FileFlag of the Democratic Republic of the Congo

Сайн байна уу? миний энэ тэмдэглэл ”Монгол Бадарчин” цувралын  2 дахь бүлэг болох “Амьдрал Сайхан шүү” номд орж байгаа тул түүнийг авч уншаад блогийн зургуудтай хослуулж, миний аяллыг илүү сайн мэдрээрэй! Баярлалаа.

123

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН КОНГО УЛС ДАХЬ ЭХНИЙ ӨДӨР

2008 оны 2 сарын 13

Монгол Бадарчин 1-р аян. 31 дэх төр.

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Луво хилийн цэг.

Конго улсын талаар сонсож байсан гол мэдээ бол олон жил үргэлжилж буй иргэний дайн, НҮБ-ын хамгийн том энхийг сахиулах үйл ажиллагаа явуулж буй газар бас дэлхийд 2-т ордог ширэнгэн ой байлаа.

Дэлхийн интернэт мэдээллийн хамгийн том гэж болох википедиа мэдээллийн сангаас энэ улсын тухай дараах зүйлсийг олж мэдлээ. 70 гаруй сая хүн амтай, газар нутгаараа Африктаа 3-т, дэлхийд манайхаас 7 байраар өмнө буюу 12-т ордог, нэн ядуу улс гэсэн байна. Хуучин нэр нь Зайр гэдэг байсныг ахмад үеийн дипломатчид маань санаж байгаа байх. Харин одоо Бүгд Найрамдах Конго улс, эсвэл колоничилж байсан түүхээр нь Бельгийн Конго гэж нэрлэдэг. Хөрш Конгогоос ялгахын тулд Киншаса нийслэлтэй Конго ч гэж болно.

Хүн төрөлхтний түүхэнд Дэлхийн 2-р дайны дараа хамгийн олон хүн Конгогийн 2-р дайн буюу 1998 онд эхэлсэн иргэний дайнд үрэгдсэн гэдгийг уншаад гайхлаа. 5.4 сая хүн!

Хэдийгээр 2003 онд талууд гал зогсоох гэрээ байгуулсан гэх боловч зэвсэгт мөргөлдөөн мэр сэр гарсаар байжээ. Намайг хил нэвтрэх үед дайн дахин дэгдэж, НҮБ-ын цэргүүд зохицуулахаар ирсэн байв. Хүү нь иргэний дайнтай улсуудаар явж байгааг аав, ээж маань мэдэхгүй нь яамай даа.

Байгалийн баялгаараа дэлхийд эхний байранд орж болохуйц ч түүнийгээ зөв ашиглаж, хуваарилж, зохицуулж чадахгүйгээсээ болж ийнхүү хамгийн ядуу улсуудын жагсаалтыг тэргүүлж, иргэний дайнд автаад байгаа билээ.

Зарим улсууд байгалийн баялаг ихтэй улсын ард иргэдийн дунд яс хаяж, иргэний дайн өдөөж, баялгийг нь зэвсгээр сольж, эсвэл хямд үнээр авдаг явдал Африкт нэлээд дэлгэрсний жишээ нь энэ улс болов уу гэж бодном.

Дэлхийн улс орон 2 хэсэгт хуваагдсан байх үед Москва төвтэй коммунист холбооны улсууд колоничлогдож, дарлагдсан улсуудыг чөлөөлж, талдаа оруулах ажлыг хүчтэй явуулж эхэлсэн. 1950-1960-аад оны үед энэ улс тусгаар тогтнолоо олж авсан ч төр улсаа захирах ур ухаан, туршлагагүйгээс өнөөг хүртэл дайн, иргэний самуунд өртсөөр байна.

Өөрийн гэсэн агуу түүх, өвөрмөц соёлтой улсын иргэн байх сайхан юмаа гэсэн бодол Африкт ирээд төрлөө. Гэхдээ түүхэнд бид бас ийм дайнд нэрвэгдэж байсныг мартаж болохгүй.

IMG_4591

2008 оны 2 сарын 13-ны өдөр Конго улсын хилийн цэгт Ангол улсын цагдаагийнхан миний паспорт дээр Конгод нэвтэрсний тамга дарсан гэдэгт итгэлтэй болоод нутгийнхаа зүг буцсан юм. Анголын цагдаагийн тусгай хамгаалалттай Конгод орж ирсэн намайг хүн бүр сонирхож байлаа.

-Чи хаанаас ирсэн юм? Яагаад цагдаагийн хамгаалттай яваа? Хаа хүрэх гэж байгаа юм? гэж асууна.

Нэгэн шинэ бэрхшээлтэй тулгарсан нь франц хэл. Энэ улсаас эхлэн франкофон-оор ярьдаг бүс эхэлж байлаа. Арай гэж португали хэлний бэрхшээлийг давж, бага зэрэг ойлголцдог болоод эхэлтэл дахиад франц хэлээр ярьдаг 4-5 улсыг туулах нь.

Гаалийн дарга дээр нь ороод тамга даруулж байх үедээ:

-Энэ улсад иргэний дайн саяхан эхэлсэн гэж сонссон. Байдал хэр байгаа вэ? гэж асуулаа. Түүний англи хэл маш муу байсан тул олигтой хариу өгсөнгүй. Өмнө нь Анголд байхад хүмүүс:

-Ангол ч яахав, талууд 5 жилийн өмнө найрамдлын гэрээ байгуулсан. Нөхцөл байдал тогтвортой байгаа. Харин Конго руу явах гээд байгаа нь ямар учиртай юм бэ? Чи иргэний дайн гэж мэдэх үү? Дайны зурвас гэж байхгүй. Хэн ч дайсан байж болдог юм гэж хэлж байсан нь санаанд оров.

Нутгийн ченжүүд дээр байсан бүх мөнгөө Конго-гийн франкаар солилоо. 540ф=$1 ханштай юм байна.

