img_4391.jpg

2008 ОНЫ 2 САРЫН 11

МОНГОЛ БАДАРЧИН 1-Р АЯН. 30 ДАХЬ ТӨР.

БҮГД НАЙРАМДАХ АНГОЛ УЛС. ЛУАНДА ХОТ.

Даваа гаригийн өглөө буудлын өрөөний утас хангинаж байгаа сонсогдлоо

-Байна уу?

-Яагаад алга болчхов оо? Анголын ерөнхийлөгчийн эхнэр тэргүүн хатагтай чамтай уулзах боломжтой байна гэж хариу өгсөн. Чамайг олж чадаагүй болохоор уулзалтаа цуцаллаа. 14:30-аас танай гадаа хамгаалалтын цагдаа нар очино шүү! Бэлдээрэй! гэж Анголд ирээд танилцсан, энэ улсын анхны ерөнхийлөгчийнх нь зээ дүү Жинга хэлээд утсаа тавьлаа.

Би цүнхээ баглаад, их  ядарсан байсан тул түр амрахаар шийдээд хэвттэл таг унтжээ.

Гэнэт сэртэл өрөөнд Жинга хоёр сэтгүүлчийн хамт орж ирсэн байна.mongol badarchin books taivshir

-Өрөө рүү чинь залгаад утсаа авахгүй болохоор ороод ирлээ, чи нилээд ядарсан шинжтэй байх чинь, өнөөдөр амраад маргаашаас аян замдаа явах юм уу?

Төрийн хамгийн том хэвлэлд миний аяллын талаар бичих хүсэлтэй байна гээд хоёр сэтгүүлч иржээ.

Гучин жилийн иргэний дайн дуусаад удаагүй ч Дэлхийн жуулчид Ангол улсыг зорьж эхэлсэнд тэд баяртай байна гэлээ.

img_4382.jpg

Ярианы дундуур нэг нь зураг дарж анхаарал сарниулаад, яаж ярилцлага өгөхөө ч мэдэхгүй байв.

Алс холын Монголоос явганаар, замын унаанд дайгдаж хоёр жил хагас явсаар Анголд ирсэн нь хүмүүсийн сонирхлыг их татсан бололтой.

Гадаа зураг даруулж болох уу гэж тэд гуйлаа.

Би цүнхээ үүрээд өрөөнөөс гартал өөр сонины гурван сэтгүүлч бас гадаа ирсэн хүлээж байна.

img_4394.jpg

-Та дэлхийг тойрч яваа Монгол залуу юу? гэж тэд португали хэлээр асуув.

Үүдэнд телевизийн гурав дөрвөн хүн бас камертай хүлээж байна.

img_4398.jpg

Эхний сэтгүүлчдэд ярилцлагаа өгч зургаа даруулаад, дараагийн сонины болон сэтгүүлийн сурвалжлагч нар поз авч үзүүллээ.

img_4384.jpg

Хэрэгт дурласан тэр хавийн хүмүүс ч цуглаж хоорондоо миний талаар ярилцана.

Буудлын урд Жингагийн G Benz, зэвсэглэсэн хамгаалагч залуу, цаана нь автомат буу үүрсэн цагдаагийн албан хаагчтай ланд круйзер машин зогсож байна.

img_4387-custom.jpg

Намайг хамгаалахаар бүрэн зэвсэглэсэн зургаан хүн баймааргүй юм гэж бодож байтал жийпнээс цагдаагийн газрын дарга бололтой хүн гарч ирээд миний нэрийг асуув. Овог нэр, паспортын дугаар зэрэг мэдээллийг тэмдэглэж аваад, цаасан дээр гарын үсэг зурууллаа.

Яг ямар учиртай бичиг байсныг ойлгоогүй байтал Жинга:

-Энэ мөчөөс эхлэн чи Анголын дотоод явдлын яамны бүрэн хамгаалалтанд орж байгаа юм шүү! гэлээ.

Цагдаагийн газрын дарга ланд круйзертээ суун явахад, онцгой бэлтгэгдсэн цагдаа нар над дээр ирж мэндчиллээ.

-Явахын өмнө сайн хооллох хэрэгтэй гээд Жинга намайг буудлын ресторан луу дагуулж оров. Би тийшээ орж үзээгүй байсанд тэрээр гайхаж

-Чи энд хооллоогүй юм уу? гэв.

-Ангол улсад ресторанд хооллох маш үнэтэй, тиймээс аяллын явцдаа би гадуур хооллохыг хичээж байгаа.

-Чи Дотоод явдлын яамны урилгаар энэ буудалд байгаа юм чинь хүссэн үедээ хооллож болох байсан шүү дээ гэв.

img_4402-custom.jpg

Үнэхээр хоёр хоногийн өмнө энэ буудалд хүргэгдэж ирэхэд өрөөний үнэ 200$ байсан тул намайг урьсан хүмүүст нэмж чирэгдэл учруулахгүй байхыг хичээсэн юм.

Ангол африктаа төдийгүй дэлхийд амьдралын өртөгөөрөө хамгийн үнэтэй газрын тоонд ордог улс.

Бид хоёр хооллож байгаад гадаа цагдаагийнхан халуунд хүлээж байгааг гэнэт санав. Гадаа гарч телевизийнхэнд дахин хэдэн удаа цүнхтэйгээ поз үзүүлээд тэгээд аян замдаа гарлаа.

IMG_4407

ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ.

2008 ОНЫ 2 САРЫН 9. БЯМБА ГАРАГ

Би хотоос 50 км зайд орших ферм дээр байрлаж байв.

IMG_4266

Өглөө сэрээд Жинга руу ярьтал тэрээр үдийн хоолонд гэртээ урив. Хамгаалагч нь жолоочийн хамт ирж намайг аваад, Ангол улсын анхны ерөнхийлөгчийн гэр бүлд зочиллоо.

IMG_4208

Одоогийн ерөнхийлөгчийн хувийн ордны хажуугийн байр.

Жингагийн ээж нь 1970-аад оны эхээр Ангол улс тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байх үед эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө байгууллагын урилгаар улсаа төлөөлж Улаанбаатар хотод олон улсын уулзалтанд очиж байсан тухайгаа ярив. Албан ёсоор Португалаас тусгаар тогтноогүй байсан үед.

IMG_4353

Шинээр байгуулагдсан социалист Монгол улсын шив шинэ нийслэл хот бүх дэд бүтэцтэйгээ босож байгаа нь гоё харагдаж байсан гэнэ.

