IMG_0117

2011 оны 08 сарын 15. 15:34 цаг.
Америкийн Нэгдсэн Улс, Чикаго хот.
Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэм хүндэт Сүхбаатарын Батболд Танд энэ өдрийн мэндийг Бат овогтой Жамбалсүрэнгийн дунд хүү Золбаяр (Амай) алс холын Америк улс, аяллын 70 дахь улсаас хүргэж байна. Энэхүү захиаг бичих болсон шалтгаан нь “Амьдрал Сайхан шүү” номыг минь хүлээн авч, өөрийн сэтгэгдлээ илэрхийлье гэсэн http://twitter.com/#!/batboldpm/status/94330329703268352 Таны илгээмж юм.

chicago hotoos copy (Small)

Өдөр тутам хийж бодож, төлөвлөж буй ажлуудаа Та  иргэддээ байнга мэдээлдэг  явдалд  бид гүнээ талархдаг бөгөөд миний бие Монгол улсын байр суурь, ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь мэдэж байгаа явдал бол ШИНЭ АРДЧИЛСАН нийгэмд бий болж буй олон дэвшлүүдийн нэг мөн  гэж бодож байна.
Улс орныг захирах, удирдах, амар тайван замаар хөгжүүлж дэвшүүлэх том бөгөөд түүхэн хариуцлагатай их ажлын дундуур, иргэнийхээ хийж буй ажилд анхаарлаа хандуулж, өөрийн бодож буй зүйлээ цаг зав гарган илэрхийлнэ гэсэн явдал миний болон гэр бүлийн нөр их ажлыг хүндэтгэсэн явдал билээ.
07 сарын 09-нд хэвлэгдсэн “Монгол Бадарчин” 9 боть номын хоёрдугаар боть болох “Амьдрал Сайхан шүү” номыг Монгол улсыг удирдах ажлуудын нэгийг эрхэлж буй чухал үүрэгтэй албан тушаалтан, ахмад үеийн хүн уншаад ямар сэтгэгдэл төрсөн талаар бичсэн захиаг тань хүлээн авах юм бол, юун дээрээ анхаарч, хийж буй зүйлийн юу нь болоод байгааг ойлгоход надад их тус болно гэж бодож байна. Нөгөөтэйгүүр энэ ном бол  Таны дараагийн үе, Монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө ам тангараг өгсөн залуу иргэн юу хийж, бүтээж, ямар бодол төлөвлөгөөтэй байгааг ойлгуулах гэсэн шинэ үеийн залуусын нэгийнх нь хөдөлмөрийн тайлан юм.
Манай гэр бүл болон бусад бүх угсаа, ургууд, ястан, овог аймгууд Таны хийж буй үйлсийн алхам бүрийг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийж, суралцаж, шүүмжлэн  хэлэлцэж байдаг билээ.
Ширээний ард, гэр бүлийн дунд, ажлын хажуугаар яригдаж буй улс төржсөн  маргаан мэтгэлцээн нь  Монголын нийгмийг маш их бухимдуулж буйг миний бие 1 жил 2 сарын хугацаанд  эх орондоо байхдаа анзаарсан юм.
Сүүлийн 20 гаруй жилд бий болоод байгаа төрийн хямралыг зохицуулж, шийдэх гэж хийж буй олон алхмууд Тань бидний хувьд маш сайшаалтай байгаа бөгөөд  ухаалаг зөөлөн замаар эв нэгдэлтэйгээр хөгжих бодлогыг илүү боловсронгуй болгоно гэдэгт бид бүрэн итгэж байна.
805 жилийн түүхтэй нүүдэлчдийн овог аймаг, угсаатан ургуудын холбооны Монгол Улсын түүхэн чухал үед хямарсан төр, нийгэм, эдийн засгийн байдлыг тогтворжуулах өндөр үүрэг хүлээсэн албан тушаалтан, эрхэм хүндэт Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Таны эх орныхоо төлөө хийсэн ажил бүр тань 9 үеэр дуурсагдах агуу байхын ерөөлийг дэвшүүлье!
Монгол Улсын төр эргэн мандан бадрах болтугай!
Шүүмж, зөвлөлгөө, дэмжлэг бүхий  Таны захиаг  хүлээсэн Бат овогтой Жамбалсүрэнгийн Золбаяр (Амай) гэр бүлийн хамт.
www.amai.mn


Sorry, comments are closed.