Гаалийн цэг хавиар хэсэг зогсож, яаж хэл амаа ололцох билээ гэж бодов. Хажууханд хэдэн такси байна. Хэзээ явахыг асуутал:

-Унаанд хүмүүс дүүрэхээр Киншаса нийслэл рүү хөдөлнө дөө гэв. Энд цаг хугацаа өөрөөр явдгийг мэддэг болсон. Хүн дүүртэл 3 ч хонож магадгүй. Хилийн цэг нь тийм ч хөл хөдөлгөөнтэй биш болохоор цүнхээ үүрээд 12км-ийн цаана байгаа нийслэл рүү явдаг төв зам руу алхахаар шийдэв.

Замын хаалт хүртэл алхтал хажуу талын модны доор сууж байсан 10 гаруй цэрэг -Хөөе! Нааш ир гэж маш бүдүүлгээр дуудлаа. Энгийн үед хүмүүс намайг дуудахад анзаараагүй юм шиг цааш алхдаг бол хилийнхэнд тэгж чадсангүй.

Паспортоо үзүүллээ. Тэд орсон гэсэн тамгыг шалгачхаад надтай яриа өрнүүлэхийг хичээлээ. Надад тэдэнтэй ярилцах хүсэл, зав байхгүй байсан тул ойлгоогүй царай гаргав. Нэг цэрэг:

-Мөнгө байгаа юу? Мөнгө өг гэж байгаа бололтой гараа тослоо. Би өөдөөс нь:

-Яалаа гэж чамд мөнгө өгөх ёстой юм? гэдгийг нэлээд дургүйцсэн өнгөөр англиар хэлэв. Нутгийн хүмүүс цэргийнхнээсээ их айна. Түүнд дассан цэргүүд миний хариултад цочирдлоо. Над эмээх зүйл байсангүй, буруу зүйл хийсэн биш. Яаж тэр зам хүртэл алхана даа гэдэг бодол л толгойд эргэлдэж байлаа. Цэргүүдээс холдоод явж байтал нэгэн залуу:

-Хүүе, нааш ир! гэж англиар дуудав.

-Чи өөрөө нааш ир! гэж би хариулав. Тэрээр над дээр ирээд:

-Чи хаанаас ирсэн юм бэ? Хаашаа явж байгаа вэ? гэж дагах зуураа асуулаа.

Аяллын явцад хүмүүс жуулчдыг хараад ямар нэг юм салгахаар ийм яриа өдөх нь элбэг. Түүнээс ойрхон 00 хаана байгааг асуутал хажууханд байсан амбаарыг зааж:

-Би гар утасны компанийн антены хамгаалагч хийдэг Иосиф гэж өөрийгөө муухан англи хэлээр танилцуулаад, намайг тосгоныхонтой танилцахыг урилаа.

Хэдэн хүмүүс сүүдэрт суугаад өдрийн хоолоо идэх гэж байв. Намайг хамт сууж хоолноос идэхийг урьсан ч өмнөхөн нь Анголын гаалийн дарга хоолоор дайлсан тул

-Баярлалаа гэж хэлээд монгол ёсоор болсон идээг амсав.

-Хэрвээ чи хүсвэл энд хоноод маргааш замд гарахгүй юу? Одоо унаа олох хэцүү. Олдсон ч шөнө дунд Киншасад бууна. Аюултай! гэж өөрийнхөө суудаг байрыг заагаад

-Манай хөрш хот явсан. Тэнд нэг хүний байр сул байгаа гэлээ. Би бага зэрэг бодоод, зөвшөөрч нэг хоноод өглөө замдаа гарахаар шийдэв.

Би майхнаа босгох бодолтой байсан ч аюулгүй гээд тэднийд хонох болов. Цүнхээ хажуудаа тавиад Конго хүмүүсийг судалж, таньж мэдэхээр шийдлээ. Монгол гэж хаана байдгийг мэдэхгүй тэдэнд эх орон, аяллынхаа тухай ярихад гайхав.

Тэр хавьд жунгаа гутал зараад явж байсан хүйтэн харцтай 2 залуу үүргэвчтэй гадаад жуулчныг хараад хүрээд ирлээ. Миний яриаг огт сонирхохгүй байсан нэг залуу нь:

-Хүүе! Чи гутлаа өгчих! гэлээ. Жаахан сүрдүүлсэн харцтай байсан ч би энэ хавийн хүмүүстэй хэдийнээ найз болсон байсан тул нэг их айлгүй:

-Яагаад? Чи гуталтай, бас гутал зарж байж миний гутлаар яах нь вэ? Тэглээ ч яагаад ганц байгаа гутлаа чамд өгөх ёстой юм гэж англиар ууртайхан хариулаад бослоо. Сууж байхдаа би их сул харагдсан байх. Намхан биетэй нутгийн залуусын өмнө босоод ирэхэд амаргүй эр байна гэсэн ойлголтыг тэдэнд өгөх шиг боллоо.

Цүнхээ үүрээд Иосифоос

-Өрөө чинь аль юм? Цүнхээ тавья гэлээ. Иосиф намайг эвгүй байдлаас гарах гэж байгааг мэдсэн тул байрандаа дагуулж ороод

-Энэ орон дээр унтаарай гэж заалаа. Тоосгоор барьсан жижиг байшин нь хоёр өрөөтэй. Нэг өрөөнд нь ганц ор, хувцас л байна. Цүнхээ орхиод эргэн ирэхэд нөгөө 2 залуу аль хэдийнээ явсан байсан тул цугласан хүмүүст хөгжим тоглохыг уриалав. Хэнд ч хөгжмийн зэмсэг байгаагүй тул хог дээрээс хоосон хуванцар сав, шил, элдэв чимээ гаргах зүйлүүдийг цуглуулаад хүн бүрт өгчихлөө. Тэд намайг яах гээд байгаа юм бол хэмээн гайхсаар.