Жингагийн ээжийнх нь ах бол Анголын анхны ерөнхийлөгч Антонио Аугустино Нето болохыг мэдлээ. Харин аав нь Ангол улсын газрын тосны яамны сайд. Ангол улсын гол орлого нь газрын тосны экспорт тул аавынх нь байр суурь ямар байдаг нь ойлгомжтой. Төрийн өндөр албаны хүний гэр бүлийн гишүүдийг нь ч төр бүрэн хамгаалалтад авдаг гэж байна.

img_4351.jpg

Намайг ширээнд урихад хоол цайны бүх хэрэгсэл нь Анголын төрийн сүлдтэй байгааг анзаарав.

Жингагийн нөхөр нь ажлаар гадаад явсан байсан бөгөөд Дэлхийг тойрч буй Монгол залуутай зургаа даруулахыг хүүхдүүд нь хүсэж байлаа.

img_4242.JPG

Би бадарчилсаар барууны элит хооллолтыг мартсанаа ширээний ард суухдаа мэдэрлээ. Ундааг өөрөө онгойлгоод стаканд хийж болох байтал заавал хонх дарж үйлчлүүлэгч хүлээх ямар хэрэг байна аа гэж бодов.

Усыг нь уувал…

IMG_4248

-Ферм дээр манай аав болон бусад хүмүүс цугласан байгаа. Чамтай танилцуулъя гэж Жинга хэлээд, хоолоо идэж дуусгаад буцаад ферм руу хамт хөдлөв.

Луанда нийслэл хотыг анх 600 000 хүнд зориулан барьсан ч дайны дүрвэгсэдтэй нийлээд 4 сая гаруй хүн амьдрах болжээ. Энэ улс удаан хугацааны иргэний дайнтай байсны улмаас зам засвараа хийж амжаагүй байгаа тул явах төвөгтэй байна.

img_4327.jpg

Машин гудамжинд саатах болгонд урд сууж буй хүйтэн харцтай хамгаалагч залуу гарч, зам зохицуулж байна.

Бидний машин тусгай дугаартай, дохиололтой, гаднаасаа харагддаггүй G Бенз. Хүн орж, гарах болгонд хаалга цоожлогдож байгаа нь аюулгүйн дүрэм байх.

Намайг бууж, суух үед хамгаалагч залуу хаалга онгойлгож өгч байсан болохоор би өөрийгөө чухал хүн мэт итгэв.

Урагшаа өнгийж хартал сумласан АК47 харагдлаа.

img_4318.jpg

Ферм дээр очиход дарга нар бололтой хүмүүс цайллага хийж байна. Зочдын ихэнх нь англиар ярьж байсан болохоор хэл амаа төвөггүй олж, танилцлаа.

Хүмүүс миний аяллыг ихэд сонирхож, Монголоос Ангол хүртэл хоёр жил гурван сар, 30 улсыг туулсанд итгэхгүй байв.

Анголын өмнөд хилээс нийслэл Луанда хүртэл дөрвөн өдөр замын унаанд дайгдаж, ганцаараа ирснийг сонсоод нүд нь орой дээрээ гарлаа.

IMG_4252

Хүмүүст өөрийгөө танилцуулж байтал толгой дээр африкийн модны хатсан навч пад хийтэл унав. Огцом дээш харж, хэн нь над руу гарын алга шиг гавч шиддэг байна аа гэж гайхтал, бүгд:

-Модны навч толгой дээр унах нь манай нутагт их аз хийморийг бэлгэшээдэг юм, чи маш их азтай хүн байх аа гэв.

-Чи дайны дараах Анголд ганцаараа замын унаанд дайгдаж явахаас айгаагүй юу? гэж нэг нь асуухад, зочдын дундаас ахмад насны хүн

-Наадах чинь МОНГОЛ, та нар Чингис хаан гэж сонсоогүй юм уу? Монголчууд угаасаа маш зоригтой, дайчин хүмүүс байдаг юм. Түүхэнд маш том их гүрэн байгуулж, Орос, Хятадыг эзэлж байсан юм гэж бусдад мэдлэгээ гайхууллаа.

Энэ бүс нутагт ихэнх хүмүүс Монголын түүхийг мэдэхгүй байхад энэ хүн яаж биднийг мэддэг болохыг асуухад

-Би Зөвлөлтөд батлан хамгаалахын их сургууль төгссөн юм. Тиймээс танай түүхийг маш сайн мэднэ гэлээ.

img_4321.jpg

Зураг дээр миний урд талд байгаа Генерал Ндалу гэж өөрийгөө танилцуулсан хүн энэ улсын иргэний дайныг дуусгаж, талууд найрамдлын гэрээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн болохыг би сүүлд мэдэв.

Монгол гэдэг үг хүмүүсийн амны уншлага болж, би ч түүх соёлоо ярьж “хамраа сөхлөө”.

Ндалу генерал утсаа аваад нэг дугаар луу залгаж, би тэр хооронд хоол, вино хоёртой найзалж байв.

-Чиний нэр?

-Амай, Монгол гэж давтан хэллээ.

-Чи эндээс хэзээ Ардчилсан Конго руу явах бодолтой байгаа?

-Маргааш. Ням гарагт.

-Анголд дайн дуусаад 5 жил болж байна, харин Конгод иргэний дайн ид өрнөж байгаа. Чи айхгүй байна уу?

-Би Монгол! гэж хэнэггүй хариуллаа.

Тэрээр утсаар ярьж дуусаад

-За, чамайг даваа гаригт хамгаалалттайгаар Ардчилсан Конго улсын хил хүртэл хүргэхээр боллоо. Бас өнөөдрөөс Луандагийн “Форум” гэдэг засгийн газрын буудалд өрөө захиалчихлаа, тэнд хоёр хоног амраад ав. Тэгэх үү? гэв. Анголын батлан хамгаалах яам Дэлхийг тойрч буй Монгол залууг ямар ч асуудалгүй үдэж өгөхөөр шийдсэн бололтой.

Надад татгалзах зүйл юу байхав, зөвшөөрлөө.

IMG_4278

Тэр үдэш хотын далайн эргийн “Чилл Аут” клубт дахиад орох боломжтой болсондоо баяртай байв.

Уулзалт тарж, Жинга намайг Луандагийн “Форум” гэх хоёр өрөөтэй нилээд гайгүй буудалд хүргэж өглөө.

img_4331.jpg

2008 ОНЫ 2 САРЫН 11, 14:20.

Цагдаагийн машины кабинд намайг суухыг урив.

IMG_4411

Би гадаа суувал илүү зураг авах боломжтой байсан тул дөрвөн талдаа бүрэн зэвсэглэсэн тусгайгийнхны хамт хойно модон сандал дээр тухаллаа.

Бүгд гараа далаллан ард хоцорч, би гэртээ хүрэх алс холын аян замдаа гарлаа.

IMG_4417

Машин буудлаас хөдлөөд удалгүй замын түгжрэлд гацав. Бид нилээд орой замдаа гарсан тул энэ хотоос гарах гэсээр байтал харанхуй болохоор байв.

