийсэн үйлдлийг анзаарсан жуулчид ч гэсэн үзвэр дууссаныг ойлгосон тул бүгд явахаар боллоо. Харин хоёр үчимбэр халуун нарнаас зугатан бургасныхаа доор уйтгартай амьдралынхаа дараагийн нэг өдрийг өнгөрөөж үлдлээ.
Байгаль дэлхийгээ шууд устгахгүй хадгалж хойч үедээ гайхамшгийг нь мэдрэх боломжийг олгож буй улс үндэстнүүдийг үнэхээр хүндлүүштэй, харин байгаль, газар шороо, ан амьтан худалдан өөрийн өнөөдрийн амьдралаа болгодог хүмүүст сануулахад -Бурхан хариугаа авдаг шүү!

Sorry, no comments yet.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.