Нутгийнхан англи хэл мэдэхгүй тул ойр зуурын биеийн дохиогоор ойлголцохыг хичээнэ. Би хөгжмийн гол хэмнэлийг хоосон сав цохиж эхлүүлэхэд Африкчуудын байгалийн авьяас нь шууд илэрлээ. Цаг гаруй янз бүрийн хэмнэлийн хөгжим тоглож бид цөмөөрөө хөгжилдөв.

Манай хөдөөний суманд хийх юмгүй хүмүүс дээр гадаад залуу ирээд хоосон сав суулга цуглуулан хөгжим тоглож эхэлбэл ямар харагдах вэ, тийм л үйл явдал энд өрнөж байлаа.

Тэд надад нутгийн сархад амсуулахаар болов. Нэг залуу хоосон пивоны шил барьж яваад, шингэн зүйл авчирч, аяганд хийж өглөө.

Усыг нь уувал ёсыг нь дага.

Хөөх! 70%-ийн спирт гэмээр хатуу санагдана. Үлдсэнийг нь бүгдээрээ хувааж уулаа. Сархдын дараа бидний авьяас илүү тодорч эхлэв. Өвгөн нутгийн ганжа ороож, тойруулан хүртэх үед би бас ёс дагалаа. Хөгжим тоглоод сууж байтал нэг хүүхэн ирээд:

-Чи надад мөнгө өг! Чи жуулчин байж яагаад мөнгө өгөхгүй байгаа юм? Та нар түүнд хэлээд өг л дөө. Надад мөнгө хэрэгтэй! гэх мэтчилэн гомдоллож гарав. Яагаад жуулчин, эсвэл гадаад гэхээр таарсан хүн бүрт юм өгөх ёстой юм бол гэж бодов. Манайд ч бас хаяа гадны хүн харахаараа л юм салгах гээд байдаг хүмүүс бий.

Үнэхээр жуулчин гэхээрээ л юм өгөх ёстой юм болов уу?

Би огт ойлгоогүй дүр үзүүлээд дуулж, хөгжимдөөд л байлаа. Тэрээр жаал гомдоллож байгаад уурлаад явав. Маргааш нь ч гэсэн байдал хэвээр байлаа.

Энэ маягаар би шинэ улсуудад ирэхдээ нутгийн хүмүүсийн байр байдал, хоорондын харилцаа, сэтгэлгээг ажиглаж, хөгжмийн тусламжтайгаар шинэ найз нөхдөө олдог юм. Хөгжим бол дэлхийн хамгийн агуу хэл гэж би боддог.

Иосиф намайг дагуулж яваад холгүй орших жижиг байшингийн гадаа суусан хоёр хүүхний нэгийг найз охиноо гэж танилцууллаа. Харин нөгөөх нь намайг асууж, юу хийж явааг түүнээс шалгааж гарав.

-Энэ залуу дэлхийг тойрч яваа. Үзсэн харснаараа ном бичиж байгаа юм гэлээ.

-Тэгвэл энэ залуу баян байх нь. Найз охин, эсвэл эхнэртэй юу?

-Байхгүй гэж Иосиф хариултал

-Чи надтай суух уу? Тэгээд намайг аваад явж болно шүү дээ гэж үнэн сэтгэлээсээ над руу хандаж хэллээ.

“Конго эхнэрийнхээ хамт”. Хэ хэ

Харанхуй болж, шинэ найз намайг дагуулж хилийн цэг рүү цуг явах болов. Өдөр очиж байсан газраас тэс өөр орчинд ирсэн мэт санагдав. Хаа сайгүй гэрэл хөгжим, баар, хүмүүс. Тосгоны шөний амьдралтай танилцаж байгаад Анголын гаалийн даргатай таарлаа.

-Хүүе! Чи яваагүй юм уу?

-Маргааш явна. Өнөөдөр нутгийн амьдралтай танилцаж байна.

-Манай хоёр улс хоорондоо асуудалгүй. Ингээд л эднийд ирээд ууж идэж болдог юм гэж тэрээр хэллээ.

Баарны өмнө зогсож байтал Африк омгийн бөмбөрийн чимээ холгүй сонсогдов. Иосифоос хаана дуугарч байгааг асуутал ойрхон байрлах Христийн загалмайтай сүмийг заалаа.

-Очиж үзье.

-Болохгүй. Энэ чинь сүм. Хүмүүс очиж мөргөдөг юм. Чи ямар шүтлэгтэй вэ?

-Би Тэнгэр шүтээнтэй. Гэхдээ манай эртний хууль цаазад бүх шашныг хүндэлж, хүлээн зөвшөөрөх ёс байдаг юм. Хэрвээ энэ Христийн сүм юм бол өөр шашин, шүтлэгтэй хүн орохыг хориглоно гэсэн зүйл библи сударт байдаггүй шүү дээ гэлээ.

Тэнгэризм гэдэг үгийг анх сонссон тэрээр юу асуухаа мэдэхгүй байв. Завсраараа нүхтэй том амбаараас бөмбөрийн чимээ сонсогдсоор.

Дотор ортол лаанд сүүмэлзэх харанхуй танхимын хойморт 4 африк залуу бөмбөрийг зогсолтгүй цохиж, сүрлэг чимээ нь Христийн бус омгийн хэмнэлийг санагдууллаа.

Энэ мөчид миний зүрхэн дэх өвөг дээдсийн сүнс хөөрч эхэллээ. 4 залуугийн цохилтын хэмнэл нэгэн зэрэг минутад 170 хэмийн хурдтай байсан тул ямар ч хүний онгодыг дуудахаар байв. Монголчууд бидний түүхэнд бөмбөрийн урлаг их хөгжсөн байсан шүү дээ.