Дотоод явдлын яамны тушаалд энэ Монгол залууг ямар ч бэрхшээлгүй Конго улсад хүргэж өг гэсэн болохоор машин дохиоллоо асааж, бүхний анхааралд орсон бид бөглөрөөн дундуур дайрч явлаа.

Улаанбаатарын зам шиг түгжрээн дунд тусгайгийн машинд бүгд зам тавьж өгнө. Энэ улс олон жил иргэний дайнтай байсан болохоор иргэд нь цагдаа, цэргийнхнээс их айж, хүндэлнэ.

IMG_4425

Ачаан дээр яваа ази залуу хүмүүсийн анхаарлыг татсаар. Халааснаасаа камер гаргаж ирээд зураг авч эхлэх тэр үед нутгийн хүмүүс бүүр их гайхна.

-Энэ залуу хэн юм бол оо?

Зам бөглөрөх үед бүрэн зэвсэглэсэн цагдаа очиж зохицуулна.

Африкийн маш олон орноор аялахад цэргийн болон цагдаагийн дүрэмт хувцас үнэхээр сүртэй, сайн дизайнтай санагдлаа. Америкийн цэргийн дүрэмт хувцастай төстэй юм шиг.Хэзээнээс манай цэргийн дүрэмт хувцас Монголын үндэсний онцлогийг шингээх бол оо? Манжийн үед манж загвартай, зөвлөлтийн үед зөвлөлт загвартай, харин өнөө үед америк загварыг дуурайсан байдаг.

IMG_4432

Хотоос гарахад замын хөдөлгөөн багаслаа.

Жолоочоос дохиоллоо унтраахыг гуйхад, хэсэг хугацааны дараа сонсгол хэвийн төвшиндээ орлоо.

Хүний чихэнд дуу тохируулагч байдаг гэж сонссон уу? Маш чанга чимээтэй үед чих сонсголоо багасгаж харин маш сул байгаа үед сонсголоо ихэсгэдэг. Тиймээс хэрвээ хөгжмийг сул сонсох юм бол чих, тархи хоёр түүнийг хүлээн авах гэж хүчээ барж, ядардаг гэсэн үг.

Бид байдаг хурдаараа Африкийн орон нутгийн замаар давхиж, урд яваа машинуудыг дохиоллоороо холдуулж, зарим үед эсрэг урсгал руу ч орж байв.

Ангол улс иргэний дайны дараа газрын тосны орлогын ихэнх хувийг зам засварт оруулсан нь харагдаж байна. Дэлхийн аль ч улсад нэг дор ийм их зам засвар хийж байгааг харсангүй. Манай мянганы зам төслөөс ч илүү их зам засвар. Монголд зам засаж байсан Дундад улсын компаниуд энд бас зам засаад явж байна.

IMG_4438

Дурсамжууд урсаж эхэллээ…

Миний нутаг надаас 2 жил 5 сарын цаана байна. Аав, ээж, эмээ маань миний буцаж ирэх тэр өдрийг хүлээж суугаа даа…

Эмээ рүүгээ шинэ жилийн мэнд хүргэхээр залгахад, эмээ утсаа аваад нэг хэсэг чимээгүй байснаа

-Золоо юу, миний хүү мөн үү? Хаанаас ярьж байгаа юм бэ?

-Холын Африкаас шинэ оны мэнд хүргэхээр залгаж байна. Таны бие сайн уу? Хүү нь сайн явж байна.

-Аан, сайн сайн. гэж хэлээд хэсэг чимээгүй болсноо. Эмээ нь хүүгээ их санаж байна. Энэ жил гэртээ ирэх юм уу?

Энэ үг миний сэтгэлийг хөндөж, нүднээс нулимс гарав.

-Эмээ би дэлхийг тойрч байгаа шүү дээ, дахиад хоёр гурван жил болох байх гэж тайван хоолойгоор хариуллаа.

Манай гэрийнхэн эмээг тайвшруулах гэж энэ жилээс ирнэ гэж хэлсэн ч байж магад.

-Миний хүү! Эмээ нь тэгж удаан хүлээж тэсэх болов уу даа? Эмээгийн хоолой нь зангирч хэсэг чимээгүй болов.

-Эмээ! Та намайг хүлээнэ шүү! Сонсож байна уу? Та намайг хүлээнэ шүү!!! Би зорьсон зүйлээ гүйцээгээд та нартаа удахгүй очино. Би таны хийдэг хуушуурыг санаж байна. Очиж байгаад иднэ ээ… Миний хүүхдийг та бас харж өгнө. Эрүүл мэндээ сайн бодоод намайг хүлээгээрэй! гэхэд хоолой нь зангирч надтай ярьж чадахгүй байлаа.

IMG_4443

Ийнхүү бодолд автаж явтал Бэнго мужийн төвд хүрэв. Цагдаа нар хоорондоо ёслоод, онцгой зочныг та нарт бүрэн бүтэн хүлээлгэж өглөө гээд рапорт солилцлоо.

Намайг хүргэж ирсэн цагдаа нартай салах ёс гүйцэтгээд зургаа татуулж байтал цаанаас цагдаагийн дарга ирээд:

-Яагаад зураг дараад байна? Хэн зөвшөөрсөн юм! гэж сүртэй асуув. Цуг явсан цагдаа нар даргадаа сүүлийн үеийн мэдээллээс хоцорсон болохыг ойлгуулсны дараа тэрээр:

-Та зураг авах асуудалгүй! гэж уриалгахан хэллээ.

IMG_4442

Миний аялал Бэнго мужийн цагдаагийн өөр зургаан ажилтны хамгаалалттай үргэлжлэв. Энэ удаа цагдаа нарын зэвсэг өөрчлөгдсөн болохыг ажиглалаа. Бас тэд генерал, сайдын тушаалыг биечлэн сонсоогүй болохоор илүү тайван болсон байна. Тэдний хэн нь ч англи хэл мэдэхгүй байсан тул хамгаалж буй залуу хэн юм бол оо гэж хоорондоо нутгийн хэлээр ярилцаж байгаа нь мэдэгдлээ.

IMG_4447

Ангол улсын урд нутгийг үзсэн хүний хувьд хойд хэсэгтээ дайны хохирол арай бага амссан юм шиг санагдлаа. Хааяа нэг эвдэрч хаягдсан байлдааны техник, танкууд харагдана.

Ихэнх гүүрнүүд хэвийн ажиллагаатай.

Хажуугаар өнгөрөх суурин болгонд Анголын далбаа, төрийн эрх баригч МПЛА намын далбаа намирч байна.

IMG_4460

Дайны дараа анхны сонгуулиа хийх гэж байгаа ч MПЛА-аас өөр өрсөлдөгч байхгүй тийм сонгууль хэр үр дүнтэй байх бол оо? гэж бодогдоно. Сөрөг хүчин нь дайнд ялагдсан.

Бид явсаар нэгэн гүүрний хажууд цагдаагийн пост дээр ирэхэд тэндхийн цагдаа нар надтай ярилцах гэж хичээгээд бүтсэнгүй.

-Чи хэлийг нь мэдэхгүй, ямар ч танилгүй, тэгээд жуулчлалгүй улсад ирэхээрээ яаж учраа олдог вэ? гэж хүмүүс надаас асуудаг.

-Гадаадаар ярих гэж гар өвдөнө шүү! гэж хариулна.

Гүүрний хажууд сууж буй нутгийн залуус намайг хараад

-Чайна гэж хашгирсан нь миний дургүйцлийг хүргэлээ. Яагаад ази л бол жунгаа байдаг билээ?

Тэдэн дээр очоод хуруугаа зааж байгаад

-Чи Замбиа, чи Нигер, харин чи Кени! гэж нүд рүү нь харж чанга дуугаар хэлэв.

Надад хүмүүстээ маргах сонирхол байсангүй, зүгээр эдгээр залуусын хариу хандлага ямар байхыг харах гэсэн юм.

Тэд босоод ирлээ.

Бие биенийхээ хэлийг мэдэхгүй хүмүүс үгээр хэрэлдэх нэмэргүй тул харцаараа тулалдав.

-Би Ангол, би бас Ангол гээд л бардам цээжээ дэлдэнэ.

Залуусын нэг нь -Тэнд цагдаа нар байна шүү гэж бусдадаа анхааруулсан тул бид бие биен рүүгээ харц шидэлцээд саллаа.

Би буцаад машиндаа суугаад тэдгээр залуусын өмнүүр төрийн хамгаалалтын зургаан цагдаагийн хамт өнгөрөв.

Өдөржингөө машинд суугаад залхсан болохоор өөртөө адал явдал зохиосон минь энэ.

IMG_4463

Нэг мэдэхэд цуг явсан хамгаалалтын залуусын нэг нь нилээд халчихсан сууж байна. Дуугүй хүн гэнэт англиар надтай ярих гэж оролдож, би юу ч ойлгосонгүй. Нөгөө хэд нь -Чи чимээгүй бай л даа! гэж хэлж байгаа бололтой.

Бид явсаар муж хоорондын цагдаагийн пост дээр харанхуйд хүрэв. Намайг өөр цагдаа нарт хүлээлгэн өгөөд, үүрээр аяллаа үргэлжлүүлэхээр болов.

Би хил дээр ирлээ гэж андуурч, майхнаа байцаагчийн байрны өмнө босгоод унтлаа.

IMG_4466

Өглөө майхны хажууд хүмүүсийн ярилцах сонсогдож

-Би хаана байна? гэж өөрөөсөө дахин асуув.

Намайг яарч байгаа гэсэн болохоор, пост дээр ирсэн нэгэн жийпийг цагдаа нар зогсоогоод намайг нэг цагдаагийн хамт суулгав. Би өөрийгөө тусгай хүндтэй зочин гэдэгтээ бүрэн итгэчихсэн тул цагдааг зэвсэггүй байсанд гайхлаа.

IMG_4468

Шороон замаар явж байтал эсрэг талаас цагдаагийн машин дохиоллоо асаагаад маш хурдан хажуугаар өнгөрөв.

Манай цагдаа хашгирч зогсоох гэж оролдсон ч тэд улсын аюулгүй байдалтай холбоотой маш чухал зочныг авахаар яарч байсан болохоор биднийг огт анзаарсангүй.

Ер бусын үзэсгэлэнт байгалийг замын хажуугаар ажиглан, машины хойно зогсож явах үнэхээр сайхан байв.

Өмнөх өдөр цагдаагийн машины арын модон сандал дээр бүтэн өдрийг өнгөрөөсөн тул өгзөг гэж авахын аргагүй банздуулсан юм шиг хатуурсан байлаа.

IMG_4477

Нэгэн суурингийн хажууд дайны төхөөрөмжүүд харагдана. Газрын мин цэвэрлэдэг машинууд гэж цагдаа хэллээ.

Н’Зээл сууринд намайг авчираад даргадаа илтгэлээ.

IMG_4489

-Чи тэндээ хүлээж байхгүй яах гэж ирсэн юм? Цагдаагийн машин явуулсан шүү дээ!

-Зочин маань яараад явах гээд замын унаанд суучихлаа.

Тэд ярилцаж байгаад унаа олж дараагийн суурин хүртэл явуулахаар шийдлээ. Дарга нэг цагдаад мөнгө өгөөд түлш ав гэж захиж, харин намайг өрөөндөө урьж миний аяллын талаар сонирхов. Сониуч зан нь хөдлөв бололтой.

-Чи цэргийн хүн үү? Чиний өмнөхөн сайд залгаж чамайг асууж байна лээ.

-Үгүй, дэлхийг тойрох гэж яваа судлаач. Хүмүүн төрөлхтний тухай ном бичиж байгаа юм.

Цагдаагийн даргын харцанд нэг л үл итгэх байдал харагдаж байв. Магадгүй дайнаас үлдсэн хашир зан байх. Мэдээж шүү дээ. Ганцаараа төрийн бүрэн хамгаалалттай ирээд, тэгээд иргэний дайнтай Конго руу явах гэж байгаа Монгол гэж улсын иргэн лав зүгээр биш.

Эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байгаа миний бие дэлхийг тойрох үедээ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР гэдэг зүйлийг хайж байгаа гэж түүнд тайлбарлалаа.

Хэсэг сууж байтал цагдаа орж ирээд унаа бэлэн гэв.

Ийм муу замаар энэ жижиг оврын япон тэрэг яаж явах бол гэсэн бодол толгойд орж ирлээ. Чамлахаар чанга атга.

IMG_4486

Замд гараад давхиж гарлаа.

Замын эцэст далайн эрэг харагдахад би гайхав.

Тосгоны нэрийг газрын зураг дээр шалгатал нийслэлээс хил хүртэлх замын дөнгөж хагасыг л туулсан байлаа.

Монголд байхдаа тоёота компани шинэ загварын машины туршилтаа яагаад манай зам дээр хийдэггүй юм бол оо? гэж боддог байсан. Хаана туршилт хийдгийг энд ирээд мэдлээ. Машины эд ангиудыг нэг бүрчлэн мэдэрч болох хээрийн зам.

Томбоко сууринд хүрлээ.

Цагдаагийн дарга нь гэртээ урьж цайгаар дайлах хооронд зургаан цагдаатай машин араас ирэв. Хэрвээ би машины модон сандлаар дахиад хэд банздуулах юм бол юун дэлхийг тойрох мантай болно гэж бодоод цүнхнээсээ унтлагын уутаа гаргаж, сандал дээрээ тавиад суулаа.