Бид хоёр орж суулаа. Залуусын харц маш гүн транст (онгод) орсон нь бүдэг лааны гэрэлд харагдана. Бөмбөрийн цохилт чангарсаар. Хэрвээ хойморын ширээн дээр загалмай олж хараагүй бол энэ газрыг Африкийн бөөгийн газар гэж бодохоор. Өмнө үзэж, харж байсан Христийн сүмүүдээс тэс өөр сэтгэгдэл төрүүлэв.

Хөгжим зогсож, ламтан:

-Бүгдээрээ өвдгөн дээрээ сууж ертөнцийн эзэнд залбиръя гэж уриалж байгаа бололтой үг хэллээ. Иосиф сууж байсан сандал руугаа эргэж хараад өвдөглөсөн хэвээр залбирав. Би ч бас дагав. Энэ мөчөөс миний мэдрэмж өөрчлөгдлөө. Өмнө нь бөмбөрчнийг харж байсан бол энэ удаа чимээ нурууны ард цохилж, загалмайн өмнө тавьсан лааны гэрэлд сүүдэртэх дүрс өмнө харагдана.

Ламтан нурууны ард өвөрмөц үйлдэлтэй номоо уншиж эхлэв. Түүний хоолойд маш их итгэл, бишрэл агуулагдаж байгаа нь чичиргээнээс мэдрэгдэж байлаа. Таньж мэдэхгүй газар, таньж мэдэхгүй сүмд ороод, таньж мэдэхгүй хүмүүс рүү нуруугаа харуулаад, харанхуйд сууж байгаадаа бага зэрэг тэвдэв.

Дотроо хархираадаж, орчноо хамгаалах алхмыг хийлээ. Хэсэг хугацааны дараа бөмбөр зогсож, би хурдхан гарахын түүс болов.

-Энэ ямар сонин христийн сүм бэ?

-Тиймээ, энэ бол манай үндэсний маягийн христийн сүм гэдгийг буцах замдаа Иосиф хэллээ. Хүн бүрийн шашны тухай ойлголт өөр юм даа гэж харих замдаа бодов.

Харанхуйд алхсаар буцаад тосгондоо ирлээ. Тэрээр:

-Манай найз охиныд очиж хоол идье гэв. Надад ч татгалзах зүйл байсангүй. Эрдэнэ шишийн гурилыг бантан шиг буцалгасан “пап” гэх зүйл дээр лаазалсан ганц ширхэг жижиг шарсан загасны мах, соусны хамт өглөө.

Энэ нутагт хоолыг дундаа тавьж, бүх хүмүүс хувааж, гараараа иддэг тул гараа угаалаа. Загас миний хоол биш гэдгийг аяллын явцдаа олон удаа мэдэрч байна. Хубилай хаан Японыг дайлснаас хойш 700 гаруй жил Монголчууд уснаас айж, загасыг лусын амьтан гэж цээрлэж ирсэн. Тиймээс хэдэн арван үеэр загас идээгүй над шиг хүмүүсийг Зөвлөлтүүд загас иддэг болгох гэж нэлээд зовсон байх гэж бодлоо.

Гурвуулаа хувааж идсэн нэг хүний порцтой хоол дуусаж миний ходоод хонхолзсон хэвээр. Ядуу ч гэсэн байгаа хоолоо үл таних зочинтойгоо хувааж иддэг болохоор нутгийн хүмүүс хүнлэг чанартай юм байна гэж дүгнэв. Хоолоо идэж дуусаад тэдний өгсөн газрын самраар гэдсээ дүүргэхээр шийдэв. Цөмөөд гаднах хальсыг нь цамцан дээрээ цуглуулж эхэллээ.

-Зүгээрээ, газар хаячих. Тэртэй тэргүй цэвэрлэчих юм чинь! гэж Иосиф хэлэв.

-Хэн цэвэрлэх юм? Энд цуглуулж байгаад хол хаявал сүүлд хүнд ажил болохгүй шүү дээ.

-Зүгээрээ. Бид энэ цэвэрлэгч охинд ажлын мөнгийг нь төлж байгаа юм чинь түүний ажил байхгүй юу.

-Хэн нэгэн цэвэрлэх ёстой гээд хүн бүр хогоо хаяад байвал сүүлд хогонд дарагдана шүү дээ! Бид ухамсартай байвал цэвэрхэн амьдарч болно доо гэж бодсоноо түүнд хэлэхэд тэрээр зөвшөөрч самрынхаа хаягдлыг цуглуулав.

Харин би тэдний сэтгэлгээг ойлгохыг хичээлээ. Жижигхэн амбаартай. Бараг орлогогүй. Тэгсэн мөртлөө гэртээ цэвэрлэгч хөлсөлж авдаг нь ямар учиртай юм болоо?

Үдийн хоолоор дайлсанд талархаад шумуулаас хамгаалах тосоо бэлэглэлээ. Үдшийн турш шумуул үргээж өөрсдийгөө алгадаж буй тэднийг хараад тусалъя гэж бодсон минь энэ.

Бид хоёр буцаад байрандаа иртэл хэдэн залуу гадаа яриа дэлгэн сууж байна. Албаны хувцастай гааль, шалган нэвтрүүлэхийн цагдаа нар ажлаа тараад амарч байв. Тэдэнтэй буу халж суутал Иосиф сархад уухыг санал болгож, би $2-оор 500 гр-ыг авч дайллаа. Намайг гэртээ урьсанд талархсан гэдгээ ч давтан хэлэв. Энэ хүмүүс согтохоороо агсам тавьдаг эсэх нь сонин байв.

Согугаа дуусгаад би өрөөндөө түрүүлж орлоо. Халуун бүгчимд унтлагын уутанд унтах үнэхээр хэцүү санагдана. Шумуулын торонд ямар ч агаар орохгүй. Хэд хоног усанд ороогүй болохоор өмхий гэдэг зүйлээр өөрийгөө утна. Хувцсаа тайлалгүй шууд орон дээрээ хэвттэл хормын дараа Иосиф орж ирээд хажууд хэвтэв.