Дахиад явсаар.

Байнга суусаар байгаад юм бодохоо ч болилоо.

Цагдаа нар замд таарсан зүйлүүдийн түүхийг нь ярина

-Тэр уулыг харж байна уу? Тэнд УНИТА (иргэний дайны үеийн сөрөг тал)-ын мэргэн буудагчид суучхаад энэ замаар ёстой явуулдаггүй байсан л гэнэ.

IMG_4503

Африк тивийн төв хэсгийн ширэнгэн ойн бүс рүү орж эхэллээ. Замын хажууд улаан дөрвөлжин самбар дээр газрын мин гэсэн анхааруулах тэмдгүүд хаа сайгүй харагдана.

IMG_4576

Ийм орчинд амьдрах үнэхээр хэцүү байдаг байх. Чөлөөтэй ойгоор алхаж, тоглох гэж мөрөөдөхийн ч аргагүй.

Нэг сая мин булсан Мозамбик улсад бас байдал ийм байсан.

Ангол улс хуучин Португалын колони байсан тул хэлнээс авахуулаад шашин, барилга байшин, соёлд нь Баруун өмнөд Европын нөлөө маш гүн шингжээ. Харин Луанда нийслэлээс хойд зүг явах тусам португал соёлын нөлөө нь багасаж, Африк соёл илүү байна. Хуучны христийн сүмүүд энэ улсын колоничлолын түүхийг гэрчилнэ.

IMG_4490

Мбанза Конго гэдэг мужийн төв дээр орж ирлээ.

Нэрийг нь сонсоод хилийн хот юм болов уу гэж бодов. Миний газрын зураг дайны үед хийгдсэн болохоор маш олон зүйлс өөрчлөгдсөн байна.

Намайг цагдаагийн газрын төв дээр буулгалаа.

IMG_4528

-Маргааш өглөө аяллаа үргэлжлүүлэх тул эндхийн буудалд буу гэхэд би майхнаа босгох нь илүү дээр гэв. Анголд хямд буудал гэсэн ойлголт байхгүй, дундаж үнэ нь 100$.

Цагдаагийн даргаас майхнаа бариад унтах зөвшөөрөл авсан тул 10 минутын дотор нүүдэлчний гэр бэлэн боллоо.

Хоол олж иднэ гэдэг чухал асуудалдаа оров. Цагдаагийн газрын жижүүр -Би чамтай явах уу? Би чамайг хамгаалъя! Би сайхан ресторан хаана байдгийг мэднэ, зааж өгье! гэж үл ялиг манарсан хоолойгоор хэллээ.

Би татгалзаж өөрөө хоол олж идэхээр алхав.

Тус сууринд гудамжны гэрэл байхгүй тул зөвхөн машин, бас оддын гэрлээр зүг чигээ олж, ТҮЦ–нээс жигнэмэг авч, замын төгөсгөлд нэгэн цайны газар орж хоолны цэс асуулаа.

-Хоолны цэс байхгүй, нэг будаатай хуурга 2000 кванза.

-Юу? 2000? Мөнгийг шилжүүлтэл бараг 20$ болов.

Хааяа хүмүүс солиотой байх юм. Энэ бол Токио хот биш, эндхийн хүмүүс өндөр цалинтай ч биш. Өөр хямд хоолны газар олохоор харанхуйд ганцаараа алхлаа.

Хажуугаар өнгөрсөн хүмүүс харанхуй шөнө ази царайтай жуулчин ганцаараа юу хийж явааг ойлгож ядна.

Гудамжны цайны газар олж оров. Африкийн бусад цайны газруудаас ялгаагүй, зүгээр нэгэн амбаар, хэдэн ширээтэй, гадаа хоолоо өрөөд тавьжээ.

IMG_4529

Тогооч тагийг нь сөхөөд байгаа зүйлүүдээ танилцууллаа. Аялж байхдаа би олон газар янз бүрийн хоол идэж сурсан гэж бодож байтал үгүй болж таарлаа. Хоолны газрын, сав суулга хүмүүсийн бохир завааныг хэлэхийн аргагүй. Үүний хажууд Монголын гудамжны хуушуур ресторан л гэсэн үг.

Гэхдээ сонголт байсангүй, энэ удаа хоол идэж авахгүй бол маргааш бүүр хол явах ёстой. Хоолонд 5$ төллөө.

IMG_4530

Миний хоолыг халаагаад таваглаж буй тогооч бүсгүйг ажиглав. Хүзүүгээрээ дүүрэн алтан гинж, хуруундаа алтан бөгж зүүжээ. Энэ хүүхэн гуанз ажиллуулж байгаа юм бол алт авахын оронд гуанзаа тохижуулаад илүү ашигтай ажиллахгүй яасан юм бол гэж бодлоо.

Монголд бизнес эрхэлж буй зарим хүмүүс бас үүн шиг, жаахан ашиг олохоороо бүх мөнгөө тансаг унаа, эдлэлд зарцуулж, байгууллагаа хөгжүүлэх санхүүгүй болдог. Дэлхийн хаана ч байсан ядуу улсуудын сэтгэлгээ адил гэдгийг аяллын явцдаа маш сайн ойлгож авч байна.

Миний өмнө хоол тавихад дотор муухай оргисон ч, их өлсөж байсан тул ширээн дээрх халуун ногоог ахиухан нэмж байгаад хоолыг цохилоо. Аяны үед иймэрхүү хоолыг халуун ногоогоор ариутгаж идэх нь аюулгүй.

-Идэж буй хоолоо муулбал хор болно! гэж миний ээж хэлдэг санагдана. Энэ тэмдэглэлийг бичих үед тэр хор аль хэдийнээ арилсан болой.

Буцаж цагдаагийн хэсэг дээр ирэхэд бүгд надад санаа зовсон харагдлаа. Идсэн хоолоо мартахын тулд майхандаа орж унтав.

IMG_4535

Өглөө яаравчлан майхнаа хурааж, цүнхээ баглалаа.

Цагдаагийн газрын дарга над дээр ирж гар барьж танилцаад

-Чамайг өчигдөр мэдээгээр харсан гэж танимхайрна.

Эргэн тойронд цугласан хүн бүр өөрийнхөө утасны камераар зураг дарж, нэг л өглөө бостол од болсон байсан гэдэг шиг л юм боллоо. Цагдаагийн газрын гадуурх хашлаганы цаанаас намайг харахаар олон хүн цуглажээ.

Ангол хоёрхон төв телевизтэй тул оройны мэдээгээр намайг ганцаараа Монголоос замын унаанд дайгдаж 30 дахь орон Ангол улсад ирсэн гэж дуулаад бүгд гайхсан байх.

Тэрээр -Чиний ингэж аялахын учир юу вэ? гэж надаас асууна.

Өмнө нь Кейп Таун хотод аялагч найзуудтайгаа сууж буу халж байтал нэг нь -Чи ингэж аялахын ач холбогдол юу байна? гэж асууж билээ.

Би түүнд: -Чи английн иргэн, дэлхийд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг танай засгийн газар өөрийн байр сууринаас, англи хүний үзэл бодол, соёлд тулгуурлан хүргэдэг. Хаана ч юу ч болж байсан танай сурвалжлагч, судлаачид очиж газар дээрээс нь мэдээлэл хийдэг. BBC NEWS гээд л. Тэгвэл Монгол улс одоохондоо дэлхийн өнцөг булан бүрээс мэдээллийг хүмүүстээ хүргэх боломжгүй байна. Тиймээс би өөрийн үзсэн харсан зүйлээ Монгол хүний байр сууринаас хүргэсээр байгаа юм. Бас би дэлхийг тойрсон анхны Монгол хүн болмоор байна гэж хариулж билээ.

Үнэхээр мэдээлэл хөгжиж байгаа өнөө үед бид өөрийн байр суурийг илэрхийлсэн мэдээлэл олж авч чадахаа больж, ямагт гадаадын мэдээг хяналтгүй орчуулсаар.

Олон улсын харилцааны сургуульд байхад манай Цолмон багш: -Монголын мэдээгээр “Чеченийн дайснууд” гэж Оросын мэдээг шууд орчуулж буйг шүүмжилсэн. Манай дайсан биш бол энэ үгийг хэрэглэж болохгүй гэсэн. Бусад орны хэвлэл мэдээлэлд оросын байр суурийг дагаж Чеченийн дайснууд гэж хэлэхгүй, салан тусгаарлагчид ч гэх юм уу өөр үг ашиглана гэсэн.

Хэрвээ Монголчууд илүү аялж, юм үзэж, нүд тайлж эхэлбэл өөрийн гэсэн байр суурьтай болж, Монголын хэвлэл мэдээлэл гадаадын ухуулга суртлын шууд нөлөөнөөс гарна. Монголчууддаа Монгол хүний байр сууринаас мэдээлэл хүргэх нь миний аяллын бас нэг зорилго нь юм.

IMG_4541

Тус мужийн радиогийн болон телевизийн сэтгүүлчид цагдаагийн хамгаалагчаас зөвшөөрөл авч надтай ярилцлага хийлээ. Монголыг таниулах, нэрийг нь гаргах боломж бүрийг би ашигласаар.

Ярилцлагаа эхлэх гэтэл португал, англи хэлний бэрхшээл тулгарлаа. Цагдаагийн газар англиар ярьдаг хүн байгаагүй тул орчуулагч хайхаар болов.

Нэг залуу -Би англи хэл сайн мэднэ! гэлээ. Ингээд ярилцлагаа эхэлтэл нөгөө орос эмчтэй хуучны кино шиг л юм боллоо.

Бүгдэд хэлдэг аяллынхаа зорилгуудыг тоочиж, Ангол улсын талаар мэдээллийг Монголчууддаа хүргэх хүсэлтэй байгаагаа хэлж, надад сэтгэлээсээ тусалж анхаарсан Анголчуудад баярласнаа илэрхийллээ.

Ярилцлагаа дуусаад тосгоноор явж, хэдэн зураг дарахаар шийдэв. “Од” болчихсон тул хүн бүр таньж, хүндэлнэ.

Гайгүй англи хэлээр ярьдаг залуу танилцаж,

-Аялах хэцүү юу? Намайг туслахаараа аваад явчих тэх үү? гэж гуйгаад “боломжгүй” гэсэн хариу сонссоныхоо дараа

-Би чамайг маш их хүндэлж байна, чамайг санаж байхаар ямар нэг юм надад дурсгачих гэж юм салгах хүсэлтээ хэллээ. Тэр залуугийн найраа миний сонссон анхны тохиолдол биш болохоор шулуухан татгалзав. Би өөрийнхөө ачаандаа илүү зүйл авч явдаггүйг ойлгуулав.

Мужийн захирагч надтай уулзах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч өөр ажилтай болсон тул уулзалт хойшлогдлоо. Цагдаагийн газрын даргатай ярьж байтал тэрээр Москвад цэргийн дээдийг төгссөн, Монголын олон оюутнуудтай хамт сурч байсан гэлээ. Тэрээр орос хэлээр чөлөөтэй ярьж, өөрийнхөө гадаад хэлний мэдлэгээ хамт ажиллагсдынхаа өмнө харуулах сайхан боломжийг ашиглаад авлаа.

Энэ муж Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард улстай хил залгаа тул иргэний дайнтай хойд улсын нөлөөнөөс хамгаалж онцгой бэлтгэлтэй байгаа нь мэдэгдэж байв. Хаа сайгүй зэвсэглэсэн цэрэг, цагдаа.

Замд гарах цаг болж, энэ удаад цагдаа нарыг хариуцаж буй даргатай хамт жолоочийн хажууд суулаа. Хойно бүрэн зэвсэглэсэн хоёр цагдаа дээр цэргийн хоёр хүн нэмэгдлээ.

IMG_4547

Намайг зураг дарах үед цагдаа бүр дургүйцна. -Болохгүй! гэнэ. Харин сайдын нэрийг хэлэнгүүт бүгд миний зурагт орохыг хичээнэ.Холын замд гарахдаа хоол идэж амжаагүйдээ харамсав.

Суурингаас гараад шороон замаар давхиж гарлаа.

IMG_4571

Өндөр ногоон зүлэгтэй замын хажуугаар хааяа ширэнгэн ой харагдаж, энэ бүсээс тропик байгаль эхлэв.

Бид явсаар.

Хил хүртэл нэг л машин бидний хажуугаар зөрлөө. Замын унаанд дайгдаад Конго орох бодлыг дотоод явдлын сайд болиулж нийт гурван хоногийн хугацаанд 23 цагдаагийн хамгаалалт гаргаж өгсөн нь учиртай байж гэдгийг би сая л нэг ойлголоо. Замын унаанд дайгдах маягаар явсан бол лав хэдэн сар болох байжээ. Сайд үүнийг ойлгоод надад тусалжээ.

Замын хоёр талаар хүмүүс ямар нэгэн зүйл хийж байна. -Тэсрэх мин цэвэрлэж байгаа юм гэж цагдаагийн дарга хэллээ. Иргэний дайны үед хоёр тал бие биенээ хорлох гэж мин олноор тавьснаас болж, өнөөдөр энх тайван цагт хүмүүс гэмтэж, амь насаа алдаж, айдас хүйдэстэй амьдарсаар.