-Чи нөгөө өрөөнд унтахгүй байсан юм уу?

-Үгүй. Тэнд өөр хоёр хүн унтаж байгаа. Энэ ор хоёр хүнийх.

Хот руу явсан хөрш гэдэг нь цуг нэг оронд унтдаг хүн байсныг нь ойлголоо. Ингээд амьдралдаа анх удаа танихгүй эрэгтэй хүнтэй нэг оронд унтах болов. Аз болоход эдгээр улсууд барууны эрээн бараа, элдэв балай зүйлээр тархиа угаагаагүй тул аяны хүнтэй ороо хуваалцаад амраагаад явуулах нь ердийн л үзэгдэл гэж боддог бололтой.

Шөнө маш бүгчим халуун байв. Ийм үед хурдан өглөө болоосой гэж бодож хонох юм. 2 ор багтах төдий зайтай өрөөнд, нэг оронд 2 хүн шумуулын торонд унтах ямар байдгийг мэддэг монгол хүн лав цөөхөн байх. Африкийн халууныг хэлэх үү. Африкийн хар хүний үнэрийг ч хэлэх үү.

Өглөө нүдээ нээтэл миний шинэ найз босоод ажилдаа явсан байв. 3 өдөр, 3 шөнө солиогүй норсон хувцастай, хачин эвгүй үнэртэй хүнтэй унтах хэцүү байсан болов уу. Эх орондоо сайхан амьдарч, тохитой байсан маань өөрийн эрхгүй санагдлаа.

Өнгөрсөн шөнө Иосиф миний хажуугаар ороод хэвтэхэд үнэхээр гайхсан, айсан бодлууд эргэлдэж эхэлсэн ч өмнөхөн уулзсан найз охин, бас өөр мужид байдаг эхнэр, хүүхдээ ярьж байсан тул гайгүй байх гэж бодсон юм.

Сэрээд бага зэрэг хэвтэж, хэрхэн хол зам туулахаа бодож байтал үүдэнд хүмүүсийн дуу чимээ чангарч эхлэв. Босоод гартал үүдний саравчинд 7-8 хүн бие биетэйгээ хэрэлдэж байна. Намайг хараад хэсэг хугацаанд больсон ч гэрээс гараад явсны дараа хэрүүлийн дуу дахиад л чангарч эхэллээ. Иосиф дээр очоод

-Сэрэхэд хүмүүс гадаа хэрэлдээд байх шиг байна лээ.

-Тиймээ. Манай байрны гадаа суурингийн хурал болдог юм. Хэн нэгэн нь мөнгөө эргүүлж өгөхгүй голорсон тул суурингийн ахмадууд энэ асуудлыг хэлэлцэж байгаа юм гэв.

Африкийн ихэнх сууринд Удирдах зөвлөл хүмүүсийн хоорондын асуудлыг хэлэлцэж хамтдаа шийдвэрлэдэг гэж сонсож байсныг нүдээрээ үзэв. Ширүүхэн, дуу шуугиантай хурал болдог юм билээ.

Үүрээр бүгд босоод ойр орчноо цэвэрлэсэн нь айл бүрийн өмнөх талбайд гарсан шүүрний мөрөөс харагдаж байлаа. Бидний хуучны субботник шиг ажил өрнөжээ. Харин гэрээс бусад орчинд тэр шүүрдсэн хог нь овоолоостой.

Өчигдөр уусан барашикийг яаж хийдгийг Иосифоос асуугаад, үйлдвэрийг нь үзэхээр очлоо. Голын хажууд хэдэн торх байсан ч эзэнгүйд энд байх нь дэмий гээд бид гол дээр очлоо. Иосиф:

-Энэ голын уснаас бид буцалгаж уудаг. Билхазиа өвчин байдаг тул усанд орох аюултай.

-Чи өчигдөр намайг сууринд ирэхэд энэ голын усанд орох уу? гэж яагаад санал болгосон юм бэ? Орсон бол аюул болох байсан байна шүү дээ. Гэхэд тэрээр жуумалзахаас өөр хариу хэлсэнгүй. Аливаа гол горхи, булаг руу шууд давхиад орчихдоггүй бидний уламжлал л намайг аварсан болохыг ойлголоо.

Удалгүй нутгийн нэг хүн таарч яриа өдөж, надаас мөнгө салгах гэж оролдов. Ядуу улсын хүмүүс жуулчдад зовлонгоо ярих гэдэг. Энэ удаа ч гэсэн адил байлаа. Манайд бас гадныхан ирэхээр амьдрал ямар хэцүү байгааг нэг бүрчлэн тайлагнадаг хүмүүстэй маш төстэй. Малавид бүхэл бүтэн сургуулийг барьж өгөх өрөнд намайг оруулах шахсан хөгтэй явдал ч санагдлаа.

Толгой хагарвал малгайдаа, олгой хагарвал тогоондоо!

Бид хоёр тосгоноор хэсэг явахад нутгийнхан надтай хамт зургаа авахуулахыг хүсэв. Тэднээс Конго улсад дайн эхэлсэн талаар илүү бодит мэдээлэл олж авлаа. Сонгуулийн дүнг эсэргүүцсэн сөрөг хүчин хотын төвд бослого зохион байгуулж, ерөнхийлөгчийн эсрэг дайн эхлүүлсэн тухай сонирхолтой бас түгшүүртэй мэдээг сонсов. Ямар аз болж манайд ийм зүйл байдаггүй юм бэ. (2008 оны 2 сарын 13)

Африкийн олон оронд “ардчилсан” сонгууль явуулах гэж “хөгөө чирдэг” ажээ. Мөнгө, бэлэг өгнө, санал худалдаж авна, саналын хуудас нэмж хасна, бие биенээ гүтгэн доромжилно, тэгээд ялагдвал хүмүүсийг турхирч иргэний дайн үүсгэнэ. Бидэнд сүүлийнх л дутаад байгаа юм шиг.