Энэ бүхнийг хараад нэгэн зүйлийг бодлоо. Гэр бүлийн хоёр хэрэлдэж муудалцах үедээ бүх өө сэв, санаж байсан муу муухай зүйлээ нэг нэгнийгээ давахын тулд хэлдэг. Хэрүүл дуусч, харилцаа сайжирсан ч нөгөө хэлэх ёсгүй байсан зүйл амьдралд хар толбо болон үлддэг.

Бид явсаар хэдэн жижиг байшинтай хилийн пост дээр хүрэв.

IMG_4581

Тус газрын даргатай намайг танилцуулахад

-Замын хүн өлсөж байгаа байх, цаашаа явахаасаа өмнө хоол идээд ав гээд гуанзнаас хоол авч өглөө.

Машинаас цүнхээ аваад цаашаа алхаад явах бодолтой байсан ч цагдаа:  -Байж байгаарай! Бид чамайг хилийн нөгөө хэсэгт хүргэж, паспортон дээр чинь тамга дарж байгааг харж байж буцна. Энэ бол сайдын тушаал гэлээ.

Анголын хилийнхэн Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын хилийн посттой холбоо бариад Анголын цагдаагийн машин тусгай хүнээ тийш хүргэж өгөх хэрэгтэй байгааг хэлж нэвтрэх зөвшөөрөл авлаа.

Бүрэн зэвсэглэсэн цэрэг цагдаагаа орхиод, жолоочийн хамт гурвуулаа гүүрээр хил давав.

IMG_4588

Хоёр хилийн хооронд худалдааны лангуунууд харагдана. Долоо хоногт хоёр удаа талууд энд цуглаж худалдаа хийдэг юм гэж цагдаа тайлбарлав.

Конгогийн хил дээр ирэхэд хаалт нээгдэж, би Анголын цагдаагийн машинаар 32 дахь улс руугаа нэвтэрлээ.

Хилийн пост дээр ирээд машинаас гарахад тэр хавийн хүмүүсийн анхаарал над дээр төвлөрөв.

Анголын цагдаа намайг байцаан өнгөрүүлэх өрөө рүү дагуулан орж тус газрын даргад миний аяллын талаар тайлбарлаад тамга дартал хүлээхээ хэллээ.

Миний паспорт дээр Конго руу нэмтэрсэн тамга дарсныг хараад цагдаа буцаад Анголын тал руу буцав.

-Ангол улсад баярлалаа гэж хэлээд сайдад онцгой талархаж байгааг рапорт өгөх үедээ хэлээрэй гэж би захилаа.

Аяллаа анх эхэлж байхад ямар ч туслалцаагүй ганцаараа байсан бол Өмнөд африкт ирэх үед Монгол улсын гадаад харилцааны яам анхааралдаа авч, манай удирдлагууд дэлхийг тойрох аяллыг минь дэмжиж буйгаа илэрхийлж эхэлсэн юм. Харин одоо Ангол улсын төрийн дээд албаны хүмүүс намайг анхааралдаа авч, хамгаалж тусалснаар энд аюулгүй хүрлээ.

Миний аялал гадаад оронд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж эхэлж байгаа нь сайн хэрэг.

Энэ нутгийнхан надад үзүүлж буй тусламж нь манай ахмад үе олон жилийн өмнө Анголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг тууштай дэмжих бодлого хэрэгжүүлж байсны агтны хариу мөн гэдэгт би итгэлтэй байна.

Аян зам үргэлжилсээр…

Явсан хүнээс үг сонс 2

Horaayy..there are 24 comment(s) for me so far ;)

#1

chamaig gaihaltai hyleej avchee! dendyy sonirholtoi bn

taivnaa wrote on 2008/02/20 - 14:43
#2

yostoi sonirholtoi yum baina. amjilt husiye!

orshikh wrote on 2008/02/20 - 15:01
#3

iim goyo hvleej avsan ni nadiigl hvleegeed avchihsan yum shig dendvv ih bayartai baina. saihan setgel sain vil bvhen delgereh boltugai.

shuudshuud wrote on 2008/02/20 - 16:44
#4

uneheer sonirholtoi yum aa. Mongol zaluugaar baharhaj bn. Amjilt husey!!!

ariuka wrote on 2008/02/20 - 16:51
#5

oboo muu gar shuu amjilt husii chingisiin mongol amai

hohtolbo wrote on 2008/02/21 - 00:18
#6

bur turchihje naad haruud shige bolson bna shdee. amjilt husii. chamshig husneeree amidrah yum san hiiye gesen yumaa hiij amdirah chin hamgiin tom jargal bish gejuu?

hohtolbo wrote on 2008/02/21 - 00:24
#7

HI. Yunii umnu chamd bayr hurgeh ni zuitei bolov uu? Ug ni bid har bagiin taniluud. /Baga toirgiin/ gevch tiim surhii dotno bish bailaa. Bas hariltsaanii Japan helnii angid baihad chini ch bid mendiin zuruutei bailaa. Nii nuugui shudragaar helehed ter ued bi chamaig uneldeggui baisan yum. he he. Bi chinii niitleliig 1 sar hereetei mash nuhatstai unshlaa. Bi buruu bodoj chamaig dutuu unelj baisan gedgee mederleeldee. Bas chamd ataarahah ch shig. /gehdee mash gegeen ataarhal/. Tegeed chamd today yum bichiheer shiidlee. Er ni unshaad baihad chi mash aztai bas tevcheeretei, mun zorigtoi yum. Zarimdaa namaig almairuuldag shuu. /Eniig barag ihenh Comment-oos chi zalhtlaa unshaa bizdee? he he/ Gehdee l chamd amjilt huseh heregtei. Bas demjih heregtei gej bodoj bna. Nileen heden tanidag humuustei chinii enehuu URL–iig zaaj ugch zaaval orj demjij bas chamaar baharhahiig urialj baigaa. Naiz ni odoogoor neg jijigheen business erheldeg uhaantai. Tegeed chamd bagahan ch gesen tuslah gesen yum. Neg ih bish ch setgeliig dem juramaar chamd money ilgeeh huseltei bna. Chi minii ene huseltiig huleen avna hemeen naidaj bna. Gagtshuu herhen yamar dansand yaj shiljuuleh talaaraa. Nadad hariu ugnu biz. Mun neg sanal bna. Chi er ni uuriin CARD-nii dugaaraa Site deeree bairshuulbal yasan yum be? Chinii niitleliig unshdag hirnee Comment tudiilun bichdeggui gevch bas tuslahiig husdeg hun tsuungui bii gedegt itgeltei bna. Eniig handiv ch gedeg yumuu tegj ontsgui helbereer nerlemgui bna. Erduu l bidnii zaluuchuudiin neriin umnuus hiij bui aylaliig bid demjih heregtei gedeg uudneees l oilgono biz. BID HIIHGUI BOL HEN HIIH VE? ODOO HIIHGUI BOL HEZEE HIIH VE ? gedeg biz. Za hariu bicheerei. Zav, mungu muutai baihad chini ihiig nurshij unet tsag Net Cafe-giin tulburiig chini guilgesend Sorry. he he. uu bas yahoo messengeriin hayg heregledeg bol bicheerei. Shuud haritsaj sanal bodloo huvaaltsval.

Alex wrote on 2008/02/21 - 01:29
#8

Hey site-iig chini negd negengui uzej baigaad Banknii Card dugaariig chini harlaa. Bi shiljuuleh bolno. Neg sanal bna. Chinii Banknii CARD dugaar bolood nemelt tailbaraa BANNER helbereer bairshuulah heregtei yum bna gej bodoj bna. Tegehgui nad metiin nuhduud medehgui unguruh ni bna. za za good luck

Alex wrote on 2008/02/21 - 02:24
#9

Manaihaan SUPPORT gedeg tses ruuu orooroi tend herhen yaj Amai-g demjihiig bichsen abigaa shuu!!!!!!!

sar wrote on 2008/02/21 - 09:20
#10

saihan bainaa. chinii aylal chin yag kino shig sanagdaj baina. Amjilt hysye and mini

Khongor wrote on 2008/02/21 - 20:11
#11

Hi Amai, it’s nice to see all those pictures. Hope everything is fine with you and I really wish I could understand your language to understan your comments.
God bless you !

Ginga wrote on 2008/02/23 - 06:12
#12

hi. yunii umnu chamd amjilt husey. chinii aylal chin uneheer gaihaltai.
chinii talaar tsuu yrigaar niled ihiig sonsoj bsan l daa gehdee chinii niitleliig unshhad uneheer baharhmaar setgegdel turj bna, good luck for your everything.

ariuk wrote on 2008/02/25 - 01:34
#13

goyo bnaa! bi ch bas hzee negen tsagt yavchihaj ch boloh um. Tanii ene alham olon zaluust

zoriligiinhoo herhen temtsej bgaa ulger jishee bolj bgaa bhaa! Dansniihaa dugaariig il banner helbereer tavibal ih zugeer bnaa!

Od wrote on 2008/02/25 - 02:25
#14

neeree bolj ogvol goyo bichleg hiigeed youtube deer tavibal ch. ter matt shig aldartai boloh ch yum biluu. (haih keyword ne where the hell is matt).

demjigch wrote on 2008/02/28 - 23:45
#15

Sain baina uu?Amai .Chinii ajlaluudiig ikhed shimten yzej suuna.Chi ynekheer zovkhon Mongoliin tyykhend ch bish delkhiin tyykhend ch ankh udaagaa delkhiin bykh ulsuudaar gantsaaraa ajlan Ginnesiin nomond ch orokhoor amjiltiig yzyylj,ankhdagch ni bolj,tedgeer ulsuudiin tukhai,baigali,khymyysiinkh ni zan zanshil,niigem ,uls toriinkh ni ontslogiig,tednii tuulsan amidral,temtsel,amjilt,aldaag ni ooriin nydeer kharj,dygnen bidend taniulj ogch baigaad mash ikh bayarlaj baina.Chi ooriinkhoo ene ajlalaar bidend ikh zyil medyylj ogloo.Chamaar bakharkhaj,chinii er zorigiig bishirch baina.Mongol khyn zorisondoo khyrekhiin tuld jag temyyldeg,jmar ch zovlon berkhsheeliig sorj chaddagiig,jmar ch berkhsheel tyyniig zogsooj chaddagyig yzyyllee.Chinii ajlliin temdeglel,bodol ergetsyylliig unshij,avsan zurguudiig chini yzej suukhdaa ynekheer chamtai tsug tedgeer ulsuudaar ajlaj,berkhsheeliig sorj baigaa met setgegdel torj baina.Chinii tsaashdiin ajlald amjilt khysie.

Batbayar wrote on 2009/01/11 - 05:59
#16

Hi Amai,

Chinii site sonirholtoi yumaa. Neg asuult bna. Chi Angold baikhdaa Capoeira uzsen uu?
Be safe and explore more!

Bellus wrote on 2009/01/21 - 07:04
#17

One more question pls. When are you planning to travel around south american countries? Thank you.
Be happy and stay healthy!

Bellus wrote on 2009/01/21 - 07:09
#18

Impressive! You are the coolest mongolian guy! Keep doing good. 🙂 Bon viaje!

Bellus wrote on 2009/01/21 - 07:41
#19

iimerhvv zvils ter bolgon tohioldood baihgvi.. az vrgelj iveej baig ..

todko wrote on 2009/03/11 - 17:52
#20

The first one was written in French

Angola: Arrival with Mbanza Congo of the Mongolian citizen
February 13, 2008
To send|To print|Poster
Divide:

Mbanza Kongo – the citizen of Mongolia, Amai, which started two years ago, a course in the world with foot, arrived Wednesday at Mbanza Congo, in the province of Zaire.

Amai remains in this Angolan city bound for the Democratic Republic of Congo for an adventure which will bring it in 150 countries, until 2018.
The 28 year old young person of age already travelled 31 countries, of Europe, Asia, the Middle East and of Africa, including Angola, for inter alia objectives, he, répendre say the messages of peace and harmony in a world characterized by wars and ethnic.
Entrusting to the local press, young Mongolian said that it has only with him, a back bag, containing the necessary one for his survival.
It was also pleased with hospital cordiality that one granted to him in Angola, a country which was unknown for him.

Aimai is currently attached to a club promoter of the young musicians and models of his country of which he is a president founder.
He speaks Mongolian, English, Japanese and Russian. This adventurer entered to Angola last January through the border of Santa Clara the southern frontier province with République of Namibia, and at the dawn of Tuesday, he is crowd the ground of the antique quoted of Mbanza Kongo, coming from Luanda the Angolan capital.

NIRUN wrote on 2009/04/21 - 00:30
#21

yamar sonirholtoi yum be.amai ahiig afrikchuud huurhun huleej awchee.яг огууллэг мэт л санагдаж байна.асар их тэвчээр,агуу их соел энэ бол Монгол ард тумэн.Амай ахдаа асар их амжилтыг хусье.Сайншандаас Цоко

Tsoko wrote on 2009/12/22 - 06:09
#22

goy yumoo…Amai ah ch tasarhai yumaa…Envvn shigee gyalalzaj yawaarai !

Ganzo wrote on 2010/01/13 - 02:37
#23

Сайхан найрсаг ард түмэн байнааа

ee wrote on 2010/05/17 - 21:57
#24

yamar gooooooy yum be

prisoner 627 wrote on 2012/02/02 - 17:17
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.