Гэхдээ манайхан шиг

-Хэрвээ та манай намыг сонгох юм бол улсын сан хөмрөгөөс мөнгө авч, тарааж өгнө шүү! гэдэг сонгуулийн амлалтыг өнөөг хүртэл аль ч улсад харсангүй.

Африк тивдээ нэлээд тогтвортой эдийн засагтай, аялал жуулчлал хөгжсөн, тайван гэж бодож байсан Кени улсын 2007 оны сонгуулийн дараах зэвсэгт мөргөлдөөн бидэнд сануулга болох ёстой болов уу.

Миний бодлоос: Азаар Монголчууд соёл, хүмүүнлэгийн дэвшлийн үр дүнд бие биенээ тэгтлээ үзэн яддаггүй тул иргэний дайндаа тулдаггүй байх. Гэхдээ шударга ёс, ард түмний хүсэл, бодлыг хүндэтгэн сонгуулийг шударга хийгээсэй гэж холын Африкт байхдаа бодож байна.

Манай өмнөх бүх сонгуулиудад олон булхай илэрч байсан ч ард түмэн үүнд нэг их бухимдаагүй. Ихэнх нь чадаж байгаа юманд арга алга гэх маягаар бодож байгаа. Луйврын аргаар төрд гарч байгаа хүмүүс ард түмнээ хүндлэхгүй, хүмүүсийн сонголт руу нулимж байгаатай адил гэж бодож байна. Хариуцлага тооцож эхлээсэй! Тэгж байж сонгууль зөв зам руугаа орно шүү дээ!

Төр баахан мөнгө зараад сонгууль хийдэг, сүүлд нь булхай илрээд асуудлыг шийдэх гэж бас хэрүүл болно. Энэ үйлдэл нь хулгай, луйвар хийхтэй адил. Бидний хүсэл эрмэлзэл, ирээдүй, сонголтоор хэн нэгэн тоглох, ашиг хийх нь хэр зөв билээ? Төрдөө итгэж болдоггүй улсад амьдарна гэдэг…

Африкийн жижиг тосгонуудад иргэд нь жижиглэнгийн бизнес их эрхлэх юм. Нэг шуудай будаа эсвэл гурил аваад жижиг жижгээр савлаж зарна. Тосыг ч гэсэн нэг удаагийн уутанд мл-аар савлана.

Иосифтэй цуг байх үедээ өөрийнхөө үзсэн улс орон, мэдсэн дуулснаа түүнд ярьж, боловсрол эзэмших нь амьдралаа авч явахад маш чухал гэдгийг олон жишээн дээр тайлбарлалаа. Франкофон улсад таарсан анхны англи хэлтэй найз маань намайг дагаж, элдэв зүйл мэдэж авахыг хичээж байсанд би их баяртай байв. Түүнд энэ тосгоноос, Конго улсаас гараад явах боломж тун бага тул надтай таарсан боломжийг ашиглаж шинэ зүйл олж мэдэхийг үнэнхүү хичээж байлаа.

Конго улс Францаар ярьдаг. Хэрвээ англиар ярьдаг хүн байвал шинээр нээгдэж буй компанид англи хэлнийхээ мэдлэгээр ажилд орох боломж хавьгүй их юм. Монголд ч англи хэлтэй бол ажил олох боломж хэд дахин илүү. Хүн өөрөө юм олж мэдэх, сурахыг хичээвэл нэг л өдөр түүнийгээ ашиглаж, ирээдүйгээ авч явах боломж нээгддэг тухай өөрийн туршлагаас шинэ танилтайгаа хуваалцлаа.

Дунд сургуульд байхад Монгол улс дэлхийн мэдээллээс ихээхэн хоцрогддог байсан тул аль болох олон гадаад хүнтэй танилцаж, мэдээллийн цангаагаа тайлж байснаа саналаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Иосиф найз охин дээр нь очиж цай уухыг дахин урилаа. Биднийг очиход нүүрсэн дээр цай буцалгаж байв. Улс орон бүр өөрийн хэв загварын хоолны хэрэгсэлтэй байх юм гэж бодоод зургийг нь авлаа. Аяллын эцэст улс үндэстнүүд хоолоо хэрхэн бэлддэг тухай бичих бодолтой байгаа юм.

Холын замд гарахад, хүч нэмэхэд хэрэг болно гээд 2 халбага элсэн чихэр хийтэл хамаг хөлс гарав. Яагаад ч юм өмнөх Африкийн орнуудад хүмүүс цай ууж байгааг бараг хараагүй. Магадгүй халуун уур амьсгалтай тул хүйтэн зүйл уухыг илүү хүсдэг юм болов уу?

Цайгаа ууж дуусгаад шууд замдаа гарахаар болов.

-Ингээд л явахаар шийдчихэж байгаа юм уу? гэж тэд гайхлаа. Анх таарсан мөчөөс эхлэн Иосиф надаас дэлхийн улс орнууд, тэдгээрийн соёлын талаар сонсоод, миний аялж байгаад үнэхээр их догдолж байв. Маш гэнэн санагдсан нь юу вэ гэвэл яриан дундуур

-Чи намайг цуг аваад явчих. Тэгэх үү? Би чамд туслаад, цүнхийг чинь үүрээд яваад байж чадна шүү дээ гэв.

Тэрээр одоо үеийн хил гаалийн бэрхшээл, санхүүгийн асуудлын талаар ойлгохгүй, төсөөлөхгүй байгаа бололтой. Үнэхээр Марко Пологийн үед байсан бол түүнийг туслахаар аваад холын аянд гарахад татгалзахааргүй.

-Надад юу дурсгах гэж байна? гэж гэнэт асуулаа. Энэ нь харин таалагдсангүй. Цүнхээ үүрээд зам руу хамт явахыг хүслээ.

-Би энд ажилтай байгаа. Гэхдээ хэсэг чамтай алхъя гэв. Бид суурингаас гараад зам руу оров. Түүний мөрөөдөл бол намайг дагах. Сүүлчийн удаа аз таарч магад гэсэн шиг надтай цуг явахыг дахин гуйлаа.

Үүргэвчтэй аялал гэдэг бол хэр баргийн хүүгийн хийдэг ажил биш. Тун хэцүү, бэрхшээлтэй гэдгийг түүнд тайлбарламаар байсан ч би өөрөө анх замд гарахдаа ямаршуухан аюултай хэцүү замыг туулах тухай төсөөлөл тун бага байснаа санаад олон үг ярихгүйгээр шийдлээ.

Энэ залууг дотроо бага зэрэг өрөвдөв. Тосгоноосоо бараг гарч үзээгүй, гадаад орныг зурагтаар гардаг шиг тийм амар сайхан гэж бодож байгаа нь манайхны зарим хүмүүсийг санагдуулмаар. Гэрээсээ алс хол удаан хугацаагаар явах, өдөр бүр байрлалаа сольж аялах амаргүй билээ. Өглөө нүдээ нээгээд хамгийн түрүүнд хаана байгаагаа тодорхойлох гэж хичээдэг болсон гээд ярих зүйл зөндөө байв. Авч явахгүй нь тодорхой байсан тул удалгүй Иосиф урамгүйхэн буцахаар боллоо.

Гав ганцаараа, хоёр талаараа 2м өндөртэй зүлгээр хүрээлэгдсэн таньж мэдэхгүй газраар явахаас айж байна гэж хэлэхгүй ч эвгүй сэтгэгдэл төрж эхэллээ. Энэ хилийн цэгээр тэр болгон хүмүүс нэвтэрдэггүй тул, тээврийн хэрэгсэл ч харагдахгүй байлаа.

Иосифийг явахаас нь өмнө өөрийнхөө гар чийдэнг бэлэглээд:

-Үүнээс хойш гадны хүнтэй уулзахдаа эд юм гуйх тухай биш, шинийг олж мэдэхийг хичээгээрэй гэж захилаа.

Хэсэг хугацааны дараа түүний бараа тасарч, иргэний дайнтай улсад ямар ч хүнгүй замаар, гав ганцаараа алхаж буйгаа ойлголоо. Төсөөл дөө! хэлийг нь ч мэдэхгүй. Үзсэн харснаа ярихад

-Сайхан залж байна аа! гэж бодох хүмүүс их байдаг. Зургаа үзүүлээд тов тодорхой нотолсны дараа гайхсан алмайрсан царайг нь харах үнэхээр таатай шүү.

Маш халуун өдөр. Луанда хотоос хөдөлснөөс хойш 4 хоног усанд ороогүй, хувцсаа ч солиогүй, хөлс хирний үнэрт миний хамар шархирч байлаа. Энэ өдрийг хүртэл замд гарахдаа 1.5 л ус авч явдаг байсан бол одоо дор хаяж 3 литрийг авах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Аялах явцдаа витамины комплексыг усандаа хийж зам зуураа уудаг тул миний шар ус савны ёроолд хүрч байгаа нь мэдэгдлээ. Цааш дахиад хэр удаан явахыг мэдэхгүй. Цүнх улам бүр хүндэрсээр.

Малавид байхдаа дугуйгаар намайг тээвэрлэсэн хүнээс хар усаа харамласан тохиолдол санаанд оров.

Өөдөөс нэгэн машин ирж явна. Доторх нутгийн хүмүүс нь ганцаар алхаж буй жуулчныг хараад нүдэндээ үл итгэн өөрийн эрхгүй зогсож зураг дарав. Зам хязгааргүй хол мэт санагдавч явсаар л байлаа. Хажуугаар нь өнгөрөх хоёр суурингийн хүмүүс намайг анхаарах үед би тэдэнтэй мэндэлж, инээмсэглээд гараа даллав.

Таньж мэдэхгүй газруудад хүмүүстэй нөхөрсгөөр, чин сэтгэлээсээ мэндэлж байх нь аюулгүй байдалд нэн чухал байдаг юм.

-Сайн байна уу? гэж мэндэлсний дараа

-Ална шүү! гэж хэлдэг хүн энэ хорвоод ховор шүү дээ!

Ийнхүү 1 цаг гаруй алхлаа. Дунджаар 5км газар туулсан болов уу. Африкийн ийм эль хуль замаар өмнө нь алхаж л байсан. Харин бараг жуулчлалгүй, иргэний дайнтай улсад ганцаараа алхаж байгаа анхны тохиолдол.

Хойноос дугуйтай хүн ирэхэд, нутгийн хэлээр түүнтэй инээмсэглэн мэндэллээ. Шинэ танил маань дохиогоор:

-Миний дугуйны хойно суучих гэлээ. Түүх давтагдаж байна уу даа? Өмнө ийм тохиолдол Малави улсад болж байсан тул би туршлага суусан аялагчийн хувьд цүнхнээсээ унтлагын уутаа гаргаж арын төмөр дээр тавиад тухтай суулаа.

Залуу хэсэг явж байгаад дугуйгаа хийлж гарна. Тэд ийм газар дугуйгаараа хүн яаж тээвэрлэж чаддаг байна аа. Удалгүй түүний найз гүйцэн ирж, бид хамтрав. Тэдэнтэй явах илүү аюулгүй мэт санагдсан ч тэднийг би бас танихгүй шүү дээ. Хэлийг нь мэдэхгүй тул юу ч ярьж чадсангүй. Явах зүг л нэг байлаа. “Чоп Чоп” гэдэг мод цавчдаг сэлэм нь нүдэнд харагдана.

Хажуугийн өндөр зүлгийг хараад энэ дотор ороод төөрвөл олдохгүй байх даа гэж бодлоо. Манайд ийм өндөр өвстэй газар байдаг болов уу?

Бид цаг гаруй явсны дараа зүлгэн дундах шороон замаас гарч, ачааны том тэргүүд өнгөрч буй төв замд хүрлээ.

Ура! Засмал зам. Амьдрал.

Би Анголын Луандад байхдаа сүүлийн удаа бага зэргийн мөнгө авсан тул энд надад ялимгүй жаахан мөнгө үлдэв. Дугуйчин залуудаа баярлалаа гээд аяны луужингаа бэлэглэлээ. Хажууд цугласан хүмүүс:

-Надад юу өгөх гэж байна? гэж асууж гарна. Нөгөө л юу ч ойлгохгүй байгаа царай харуулах аргаа хэрэглэлээ.

Зам дээр гарч ирэхэд цагдаагийнхан дуудаж өрөөндөө оруулаад виз шалгав. Хэлийг нь ойлгохгүй ч асуудалгүй байлаа. Африкт төдийгүй олон оронд аливаа шалгалтынхнаас болгоомжлох хэрэгтэй гэж захимаар байна. Аяллын явцад шалгаж байгаа гээд халаасанд МАБО (мансууруулах бодис) хийгээд хахуулийн мөнгө нэхэж, татгалзвал шоронд суулгасан талаар олонтаа сонсож байсан тул өнөөг хүртэл хэзээ ч хүнээр халаасаа шалгуулж байгаагүй юм. Шаардлага гарсан үед өөрөө халаасаа үзүүлнэ. Цалин багатай шалгалтын ажилтан иргэдээс цалингаа нөхөж авах явдал хаа сайгүй байна.

Сонгололо гэх энэ суурингаас нийслэл Киншаса хүртэл 280км. Маш их ядарч, өлссөн тул таарсан анхныхаа цайны газар орлоо. Их замын өмнө сайн хооллох хэрэгтэй тул тахианы нэг жижиг гуяыг хачиргүй авав. 700франк = 2$. Африкт хоол үнэтэй тул мөнгөө төлөх болгондоо монголд энэ мөнгөөр авч болох бууз, хуушуурын тоог бодно. (Хуушуур 200 төг)

Түмпэнд хувцсаа угааж байсан тогооч гараа хувцсандаа арчаад мөнгөө тоолж аваад хоолыг минь гараараа таваглав. Ийм хоол анхных биш байсан тул чимээгүй л идлээ.

Хэрвээ та нар энэ улсуудаар аялах юм бол хоолны үнэ нь манай түргэн хоолны үнээс ямар их байгааг ойлгох болно. Монгол цайны газрын мах орц нь бас хамаагүй их. Амьдралын болон нийгмийн харилцааны тогтолцоогоо бүрдүүлж чадах л юм бол Монгол минь диваажин шүү дээ. Олон улс орныг үзсэн туршлагаасаа үүнийг би баттай хэлж чадна.

Ус аль хэдийнээ дууссан тул 700 франкаар цангаагаа тайлж, “Скол” гэдэг нутгийн пиво авлаа. 30 хэмийн халуунд гоё байна шүү! Нутгийн залуустай танилцтал тэд бас намайг пивоор дайлав. Хэсэг хугацаанд холын аяллын алжаалаа тайлж, амраад эргээд замд гарлаа.

Үргэлжлэл бий…

https://www.facebook.com/pages/%D0%90%D0%BC%D0%B0%D0%B9-%D0%90%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D0%BB-%D0%A1%D0%B0%D0%B9%D1%85%D0%B0%D0%BD-%D0%A8%D2%AF%D2%AF/212910968744783

IMG_4592

IMG_4593

IMG_4594

IMG_4595

IMG_4596

IMG_4597

IMG_4598

IMG_4599

IMG_4600

IMG_4601

IMG_4602

IMG_4603

IMG_4604

IMG_4605

IMG_4606

IMG_4608

IMG_4609

IMG_4610

IMG_4612

IMG_4616

IMG_4617

IMG_4618

IMG_4619

IMG_4621

IMG_4622

IMG_4623

IMG_4624

IMG_4626

IMG_4627

IMG_4628

IMG_4629

IMG_4630

IMG_4631

Horaayy..there are 6 comment(s) for me so far ;)

#1

sain yavj bnuu?

taivnaa wrote on 2008/02/18 - 12:56
#2

Za tegeed sonin saihan bicheed baigaarai. Shine sonin duulah geed odor bolgon blog ruu chin orj baigaa.

Khongor wrote on 2008/02/18 - 19:06
#3

ayan zamdaa sain yavj bna u.
mongol eriin yas zaaj delhiin uls orniig algashgui yavj bgaad chini amjilt husie.uuriin chini ayalaliin dans heveerei bgaa yu.delhiig toirood ireh altan shar zam tani ulziitei baig.
blueskymgl@yahoo.com d zahidal ilgeegeerei.

mongol huu wrote on 2008/02/19 - 09:05
#4

Ene bichlegiin aldaa yu gui yu? Bur tolgoi ergechihlee, Nogoo North Korea yumu? getel chini list-nd bhgvi bhiin bas herew vneheer North Korea bol nohtsol baidliin talaar bicheerei nohor mini, hehe.

ariunaa wrote on 2009/12/22 - 20:50
#5

bi bas ariunatai sanal niildee gaihaad suuj bna

ami wrote on 2010/01/21 - 14:10
#6

yun hoid solongos ve?chi asiar yavaagui bgaa biz de… tuunees gadna naadah chin hoid solongosiin tug bish bna daa

cool wrote on 2010/01/22 - 04:19
You can leave a response, or trackback from your own site.

Write Your Comment

Comment Guidelines: Basic XHTML is allowed (a href, strong, em, code). All line breaks and paragraphs will be generated automatically.

You should have a name, right? 
Your email address, I promised I won't tell it to anyone. 
If you have a web site or blog, you can type the URL right here. 
This is where you type your comments. 
Remember my information for the next time I visit.